Л.Нарантуяа Залуу гэр бүлийг дэмжсэнээр эрүүл монгол хүнтэй болно

Төр, засгийн хэмжээнд энэ асуудлыг ярьж ийнхүү ажил хэрэг болгох гэж байгаа нь сайшаалтай. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, доктор Л.НАРАНТУЯАТАЙ ярилцлаа.

-Монгол хүнийг эрүүл байлгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?
-Ямар ч хүн жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт орж байх ёстой. Ингэж байж монгол хүн эрүүл байна. Монголчууд өөрсдийгөө эрүүл гэж боддог учраас өвчин тусч хүнд байдалд орохоосоо өмнө эмнэлгээр үйлчлүүлдэггүй. Манайд эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй болохоор дарамт багатай. Өвчин нь хүндэрч сая нэг юм эмнэлэг барааддаг. Эмчээс зөвлөгөө аваагүйн гай энэ. Анхан шатны эмнэлгийн ямар ч эмч, сувилагч хэнд ч зөвлөгөө өгдөг. Хотынхон өрхийн эмнэлгээ төдийлөн тоодоггүй бол сумынхан байсхийгээд л эмнэлэгт үзүүлж, зөвлөгөө авдаг. Өнөөдөр жирэмсэн эх, тав хүртэл насны хүүхэд тарилга хийлгэхээр зориудаар өрхийн эмнэлгээр үйлчлүүлдэг. Настай хүн даралтаа үзүүлэх, ажилтай хүмүүс акт бичүүлж цалингаа бүтэн авахаар эмнэлгийн хаалга татдаг. Тиймээс судалгаагаар Монголд жилд гурван хүн тутмын нэг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг гэсэн тоо гарсан. Бусад хүн өвдсөнийхөө дараа ирж олон дахин илүү зардал гаргадаг.

-Таны хувьд Эрүүл монгол хүн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлбэл үр дүнтэй вэ?
-ДОХ-ын асуудал төдийгүй сүүлийн жилүүдэд өнгөний өвчин ихээхэн газар авсан. Энэ зун дөрвөн аймагт эрүүл мэндийн үзлэг явуулахаар болсон. Ингэж захаас нь албадан үзэхгүй бол эмнэлгээр сайн дураараа үйлчлүүлэх сэтгэлгээ үгүй болжээ.
Сайхан амьдрахын тулд залуус мэдлэг боловсролтой болж, орон гэрээ бэлдэх гээд бүхий л зүйлийг бүрдүүлэхийн төлөө явснаас гэрлэх нас хойшилж байна. Үүнээс үүдээд эмэгтэйчүүд 29 насандаа дөнгөж анхны хүүхдээ төрүүлэх болов. Энэ бүхнээс үүдэн бэлгийн хэрэгцээгээ хэрхэн зохицуулах вэ гэсэн асуудал гарч ирж байна. Төр, засгаас маш олон арга хэмжээ авч байгаа. Гэсэн ч хувь хүн хичээхгүй бол болохгүй цаг. Эрүүл монгол хүнийг бий болгох хууль эрх зүйн орчин харьцангуй сайн бүрдсэн гэж үздэг. Хувь хүн, иргэнд хандсан сургалт, сурталчилгааг сайтар хийвэл сайн юм. Нэгдүгээрт, эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Дараа нь өөртөө ашигтай, амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэх ёстой. Тиймээс эхлээд эцэг эх, залуу гэр бүлийн хоёрт хүүхдээ хэрхэн эрүүл хүн болгох хичээл заах хэрэгтэй. Энэ ч утгаараа төрийн бодлогын гол нь хүүхэд, эмэгтэйчүүд байх нь зүйн хэрэг. Тиймээс ч залуу гэр бүлийг дэмжсэнээр эрүүл монгол хүнтэй болно.

-Яагаад заавал шинэ мэндэлсэн хүүхдэд анхаарч, тэднээс энэ ажлыг эхлэх гэж. Бусад хүмүүсийг яах вэ?
-Зургаан нас хүртэл хүний уураг тархины эс хамгийн олон болтлоо өсдөг. Энэ үед үзэж харсан, сонссон, дуулсан зүйл хүнд хамгийн тод үлддэг. Ийм насны хүүхэд хэдэн цагийг эцэг эхийнхээ дэргэд өнгөрөөдөг нь тодорхой.
Хажуугаар нь цэцэрлэг, сургуулиар хүмүүждэг. Энэ үед нь эцэг эхийн оролцоог нэмэгдүүлье. Манайхан сургууль, цэцэрлэгт найдаад хүүхдээ анхаарах нь багасдаг. Ингэж тоомсоргүй орхилгүй өсөх насанд нь хүүхдийг амьдралын зөв гольдролд нь оруулбал насан туршдаа тэр дэглэмээ барьж эрүүл дадалтай болно. Том хүнд шинэ дадал суулгахад маш хэцүү. Бараг засал авдаггүй. Тиймээс шинэ мэндэлсэн хүнээс энэ ажлыг эхлэх нь зөв гэж үзэж байна. Монгол хүнийг эрүүл бие бялдар оюун санаатай болгох нь зөвхөн нэг салбарынхны, нэг жил сарын хугацаанд хийх ажил биш. Тиймээс хүүхдийг төрөнгүүт нь эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Энэ тухай хууль гаргалаа. Энэ бол ирээдүйн эрүүл монгол хүнийг хөгжүүлэх гэж хууль эрхзүйн талаас нь анхаарч байгаа хэрэг. Эцэг эхтэй холбогдож байгаа хүүхдийн анхны холбоо нь эхийн сүү байдаг. Үр төлөө хөхүүлэхээс татгалздаг ямар ч амьтан байдаггүй. Гэтэл сүүлийн үед эмэгтэйчүүд хүүхдээ хөхүүлэхээс татгалзаад НАНА-аар тэжээдэг болж. Хүүхдээ хөхүүлснээр хөхний хавдар тусдаггүй талтай.

-Эх, нялхсыг нэгдүгээрт тавиад эрчүүдээ мартах гэж үү?
-Эрэгтэйчүүдэд хандсан эрүүл мэндийн хичээл, сурталчилгааг илүү явуулах шаардлагатай. Яагаад гэвэл, эрэгтэйчүүдийн нас богиносч эмэгтэйчүүдийнх уртассан. Энэ нь хүн амын наслалтын зохистой харьцаа алдагдахад хүргэж байна. Манай улсын хувьд дундаж наслалт 65-аасаа ахиж гийдэггүй. Эрчүүдийн наслалт бүр богиносоод байна. Эрчүүд их хэнэггүй, сэтгэлийн хат сулхан улс. Эмэгтэй хүнээс илүү эмзэг. Гудамжинд буй архичдын олонхи нь эрэгтэйчүүд байдгийг анзаарсан уу. Сэтгэлийн тэнхээгээрээ тэд биднээс доогуур.
Тэмцэгчдийг хараарай. Эрэгтэйчүүд нь солигдоод байна. Харин эмэгтэйчүүд нь хэвээрээ л байна. Энэ мэт сөрөг нөлөөг Ерөнхий сайд олж харж, нийгмийн эрүүл мэндийн төлөө ийнхүү анхаарч хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх гэж буйд салбарынхаа хамт олны өмнөөс төр, засагтаа талархал илэрхийлье.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button