Болдогсон бол энэ авилгыг чононоос дутуугүй хэмлэх юмсан

Улс түмнийхээ эрх ашгийг хөсөрдүүлэх замаар хувийн эрх ашгаа хангаж байдаг төрийн түшмэл бол авилгачийн жинхэнэ дүр төрх мөн

Бодит байдал ба улстөрчдийн төөрөлдсөн төсөөлөл


УИХ-ын байнгын хороодын чуулганаар Авилгатай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгааг телевизээр харж, сонин хэвлэлээр ч уншлаа.
УИХ-ын зарим гишүүд Монголд авилга бодитой байхгүй, энэ бол бидэнд мөнгө өгөхөөсөө харамлаж, шалтаг зааж буй гадныхны суртал-ухуулгаар бий болсон шум (шуугиан тарьсан цуу яриа), тийм ч учраас авилгатай тэмцэх хэрэггүй гэсэн ухааны юм ярьж байх юм.
Яаж эргүүтэхээрээ ийм үг хэлдэг байнаа! ёстой амьдралаас тасархай, юу ч мэддэггүй хүний үг гэхээс өөр яахав. Монголд авилга гараараа шүүрдэхэд гараад загастай гол шиг болчихоод байхад. Замын болон эргүүлийн цагдаа, бүх шатны сургуулийн багш нар, эмнэлгийн ажилтнууд, үйлчилгээний зөвшөөрөл олгодог дүүргийн түшмэл, гэрлийн байцаагч, мөнгөний шилжүүлэг хийгч ня-бо, бараа олгогч нярав, татварын албаныхан гээд хаана л бол хаана авилга. Авилгаас өөр юу ч алга. Танил талаа ивээлдээ авдаг протекцио­низм, хамаатан садандаа тусалдаг непотизмыг нэмэх юм бол ёстой л хошууны булайг уудалбал далай (Ч.Лодойдамба Тунгалаг Тамир) гэдэг болно. Элдэв төрлийн лизенц, газрын зөвшөөрөл, гааль, шүүх, албан тушаалын наймаа зэрэг дээр авилгын үүр уурхай бүр ч гүнзгий бөгөөд нууцлаг. Албан тушаал томорч, хөөцөлдөх ажлын хөрөнгө мөнгө ихсэх хэрээр авилга далд байдалд ордог.
Авсан өгсөн нь мэдэгддэггүй, тэгэхээр авилга байхгүй, энэ бол хоосон яриа байж гэсэн логик-оюун дүгнэлт хийж байгаа юм уу? Яасан ядруухан силлогизм бэ! Хулгай гараад байдаг, хулгайч нь баригддаггүй, тэгэхээр хулгай байхгүй гэсэнтэй л адил сонсогдож байна.
Авилга одоо улс үндэстний гай гамшиг, эдийн засгийн сүйрэл, ард түмнийг шимэгч хорхой, монгол хүний бие дээр гарсан идээ бээр гээд ёстой хамгийн муу муухай зүйл болоод байна. Маяковскийн хэлснээр, авилга нь чононоос дутуугүй хэмлэж үзэн ядахаар зүйл болчихоод байхад төрийн түшээд нь энэ бол hallucination байжээ (хоосон, хий юм үзэж харжээ) гэж яриад сууж байдаг. Нэг бол тэд үнэхээрийн маанаг байх, эсвэл өөрсдийнхөө орлогын эх сурвалж болсон хээл хахуулиас салах хүсэлгүй байх шиг.
Бидний авилгач уламжлал

Нууц товчоо-нд өгүүлснээр (1976 оны хэвлэлийн 53-54-р тал), Тэмүүжин нэгэн томоохон хэрэг бүтээхээр ван хан Тоорил дээр очиход тэрээр Булган дахын чинь хариуд, бутарсан улсыг чинь бөөгнөрүүлж өгье гээд хэлснээ гүйцэлдүүлдэг. Yнэхээр Тэмүүжин өөрийн хэргийг бүтээхээр Тоорилд булган дах өгч, Тоорил түүний хариуд төр-улсын цэргийг хөдөлгөсен бол тэр хоёр Монголын түүхэн дэх нэлээд эрт үеийн албан тушаалын гэмт хэрэгтнүүд (эрхэм гишүүдийн зааварласнаар ингэж нэрлэх ёстой юм гэсэн) болж байгаа юм.

Тэр үеийн монголчуудын авилгач зан чанарын тухай Плано Карпини, Гильом дэ Рубрук нарын аян замын тэмдэглэлд ч олонтаа дурдагдсан байдаг. Монголчууд жирийн ардаасаа эхлээд мяндагтан зэрэгтнээ хүртэл гадны элс төлөөлөгч, худалдаачдгы өөрийн нутаг дэвсгэрээр өнгөрүүлэх, эсвэл дээд зиндааны хүнтэй уулзахад нь зуучилж, хийх ёстой зүйлээ хийснийхээ төлөө байнга хахууль авдаг байжээ. (П. Карпин, Монголчуудын түүх, Гильом де Рубрук Дорно этгээдэд зорчсон минь, Улаанбаатар 1988.,34, 62, 103, 118-р тал)

Түүхийн дараагийн нэгэн үе Монгол Улс харийн дарангуйлал дор байх 200-аад жилд авилга ид цэцэглэсэн гэдэг. Янз бүрийн цол хэргэм, албан тушаалыг ёс юм мэт авилгаар олж авдаг байж. Социализмын үед авилга ихээхэн далд хэлбэртэй болж, тэр хэрээрээ жинхэнэ мөн чанараа олсон. Энэ үед авилга нэрээ өөрчилж бэлэг хэмээх нэрлэгдэх болсон. Сэтгэл харамгүй өгс байгаа юм бол үнэ бүхий зүйл бэлэглэх ёстой, үнэ нь өндөр байх тусам нөгөө хүнээ эрхэндээ оруулдаг байж. Гэхдээ энэ мэт түүх ч яахав, ямар хариуцлага тооцож болох биш. Одоо өнөөгийн нөхцөл байдлаа л янзалж авмаар байна.

Авилга гэдгийг ойлгоход тийм хэцүү гэж үү!


Ойлголтын төвшинд биш үгийн төвшинд сэтгэдэг хүмүүсийн үндсэн шинж бол янз бүрийн шинэ үг олж түүндээ өөрсдийн зохиосон утга өгөн маргалдах дуртай байдаг. Байнгын хорооны хуралдааныг харж байхад гишүүд авилга, авилгал, хээл хахууль, албан тушаалын хэрэг гэх мэт үгнүүдээр мөн их жонглёрдох юм. Тэгсээр байгаад үндсэн ойлголтоо унагаад ав­сан. Сүүлдээ юуны тухай яриад байгаагаа ойлгохоо болих шиг болсон. Ёстой өөрөө бүү мэд, мэдсэн хүнийхээ үгэнд бүү ор гэсэн хараал хүрсэн хүмүүс!

Авилга бол харахад эдийн засгийн үзэгдэл мэт авч үнэндээ ёс суртахууны ялзрал байдаг. Авил­гач түшмэл юуны түрүүнд ёс сурта­хууны, дараа нь хуулийн гэмт хэрэгтэн юм. Авилга авсан түшмэл өөрипн хийх ёсгүй юмыг хийх юм уу, эсвэл хийх ёстой зүйлийг эс хийдэг. Тэгснээр нийт улс үндэст­ний эрх ашиг ил далд хэлбэрээр хохирно.
Авилгад өртсөн улс оронд гадны зээл тусламж төдийгүй дотоодын татвар төлөгчдийн төлсөн мөнгө элсэнд шингэж байгаа ус мэт алга болдог. Иймээс авилгыг улс орны эдийн засагт шигдсэн шимэгч хорхойтой адилтгадаг. Авилга их­сэх хэрээр нийгмийн хөгжил доройтож, багасах хэрээр нийгмийн хөг­жил түргэсдэг урвуу пропорциональ харьцаатай үзэгдлүүд. Дэлхий дахинаа ил болсон нэгэн жишээ байна. Биднийг ил, далд тэжээж байдаг өмнөд Солонгос болон Африкийн Гана хоёр 40-50 жилийн тэртээ эдийн засгийн хөгжлөөрөө нэг төвшинд байсан гэдэг. Гадны зээл тусламжийг яг адил хэмжээгээр авсан атал өмнөд Солонгос хөл дээрээ боссоноор үл барам эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд гайхагдаж байхад Гана улсын авилгач түшээд нь тусламжийн бүх мөнгийг хувьдаа завшсанаар улс орноо дэлхийн хамгийн буурай улсын жишиг болгожээ. Авилгын хор уршгийг харуулах энгийн бөгөөд тод жи­шээ энэ юм. Энэ хор уршигт үзэгдэл чухамхүү байнгын хороодын хэлэлцүүлэг дээр уг хуулийн төслийг эсэргүүцэж буй хэдэн улстөрчдөөр дэмжигдэн улс оронд маань ноёрхож, Африкийн Гана шиг нэгэн улс орон Азид гарч ирэх нь ээ.

Авилга бол төрийн бизнес


Авилга бол албан тушаалтны гэмт хэрэг. Тэд л төрөө худалдаж амьдардаг. Тийм нөхцөл байдлыг далдуур бүрдүүлсэн байдаг. Жирийн иргэдэд авилга өгөх нь угаасаа ашиггүй бөгөөд утгагүй. Тийм ч учраас авилгатай тэмцэх хууль гаргахаас төрд байгаа авилгачид хамгаас их айж байна. Өмнө нь тэд орлогоосоо салах нь гэж айдаг байсан бол одоо чангахан хууль гаргачихвал шоронд орох нь гэж айж эхэллээ.
Авилгыг өгсөн, авсан хоёр хүний үйлдэж буй гэмт хэрэг гэж их ярих юм. Тэгж хэлж, ярьж байгаа утга ойлгогдож байна л даа. Гэхдээ энэ хоёр хүнийг ёс суртахуун, хууль зүйн үүднээс ялгаатай авч үзэж бол­но. Хээл хахууль өгч байгаа хүнийг чи гэмт хэрэг хийчих хэмээн санал тавьж байгаа хүн, харин авч бай­гаа хүнийг уг саналыг хэрэгжүүлж, гэмт хэрэг үйлдэж байгаа хүн гэж үзэх ёстой юм биш үү. Албан тушаалтнууд нөгөө хүнээ өөрт нь хахууль өгөхөөс нааш ажил нь бүтэхээргүй байдалд оруулсан байдаг. Энэ утгаараа авилгач түш­мэл хахуульдагчаасаа илүү буруутай, нэгэнт илүү буруутай юм бол шийтгэл нь илүү хүнд байх ёстой. Тэгж байж л хахууль авагч, өгөгч хоёрын нэгдмэл байдлыг үгүй хийнэ. Энэ нь ч авилгын хэргийн илрүүлэлтэд сайнаар нөлөөлнө. Товчоор хэлэхэд, На түшмэлийг нь шийтгээд Долингорыг шийтгэхгүй орхисон ч яадаг юм бэ! (Ц.Дамдинсүрэн Гологдсон хүүхэн).

Авилга туйлын их халдвартай, түшмэдийг уруу татдаг үзэгдэл. Өөртэй нь адилхан төрийн нэг түш­мэл хахууль авч, амьдрал нь дээшилж, баяжсаар байгааг харж буй нөгөө түшмэлд барьцах сэтгэл төрөлгүй яахав. Авилгад ч гэсэн өөрийн шударга ёс байх ёстой шүү дээ. Гурав дахь түшмэлд ч мөн тийм эрх бий. Тэгвэл төрийн алба хашиж буй бүх хүнд тийм эрх байж таарна. Улс орон ингэж л авилгач түшээдээр дүүрдэг.
Улс төрчдөд авилга өгөх арга олон янз байдаг бололтой. Шууд мөнгөн хэлбэрээр өгөхөөс гадна байр бэлэглэх, хүүхдийнх нь гадаадын өндөр үнэтэй сургуулийн төлбөрийг гаргах, хамаатан садангийнх нь хүний эмчилгээ болон бусад элдэв арга хэмжээ, шоуны зардлыг ивээн тэтгэх, за тэгээд ямар л материаллаг хэрэгцээ байна, түүнийг бүгдийг нь даана. Нэгэнт үнэгүй хоол гэж байдаггүйгээс хойш нөгөө улстөрч энэ их хандив, бэлэг сэлтийн төлбөрийг ямар нэг байдлаар хийх л хэрэгтэй болдог.
Хахууль нь өгсөн, авсан хоёр хүнийг мөнхөд холбоно. Нэгэнт муу муухай юмаар холбогдсон хоёр хүн нэг нэгийнхээ өмнө нээнтэгт ордог. Авсандаа ч, өгсөндөө ч дахин хандах эрхийг нь нээгээд өгчихдөг. Тэр хоёр хүний хооронд ажил хэргийн шударга гэрээ хийгдсэн байсан бол гэрээнд заасан зүйлээ хийгээд л бүх юм дуусах байсан, хэрэв маргаан гарвал гэрээгээ бариад шүүхэд очно. Харин нөгөө авилгач хоёр тэгэх аргагүй болохоор байнга нэг нэгнийгээ дарамталж, нэг нь нөгөөгөөсөө юм салгаж байх эрхтэй болчихсон байдаг. Энэ нээнтэг нь тэр хоёрыг бие биедээ дургүй болгох авч яах аргагүй мөнхөд холбож өгнө.
Хуулийн төслийг хэлэлцэх үед хувийн хэвшил дэх авилгын тухай маргаан бас гараад байгаа юм шиг байна лээ. Энд өөрийн бодлыг нэмэрлэхэд, авилга гэдэг бол улсын эрх ашигт халдаж, олны хөрөнгийг үрэн таран хийж байдаг үзэгдэл учраас төр улсын албанд байгаа хүмүүс дээр илүү яригдах асуудал. Харин хувийн хэвшлийн хоёр хүн олсон мөнгөө нэг нэгэндээ өгч бай­гаа бол ёстой нөгөө мөнгөтэй хүн мөнгөөрөө луувангаа авч иднэ үү, лаагаа авч зажилна уу өөрсдийнх нь хэрэг байлгүй яахав. Гол нь өөрийн мөнгөөр улсын албан хаагчийг хахуульдаж, хахуульдсан мөнгөнөөсөө илүү мөнгө улсаас шомбодох гээгүй л бол боллоо.

Авилгын эсрэг хуулийг хэлэлцэж буй нь


Байнгын хороод дээр энэ хуулийг хэлэлцэж буй байдлыг харахад авилгатай тэмцэх энэ хуульд элдэв гох дэгээ тавьж буй гишүүд яг л амьжиргааны хэрэгслээ алдах болсноос боож үхэх гээд байгаа юм шиг харагдаж байна. Тэгээд бас бусдыгаа та нар энэ заалтаасаа болж хэрэгт орно шүү хэмээн айлгах санаатай ч юм шиг. Нөгөөдүүл нь үнэхээр цэвэр юм бол яалаа гэж айх вэ дээ. Айлгах гэж оролдож буй тэр хүн бусдыг өөр шигээ бодож байгаа нь л тэр байх.

Ер нь хамаг гол заалтыг нь унагачихсан, чөдөртэй морь шиг хууль гаргачихаад өөрсдөө ташуурдаад сууж байх нь. Бид хууль гаргасан уу? Гаргасан, даанч энэ хэдэн бүтэлгүй нөхөр хэрэгжүүлж чадахгүй юм гэх нь л дээ. Yнэхээр ийм үлбэгэр хууль гаргах гэж байгаа бол огт гаргаагүй нь дээр биз!
Авилгатай тэмцэх тэр байгууллагыг төрийн бус байгууллагууд, Хүний эрхийн үндэсний Комисс зэрэг иргэний эрхийг хамгаалдаг байгууллагуудаас Их Хуралд оруулж болдоггүй юм байх даа. Улс төрийн байгууллагуудын оролцоо байдаг юм гэхэд ядахад нэг юм уу бүлэг улстөрчид, тэрчлэн нэг нам, хүчний долгион дээр ажилладаггүй хүмүүсийг шилэн сонгох журам боловсруулах хэрэгтэй.

Их Хуралд сууж буй зарим нөхдөд хэлэлцэж буй асуудалдаа иргэ­ний байр сууринаас хандах боловсрол, ухаан, сэтгэл даанч дутагддаг. Асуудлыг ямагт нэг муу бюрократын өнцгөөс харж, түшмэлийнхээ арьсыг хамгаалах гэсэн оролдлого хийх юм. Гэхдээ тиймгүй нь ч бас байна. Олон удаа ажиглалаа, Э.Бат-үүл гишүүн л иргэдийн эрх ашигт нэлээд мэдрэмтгий (sen­sitiүe гэж ярьдаг даа) ханддаг, ардчилсан зарчмыг яс махандаа хүртэл ойлгосон хүн юм шив дээ. Гол гол асуудал, тухайлбал, төрийн тансаг хэрэглээ буюу Руссогийн хэрэгцээгүй хэрэгцээ-ний тухай энэ хүн л ярьж байсан. Дараа нь иргэний нийгмийн хөдөлгөөнүүдэд хүч хэрэглэх тухай яриа үүсэхэд эсэргүүцлээ тууштай илэрхийлж байсан санагдаж байна. Либертари зохиолууд гараагүй байх үед төрд бусдаас илүү нь оччихдог юм биш, бид бусадтайгаа адил гэж ярьж байхыг нь бас л сонсч байлаа. Улс төрийн ардчилсан уламжлал хомс, хүний эрхийн талаар яс махандаа шингэсэн ойлголтгүй улстөрч, хуульчидтай манай орны хувьд ийм хүн иргэдийн түшиг тулгуур, найдвар болж байдаг.

Жирийн иргэд авилгын талаар үнэхээр чангахан хууль гараасай гэж хүсч байна. Авилга гэдгээс хол хөндий явсан олон арван мянган шударга иргэн бүгд ийм бодолтой байгаа. Айх юмтай хүмүүс л чанга­хан хуулиас жийрхээд байна. Хүний эрх зөрчигдөж, хэлмэгдэл гарах вий гэж болгоомжлоод байгаа бол авилга өөрөө хүний эрхийг маш ихээр хүчирхийлж, үнэнч шударгаар амьдарч буй өдий төдий иргэдийг хэлмэгдүүлж байдаг зуйл шүү дээ. Тэгээд ч шударга, чанд хууль гаргасан байхад хэн ч хэлмэгдэхгүй. Улс төрийн нам-хүчин, тодорхой бүлэглэл, улстөрчдийн лоббигоор гарч ирээгүй, шударга хумүүс тэр байгууллагад ажиллах юм бол хуулин дахь болохгүй зүйл, заалтыг залруулаад явж болно. Энд хуулийн хийгээд ёс суртахууны ухамсартай хүн хоёрын жинхэнэ ялгаа харагдана даа. За, энэ ч улстөрчид болон хуульчдын хувьд тун ойлгомжгүй өгүүлбэр биз!

Эцэст нь, авилгын ыэсрэг байгууллагад алба хаах хүнд байх шинж чанарууд


Стэйтист сэтгэлгээтэй зарим хүний яриаг сонсч байхад авилга­тай тэмцэх байгууллагыг бий болгочих юм бол нөгөөх төрөөс нь дээгүүр эрх мэдэлтэй байгууллага гараад ирэх нь гэж болгоомжлоод байдаг бололтой. үнэндээ ч тэдний болгоомжлол зөв. Төртэй үзэлцэж чадахуйц эрх мэдэлтэй байгууллага байхгүй бол төрийн бизнес болох авилгыг хэрхэн үгүй хийх билээ. Өмнө нь цагдаа, шүүх, авилгын эсрэг хууль гээд төрийн институциуд бүгд л байсан. Тэгсэн хэрнээ ийм байдалд орчихоод байна шүү дээ. Тэр ч бүү хэл нөгөө байгуулла­гууд нь өөрсдөө авилгын үүр уурхай болчихоод байхад яаж хуучин институцээр авилгатай тэмцэх юм бэ! Сингапур, Хонконгд ийм байгууллагуудыг бий болгож байж л авилгыг устгасан гэдэг биз дээ.

Сүртэйхэн хэлэх юм бол авил­гатай тэмцэх энэ байгууллага, түүний удирдлагаар ямар хүн тавигдахаас улсын маань хувь заяа шалтгаалах болчихоод байна! Энэ албанд шударга, намчирхаад албан тушаалын хэргийг дарагдуулаад байхааргүй, зоригтой төрийн албан тушаалын хүчээр биш өөрийн хүчээр чаддагаа харуулсан, цэвэр, хуульчийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын амьдралын сайн, муу талыг мэддэг хүнийг тавих хэрэгтэй. Ийм хуульч ховор л байх, гэхдээ ганц хоёр хүн байгаа байлгүй дээ, эрх биш. Хуулийн төсөлд уг байгууллагын даргаар төрийн албанд 15-аас доошгүй жил алба хашсан хүн байх ёстой гэсэн заалт байгаа гэсэн. Хүнийг хамгийн их эвддэг байгууллага болох төрд (Лорд Актон) ийм удаан хугацаагаар алба хашсан ч авилгад өртөөгүй хүн олдвол тэр үнэхээр шалгарсан хүн мөн.
Монголын ард түмний заяа тавилан тэтгэж, чангахан хууль батлагдан, шударга, зоригтой хүмүүсээс бүрдсэн байгууллагатай болоод авбал улс орон авилга гэсэн энэ гамшигт үзэгдлээс салж, хүн ардын маань зоо тэнийхсэн дээ.

Ардын эрх сонин 108/386/

Философийн ухааны доктор Б.БАТЧУЛУУН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button