Хүүхэд тэвэрч инээсэн дээдэс тэднээс долоон мянган төгрөг харамлалаа

Ганцхан М.Энхсайханы ч биш, Эх орон-Ардчилал эвслээс УИХ-д сонгогдсон бүх хүний сонгуулийн уриа ийм байв. Чухам тэр үед хүүхдийн мөнгө улс төрийн хөзрийн тамга нь байж, ялалт байгуулахад нь түлхэц болжээ. Харин түүний хэлсэн хүүхэд бүрт итгэлийн 10 мянган төгрөгийг заавал өгөх ёстой. Энэ бол ард түмний сонголт. Хүүхдийн мөнгийг олгох эх үүсвэрийг олж чадахгүй бол Ерөнхий сайд, Сангийн сайд нар ажиллах хэрэггүй гэснийг нь тэмдэглэсэн сонины хуудас шарлаж амжаагүй байтал М.Энхсайхан байр сууриа 180 хэм өөрчилжээ.
Арван мянгыг олгоно гэж байсан нэр дэвшигч маань өнөөдөр гурван мянга байхад л хангалттай гээд кноп дарж суудаг Шадар сайд болжээ. Албан тушаалаа дагаад хүүхдийн мөнгөө үгүйсгэх нь ч улам ихсэв. Уг нь эсрэг баймаар. Хүүхдийн мөнгөөр хамгийн их улс төр хийсэн атлаа одоо болохоор бусдыг улстөржлөө гээд шүүмжлэх янзтай. УИХ-ын нэгдсэн чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаас харахад шүү дээ. Хүүхэд бүрт арван мянган төгрөг олгох саналын эсрэг Шадар сайд маань Ж.Батхуяг гишүүний хамт аанай л эсрэг кноп дарав. Яг л нөгөө намаасаа урваж, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж байсан үеийг санагдуулам. Ингэснээрээ тэд эхлээд намаасаа, одоо хүүхдүүдээс урвав. Бодлого ярьсангүй, улстөржлөө л гэх. Хүүхдийн мөнгөөр улстөржөөгүй нь хэн юм бэ. Лав л хүүхдийн баяраар хүүхэд тэвэрч худлаа инээчихээд маргааш нь тэднээс долоон мянган төгрөг харамлагсадын дотор арван мянгыг амлаж гарч ирсэн М.Энхсайхан, Ж.Батхуяг нарын нэр дурайв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button