А.Эрдэнэбаатарын үед ШУТИС-д хууль үйлчлэхээ байж…

Шалгалтад хамрах жилүүдэд тус сургуулийн ректорын албан үүргийг А.Эрдэнэбаатар, эдийн засаг хөгжлийн проректорыг Д.Энхболд, төсвийн ерөнхий санхүүчээр Г.Билгээ нар ажиллаж байжээ. Шалгалтын нэгдсэн дүнгээс үзэхэд 108 сая 377700 төгрөгийн, 500 долларын төлбөрийн акт тавигдсан байна. Энэ нь өмнөх ректорыг ажиллаж байх үед тус сургуулийн 2001-2003 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, төлбөрөөс найм дахин их болсон ба зөрчил дутагдлуудыг төрөл хэлбэр талаас авч үзэхэд хууль журмыг үйл ойшоосон, дур зоргоор авирласан, гэмт хэрэг, ашиглалын чанартай ноцтой зөрчлүүд зонхилсон байна. Хамгийн гайхалтай нь өмч хөрөнгийг ийм замбараагүй захиран зарцуулах боломж нөхцөлийг бүрдүүлсэн, санхүүгийн сахилга, хариуцлагагүй байдлыг газар авахад хүргэсэн гол эзэд болох дээрх удирдлагуудын нэр далд үлдэж, цэвэр тунгалаг хүмүүс мэтээр олонд харагдаж байгаа явдал юм. Үүнийг нотлох зарим нэг баримтаас товч дурдъя.

Арилжааны банкуудад төсвийн бус харилцах данс нээн нэг тэрбум 161,3 сая төгрөгийг төвлөрүүлж, орлогын тайлан тэнцэлд тусгалгүй нэг тэрбум 46,8 сая төгрөгийг зарцуулснаа Сангийн яаманд тушаасан санхүүгийн тайлан тэнцэлд тусгаагүй нь Монгол Улсын Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулийн 15.1 дэх улсын төсвийн байгууллагаар дамжин төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж буй ажил, үйлчилгээний орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийг улсын орлого,зарлага, хөрөнгө өр төлбөрийн тайланд тусгана гэснийг ноцтой зөрчиж нуун дарагдуулжээ.

Нийслэлийн Засаг даргын 2001 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 488 тоот захирамжаар тус сургуулийн багш, ажилчдын амины орон сууцны хорооллын барилгыг барихад зориулсан Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр болох Баянголын аманд 81 га газрыг хоёр жилийн хугацаагаар ашиглах эрх олгожээ. Газрыг ашиглах эрхийн гэрчилгээг авахын тулд одоогийн мөрдөж байгаа хууль журмын дагуу хураамж төлөх, хорооллын зураг төслийг хийлгэж баталгаажуулах зэрэг тодорхой шаардлагуудыг биелүүлэх ёстой юм. Гэтэл удирдлагын урагшгүй үйл ажиллагаа, хууль журмыг үл хүндэтгэх үзлийн харгайгаар одоо болтол газар эзэмших гэрчилгээг аваагүй байна. Тэгсэн атал уг орон сууцны хорооллын дэд бүтцийг барьж байгуулах нэрийн дор багш, ажилчид 222 хүнээс 346.2 сая төгрөгийг сургуулийн кассанд бэлнээр хүлээн авч, өөрсдийн дураар захиран зарцуулсан байна. Дур зоргоороо зарцуулсан гэдгийн учир нь, нэгдүгээр гарын үсгийг проректор асан Д.Энхболд, хоёрдугаар гарын үсгийг санхүүч Г.Билгээ нар зурсан боловч зарцуулсан хөрөнгө, материалын санхүүгийн бүртгэл, тооцоо хангалтгүй, тайлан тэнцлийг бүрэн гаргаагүй байна. Багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх нэрээр халхавчлан ихээхэн хэмжээний хөрөнгийг төвлөрүүлэн, түүнийг захиран зарцуулах эрхийг өөрсдөдөө олгохдоо ямар ч эрх зүйн акт буюу тушаал шийдвэрийг гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалтнууд багш, ажилчдын хөрөнгөөр дампуурсан хадгаламж зээлийн хоршоодын эзэд шиг л тогложээ. Иймээс эзэнгүй мөнгөнд тавих санхүүгийн хяналт сул, гүйцэтгэсэн ажлын үр дүн ч чанар, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа тул УМХГ-аас энэ асуудлыг мэргэжлийн байгууллагаар шалгуулан зохих дүгнэлтийг гаргуулах шаардлагатай хэмээн үзжээ.

Тус сургуулийн удирдлагууд 2003 оны аравду- гаар сарын 14-ний өдөрЭрчим-Арт ХХК-иас Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт орших таван давхар барилгын хоёрдугаар давхрын 420.98 ам.метр талбай бүхий найман айлын сууцыг нэг ам.метр талбайг 305 ам.доллараар тооцон нийт 128398.9 ам.доллараар худалдан авах гэрээ хийж, 144 сая төгрөгийг төлсөн байна. Гэтэл уг барилга нь улсын комисст хүлээлгэн өгөөгүй, эзэмшигчийн өмчлөлд одоо болтол шилжээгүй байгаа ч Монгол Улсын маш олон хууль, журам, дүрмийг зөрчин тус сургуулийн удирдлагууд уг сууцыг 155 сая 234.3 мянган төгрөгөөр үнэлэн үндсэн хөрөнгийн данс бүртгэлдээ тусган авч, үйлчилгээ явуулж байна.

А.Эрдэнэбаатарын ажлаас халагдах гол үндэслэл болсон төрийн өмчийн 84 сая төгрөгийн өртөг бүхий лабораторийн барилгыг Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүй нураасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, журам, гэрээг зөрчсөн болох нь мөн шалгалтаар тогтоогджээ. Гэтэл тэрээр Би сургуулийн лабораторийн зориулалттай 900 ам.метр талбайтай дан барилгыг сайжруулж өөрчлөн долоон давхар номын сангийн иж бүрэн барилга барих ажлыг эхлүүлсэн. Барилгыг буулгах шийдвэрийг би гаргаагүй, намайг ээлжийн амралттай байхад проректор Д.Энхболд барилгыг буулгасан байсан бөгөөд би Бээжингээс ирээд энэ тухай мэдсэн. Иймд намайг ШУТИС-ийн захирлын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү хэмээн шүүхэд ханджээ. Бүр хачирхалтай нь шүүх А.Эрдэнэбаатар барилга буулгах шийдвэр гаргаагүй байна. Иймээс түүнийг ажилд нь эргүүлэн тогтоо гэж шийдвэр гаргажээ. Гэтэл хууль, журмын дагуу төрийн өмчийн барилгыг буулгах шийдвэрийг А.Эрдэнэбаатар бус, харин Төрийн өмчийн хороо гаргах ёстойг шүүгчид мэдэн будилсан байна.

А.Эрдэнэбаатарыг ШУТИС-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай БСШУ-ы сайдын тушаал 2005 оны аравдугаар сард гарсан хэдий ч тэрээр өнөөг хүртэл ректорын албан өрөөндөө суусаар, тэр бүү хэл өөрийн орон сууц, гар утас, интернэт хэрэглээний зардлаа сургуулиар төлүүлсээр байгаа төдийгүй, өнөөдөр удахгүй намайг ректорын ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр батлагдана. Та нар аятайхан байгаарай хэмээн багш, ажилчдыг зандарч яваа нь түүнийг ямар том хүн болохыг нотолно.

Дээр заасан хугацаанд ШУТИС-ийн хэмжээнд нэг тэрбум 546.8 сая төгрөгийн эд хөрөнгө, техник тоног төхөөрөмжийг хууль журмыг зөрчин ямар ч тендер зарлахгүйгээр худалдан авсан төсвийн ерөнхий санхүүч Г.Билгээ нь Эрчим-Арт ХХК-иас худалдан авсан байраа гадаадын мэргэжилтнүүдэд ашиглуулсны болон гадаадад оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцсаны төлбөрүүдийг өөртөө бэлнээр авч, хувьдаа ашиглаж байсан нь мөн илэрчээ.

Энэ бүхнээс үзвэл ШУТИС-ийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд сүүлийн хоёр жилд ноцтой зөрчлүүд үүсч, хурц асуудлууд хуримтлагдсаар байгаа бөгөөд үүний гол буруутан нь Монгол Улсын хууль, журмыг улан дороо гишгэн, дархан эрхтэй, өндөр албан тушаалтны бат өмгөөлөл, хамгаалалтад эрдэж найдаж байдаг, хуульд захирагддаггүй удирдлага болох нь эргэлзээгүй. Уг нь хуулиар зөвшөөрөгдсөн бүхнийг хийдэг, зөвшөөрөгдөөгүй бүхнийг тэвчдэг баймаарсан.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button