Э.БАТ-YYЛ Малын хулгайтай тэмцдэг арван тавны цагдаатай болгоё

Албан ёсны судалгаагаар улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 40 гаруй хувь, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, сэжигтэн яллагдагч нь оргон зайлсан гэсэн үндэслэлээр түдгэлзүүлсэн бүх хэргийн 70 гаруй хувийг малын хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа ажээ. 1990-2004 онд бүртгэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалсан ажлын хэсгийн судалгаагаар малын хулгайн гэмт хэрэг дээрхээс гурав дахин их байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Мөн малын хулгай төвийн бүсийн байнга, бусад бүсэд улирлын чанартай байдгийг тогтоожээ.Ерөнхий сайдын хэлснээр төвийн бүсэд хулгайлагдсан малын 70 хувийг адуу, 30 шахам хувь нь үхэр байдаг гэсэн тооцоо гарчээ. Энэ нь уг бүс нутгийнхан бод малыг тэр бүр хариулдаггүй, дурангаар харж заншсантай холбоотой юм байна.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 878 хүн мал хулгайлсан хэргээр хорих ял эдэлж байгаа ажээ. Ерөнхий сайд мэдээллийнхээ төгсгөлд малын хулгайн гэмт хэрэгтэй дорвитой тэмцэхийн тулд цаашид бодлого, зохицуулалтын төвшинд хийх ажил цөөнгүй байна гэж дүгнэсэн. Тухайлбал, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна гэж хэлэв. Мөн Мал, мах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийг түргэн байгуулах нь махны үнийн хөөрөгдлийг бууруулахаас гадна малын хулгайн гэмт хэргийг багасга нөхцөл болно гэж хэллээ. Малын хулгайн гэмт хэрэг их гардаг Хэнтий, Төв аймаг болон Багануур дүүрэгт энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, аймаг, дүүрэг дундын цагдаагийн шуурхай тасаг байгуулах, бод малыг индексжүүлсэн тамганы сүлжээнд хамруулж 2006-2008 онд 4.2 сая орчим малыг тамгалах, хувийн дугаар бүхий ээмэгтэй болгохоор төлөвлөж буй юм байна. Малыг тамгалах, хувийн дугаар бүхий ээмэгтэй болгоход гурван тэмбум 123 сая төгрөг зарцуулах учир жил жилийн улсын төсөвт уг мөнгийг тусгах шаардлагатай байгааг ч нэмж хэлж байв. Үүний дараа цөөнхийг төлөөлж Ч.Содномцэрэн гишүүн малын хулгайтай тэмцэхэд юуг анхаарах талаар дэлгэрэнгүй ярьсан юм. Харин дараа нь гишүүд Ерөнхий сайдаас сонирхсон асуултдаа хариу авав.

Л.Гантөмөр
-Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар УИХ ямар шийдвэр гаргаасай гэж та бодож байна?

М.Энхболд
-Би мэдээлэлдээ цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар зургаан зүйлийг дүгнэлт болгож хэлсэн. Гол нь хууль эрх зүйн орчинг сайжруулах, хулгайчтай хариуцлага тооцох механизмд өөрчлөлт оруулах шаардлага бий гэж үзэж байгаа.

З.Энхболд
-Малын хулгайтай тэмцэх арга хэмжээнд багтсан им тамгын ажилд их мөнгө зарцуулахаар тооцоо гаргажээ. Үүнийг үнэхээр чухал ажил гэж бодож байна уу?

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва
-Им, тамга үнэхээр хэрэгтэй. Энэ нь хоёр ач холбогдолтой. Нэгдүгээрт, малын хулгайтай тэмцэх, хоёрдугаарт, малын угшил, угсааг сайжруулах. Им, тамгатай болбол аль аймгийн хэн гэдэг малчны мал вэ гэдэг нь тодорхой болно. Иймээс малын хулгайтай тэмцэхэд чухал нөлөөтэй гэж бодож байна.

Э.Бат-Үүл
-Хөрөнгө мөнгөний гачаал гээд л яриад байдаг. Гэтэл төсвийн тодотгол дээр дэндүү хариуцлагагүй зүйл хийсэн байна. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн шоу, тэмцээнд 6.3 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Гэтэл гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг шинэ төвшинд гаргахад 5.3 тэрбум төгрөг л хэрэгтэй байгаа шүү дээ. Ер нь нүүдлийн мал аж ахуйтай, малаа эзэнгүй бэлчээдэг уламжлалаа алдаагүй үед малын хулгай мөнхөд байх зүйл. Дээр үед малгүй хулгайд алдахаас сэргийлсэн арван тавны цагдаа гэж байдаг байсан. Малчид дундаас Арван тавны цагдаа бий болгох тухай судалж үзсэн үү?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд
-6.3 тэрбум төгрөг бол зөвхөн шоу цэнгээний мөнгө биш. Чингис хаан рок дуурь, Атга нөж жүжгээс эхлээд Хөвсгөлд болсон мөсний наадам гээд бүтэн жил зохион байгуулах бүх арга хэмжээ, тоглолт үүнд багтаж байгаа. Энэ хэмжээнд ойгоо тэмдэглэхгүй ард түмэн гэж юу байдаг юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр
-Арван тавны цагдаа гэдгийг сайн ойлгохгүй байна. Манай улсын анхны цагдааг л арван тавны гэж нэрлэж байсан байх. Энэ нь малын хулгайтай тэмцэх зөв арга уу, үгүй юу гэдгийг судалж үзээгүй. Ер нь аймаг, орон нутаг дахь хэсгийн төлөөлөгч бол арван тавны цагдаагийн нэг хэлбэр шүү дээ.
Асуулт, хариултын дараа гишүүд санал хэлэв. Энэ үеэр Э.Бат-Үүл гишүүн, арван тавны цагдаатай л болмоор байна. Үүнийг Засгийн газар сайн анхаарч үзээрэй гэж хүссэн бол, Ц.Нямдорж дарга им, тамгажуулахад төр мөнгө зарах хэрэггүй гэж хэлэв. Тэрээр, малчдын бүх зүйлийг төр хийнэ гээд байх юм. Одоо малыг нь тамгалж өгөх нь ээ. Өвөг дээдэс маань төрийн оролцоогүйгээр малаа тамгалаад болоод л байсан юм гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button