Найраа-чдын нэрийг орон даяар зарлая

Арай ч дээ, үгүй байлгүй дээ гэж хөлбөмбөгийн хорхойтнууд уулга алдан, ташаа мэдээлэл байгаасай гэж залбирах нь холгүй байгаа. Гэтэл Италийн цагдаагийн газраас Ювентус-ын санхүүгийн албаны дарга Лучиано Можжи болон тус багийн зарим тоглогчдын утасны яриаг гурван сарын турш чагнаж, хэрэгт хавсаргах мэдээллүүдийг цуглуулснаа зарлаад байна.

Ийнхүү Италийн хамгийн алдартай баг Ювентус хэрэв найраа-нд оролцсон нь тогтоогдвол Сери-А буюу дээд лигээс хасагдах торгуулийг хүлээх учиртай, Тэр байтугай сүүлийн хоёр жил дараалан хүртсэн улсын аваргын алдрыг нь хураах ёстой болоод байна.

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн дуулиант хэргүүдийн жагсаалтын эхэнд тасархай түрүүлж эхэлж буй энэ хэрэг явдлын тухай өгүүлсэн дээрх хэдэн өгүүлбэр дунд та бидний сайн таних найраа хэмээх үг цохиж яваа биз. Италд Найраа-г ингэж л илчилж, задалж чаджээ.

Харин манайд байдал ямар байгаа билээ. Хичнээн жилийн өмнөх шигээ л бие биенээ хардаж, өөрөө өөрийгөө өмөөрсөн хүмүүс л байна шүү дээ. Энд эх зах, үнэн мөний зааг гэж мэдэгдэхгүй болтлоо мөлийчихсөн. Хаана үнэн, хаана нь худал яваад байгааг мэдэх хэцүү. Хөлбөмбөг ч, бөх ч гэсэн спорт. Монголд бөх ямар нэр хүндтзй байдаг вэ Италд хөлбөмбөг түүн шиг л алдар хүндийн оргил нь байдаг. Одоо бөх маань төрийн хуулинд захирагдаж, хуулиар хамгаалуулах болсон тул Италд хэрхэн найраа-г илчилж байгаа шиг Монголд найрааг илчлэх тийм ч хэцүү биш болов уу.

Шулуухан бүдүүлгээр хэлье. Наадмын өдөр Төв цэнгэлдэхийн бөхийн хаалгаар юм уу тэр хавиар ширэн цүнхэн дотор их хэмжээний монгол төгрөг, гадаад валют халаасалж яваа улсыг саатуулах ажиллагаа явуулья. Ам дамжсан яриагаар бол нөгөөх найраа хийдэг нөхөд маань бэлэн мөнгөөр л буудаг, буулгадаг арга туршлагад нэвтэрсэн байж болзошгүй байгаа шүү дээ.

Бас гар утас гэж найраа-ны жинхэнэ зуучлагч байгаа. Хоёрын даваанаас эхлээд л тавын даваа өнгөртөл гар утаснаасаа тун салах дургүй ажиллаж, хэн нэгэнтэй алс зайдуу очоод яриад байгаа нөхдийг ёстой чагнах ажиллагааг цагдаа нар маань хийж болно шүү дээ. За, тэгээд мэргэжлийн хүмүүст авлигыг илрүүлэх олон нарийн арга ухаан байгаа гэдэгт итгэж байна. Хэдий болтол хий хардаж, хэлэлцэж мэтгэлцэх билээ дээ. Одоо энэ найраа-ны эсрэг дөрвийн давааг оноож биш, 256 залуу бөхийг барилдуулж биш, жинхэнэ зүй ёсоор нь тэмцэхийг монгол түмэндээ, монгол төрдөө уриалж байна. Нялуунаас шулуун нь гэж сайхан үг бий. Найраа гээд нэрлээд байгаа зүйл маань монгол төрийн хуульд бол авилга гэсэн айхавтар үг шүү дээ. Тэгэхээр энэ айхавтар үзэгдэлтэй хуулийн дагуу айхавтар тэмцэхээс өөр аргагүй болжээ Найраа-ны эзэн баригдаад буусан, буулгасан, авсан өгсөн хоёрын нэрийг Монгол орон даяар зарлабал бидний хичнээн жилийн цуу яриа дэлбэрээд, монгол бөхийг маань хачиг шиг сороод, харах үзэх дургүй болгоод байгаа найраа хэмээх үзэгдэл магад арилах зам руугаа орох буй за. Найраа хэмээх үгний цаана авилга авч, өгч буй хүмүүсийг шалгах ёстой байгууллага нь шалгаж, зарлах ёстой байгууллага нь зарлахгүй бол өвчин улам л ужиграх төлөвтэй. Нэг хэсэг гэмтнийг Цагдаагийн байгууллага ил цагаан зарласнаар нийт монгол бөхийн маань нэр, ирээдүй цэвэрших хандлага руугаа орно гэдэгт итгэж байна. Хэдийгээр бид бөхчүүдээ дээдэлдэг ч гэсэн биднийгээ дээдэлж чадахгүй байгаа заримыг нь мэдэж авах эрх бүрэн бий.

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг наймаа панзын зах болгож, монгол түмний бөхөө гэсэн халуун сэтгэл рүү нулимах эрх хэнд ч байх ёсгүй. Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг шударга өрсөлдөөний талбар бус шунал, наймааны зах болгон харж, төсөөлж буй зарим нэгэнд ниргэсэн хойно нь хашгирах бус ниргэхээс нь өмнө анхааруулах үүднээс үүнийг бичлээ. Найраа хэмээх үзэгдэл хууль цааз хэмээх аянганд ниргүүлэх мөч мөдхөн ирэх буй за.

2006.06.5 Бөх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button