Монголын хүүхдүүдэд МАХН хойд эцэг шиг муухай зан гаргалаа

Анх л сонгуулиар хамгийн далайцтай амлалт болон гарч ирсэн энэхүү үлгэр шоу болов бололтой.
Оргүйгээс охинтой гэдэгчлэн дуншиж дуншиж дараагийн сонгуулийн ил далд сурталчилгаа шоутай залгах шахам нэг тийш болж байх шиг. 3000 төгрөг хүүхэд бүрт өгөхөөр болсон нь сайшаалтай ч хэлсэн бол хэлсэндээ амласан бол амалсандаа байж төрийн түшээд маань чадсангүй бухлаа гэж олон түмэн сэтгэл дундуур байна.
10.000 төгрөг гэдэг их ч биш бас бага ч биш мөнгө.
Хичнээн олон хүүхдийг баярлуулж хичнээн олон ар гэрийн амьдралд тус нэмэр болох байсан нь дамжиггүй. Гэтэл УИХ-ын дийлэнх гишүүд энэхүү асуудал дээр голоо цохиж эсэргүүцсэн санал өглөө.
Тэр тусмаа хүүхдийн мөнгө олгохыг, 10.000 төгрөг өгөхийг улайран эсэргүүцэгч хувьсгалт намынханд олон түмэн жигшин дургүйлхэж байна.
Тэд төсөвт мөнгө байхгүй, төрд илүү их ачаа үүрүүлэх хэрэггүй, дараа болно биз гэдэг шалтгаанаар эх орныхоо ирээдүй болсон хойч үеийнхээ итгэл рүү, алгаа тосож байсан гарлуу *нулимлаа*.
Чуулганы үеэр зарим УИХ-ын гишүүд Монголынхоо хүүхдүүдэд *хойд эцэг* шиг муухай хатуу зан гаргахаа МАХН-хан боль* гэж байсан нь үнэхээр голыг нь олсон үг санагдсан.
Зарим гишүүд бүр бухимдахдаа, аргаа барахдаа *төсөвт хүүхэд бүрт 10.000 төгрөг олгох боломж байгааг бид мэдэж байнаа, энэ мөнгийг та бүхэн олгохыг дэмжиж баталвал би дараагийн сонгуульд танай намд МАХН –д тойргоо суллаж өгье. Нэрээ татаж авья. Тэгээд танай намын нэр дэвшигчийг дэмжиж ажиллая* гэж хүртэл хэлж үзэж байгаа харагдсан…

Энэ бүхний цаана юу нуугдаж байгаа юм бол?!!
Үнэхээр төсөвт мөнгө байгаа юм бол УИХ тэр дундаа МАХН хүүхэд бүрт 10.000 төгрөг өгөхөөс юунд гараа татаж ёстой л *хойд эцгийн* хатуу нүүр гаргана вэ. Болгоё гэвэл арга нь олдоно үгүй гэвэл шалтаг олдоно гэдэг дээ. УИХ-ын гишүүд өөрсөддөө болохоор 100 сая төгрөг 100% саналаар л олгодог юм байна лээ.
Энд нөгөө л нэг гайт сонгууль дөхсөний далд пи ар явагдаж байгаа нь нөлөөлж байгаа бололтой гэж олон хүн үзэж байна.
Анх хүүхдийн 10.000 гэдгийг Ардчилсан нам амлаж ард түмний загтанасан газар маажина гээч болж, УИХ –д чамгүй суудал авч гарч ирсэн яах аргагүй үнэн. Гэхдээ тэр дундаа нөгөө *гайхал* Ард түмний намын дарга болсон Гүндалай энэхүү хүүхдийн мөнгө гээчийг санаачилсан гэдэг. Энэ бүхэн л гай болж байх шиг байна гэлцэнэ.
Хэрэв МАХН анх энэхүү амлалт уриаг дэвшүүлсэн бол аль хэдийн хүүхэд бүрт арав байтугай 13.000 төгрөг ч өгсөн байж мэдэх аж.
Харин өрсөлдөгч нь, өөр нам ингэж амласан нь тэднийг шүдээ зуухад хүргэжээ гэх.
Өмнөх сонгуулиар өөсрдийнх нь арга барил болох худлаа баахан тоо хэлж элдэв хийсвэр зүйл амладаг тогтолцоог нь эвдэж, өрсөлдөгч хүчин нь бодит зүйлийг гарган ирж амлаж шинэ үзэгдэл болж, хамгийн их шуугиан тарьж ард түмний сэтгэлд нийцсэн, хүүхэд бүрт 10.000 төгрөг олгоё гэх энэхүү амлалтыг гаргаж ирсэн нь тэднийг шоконд оруулсан гэж болно.
Хэрэв тэд үүнийг нь одоо хүлээн зөвшөөрч хамтран дэмжиж биелүүлчихвэл хаяанд ирсэн сонгуульд далаараа цэвэр тавиулж бүр *дээлээ нөмөрч* мэднэ гэж айсан бололтой гэж ам дамжин хүмүүс гадуур ярилцаж байна.
Өөрөөр хэлбэл тэд хүүхдийн 10.000 төгрөгийг бүрэн утгаар нь дэмжиж биелүүлвэл өрсөлдөгчийнхөө хамгийн гол, том мөрийн хөтөлбөрийг, амлалтыг биелүүлж өгч ирэх сонгуульд *өөрийн гараар өөрийн булшаа ухсан* хэрэг болно гэж үзжээ.
Хэрэв хүүхэд бүрт 10.000 төгрөг өгөх батлагдаад хэрэгжээд эхлэвэл Ардчилсан нам манай мөрийн хөтөлбөр биелсэн гээд ард түмнээс мундаг том үнэлгээ авч гараад өгөх нь дамжиггүй, нөгөө Гүндалай миний санаачилсан хүүхдийн 10.000 та бүхэнд өгөөжөө өгч байна гээд Ард түмний нам мандаад өгөх нь аргагүй. Харин нөгөө муу МАХН маань хийсвэр тоо статистик, худлаа амлалттайгаа үнсэнд хаясан шалз шиг хоцрно гэж айж байгаа нь энэ гэлцэнэ. /Бас нөгөө бусад намууд ч тэр/
Энэ мэт олон түмний хэлэлцэх нь үнэн худлыг бүү мэд. Ямар ч атугай хүүхдийн мөнгө 3000 дээрээ гацаж үлдсэн. Ард түмэн сэтгэл гонсгор хоцорсон. Хэдхэн хоногийн өмнө л хүүхдийн баяр гээд л хүүхдүүд тэврээд л бэлэг тараагаад л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр *өдөр бүрл хүүхдийн баяр байгаасай* гээд л хошигруулаад байсан ах эгч нар нь тэднээс 7000 төгрөг харамлалаа.
Сонгууль дөхөөд л улс төрийн хүчнүүд нэг нэгнээ чадсан тогтоол шийдвэр батлаад л харин ард түмэн хөлд нь чирэгдээд л байгаа нь тоогүй хэрэг. Намынхаа төлөө бус ард түмний төлөө үйлчилдэг төрийн түшээдийг яаж сонгох вэ ард түмэн минь.
Болгоохтун!

/Болод.М/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button