Р.Нямдорж Сүхбат, Гантогтохын уран гоё барилдаан наадмаар үгүйлэгдэх л байх. Гэвч төр засаг барилдахгүй хүнийг албадах хэрэггүй гэсэн

Харин Бөхийн холбоо энэ бүхнийг нь дэмжихгүй, адаг сүүлдээ Бөхийн өргөө-нд ч барилдаан зохион байгуулах эрх өгөөгүйд нь гоморхох болсон. Энэ мэт монгол бөхийг тойроод байгаа олон асуудалд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржоос тодруулга авсан юм. Их Монгол улсын байгуулагдсаны 800 жилийн ойн сүр хүч Төв цэнгэлдэхийн асарт болж өнгөрөхийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Гэвч наадмын өмнө ийм хэл ам тасрахгүй яваа нь бөхийн хорхойтнуудыг эмзэглүүлээд байгаа юм.

-Монгол бөхчүүд бөхийнхөө өргөөнд барилдаан ч хийх эрхгүй болсонд Х.Баянмөнх аварга гомдож байгаагаа илэрхийлсэн. Юу л болоод байна даа?
-Монгол улсад Биеийн тамир спортын тухай хууль гэж хууль байдаг. Энэ хуулиар мэргэжлийн спорт гэж үзэгчид болон мэргэжлийн байгууллагын ашиг сонирхлыг хангах, ашиг олох сонирхолтой байгууллагыг мэргэжлийн спортын холбоо гэнэ гэж томъёолсон байгаа. Манай монголын үндэсний бөхийн холбоо бол монгол бөхийг үндэсний спортын чиглэлээр хөгжүүлж байгаа холбоо. Харин Х.Баянмөнх аварга монгол бөхийг мэргэжлийн чиглэлээр хөгжүүлэхийг үндсэн зорилгоо гэж үзэж байгаа юм байна. Эндээс энэ хоёр холбооны зарчмын ялгаа гарч байгаа юм. Мэргэжлийн холбоо гэдэг ашиг олох сонирхолтой, зөвхөн мэргэжлийн тамирчин оролцдог тэмцээнийг хэлнэ гэсэн томъёолол байгаа. Мэргэжлийн спортын холбоо ашиг олох сонирхолтой гэдэг утгаараа аж ахуйн байгууллага, хувийн байгууллага. Бидэнд байгаа албан бичгээр бол А.Сүхбат, Б.Гантогтох, н.Буянтогтох өөрийн ач дүү Сүрэнхүү нарынхаа хамт байгуулсан байгууллага юм байна гэж ойлгож байгаа. Бид монголын ард түмний баяр цэнгэлийн манлай болж монголын ард түмэн бүтээсэн монгол бөхийг хэдэн хүн, нэг гэр бүлийн ашиг олдог хэрэгсэл болгож ашиглах гэсэн энэ бодлогыг дэмжихгүй байгаа гэдгээ шууд хэлмээр байна.

-Адаглаад л мэргэжлийн бөхийн холбоо начны найрааг устгана гээд байгаа шүү дээ?
-Өнгөрөгч барилдаанд барилдсан 208 бөхөд Х.Баянмөнх аварга 11 сая төгрөгний бай өгсөн. Энэ нь ч сайн. Гэхдээ үзэгчид үзээд мөнгө олсонгүй, харин Спирт бал бурам компани 11 сая төгрөг гаргаж тэр тэмцээнийг явуулсан байна лээ. Тэгэхээр энэ бүхэн спортын зөв голдрилоор эхлээгүй нь харагдаж байна. Үүнээс цааш хичнээн компани ивээн тэтгээд байх нь тодорхойгүй шүү дээ. Өнөөдөр монгол бөх хөгжиж байгаа. Монгол бөхийн хөгжлийн түүхэнд сүүлийн 10-аад жилийнх шиг эрчимтэй хөгжил байгаагүй гэдгийг судлаачид хэлэх байх. Монгол улсад начны найраа гэдэг 1960-аад оны дундуур бий болсон гэж манай ахмад бөхчүүд ярьдаг юм. Начны найраа өнөөдөр батлагдаагүй атлаа ямар ч хүнээс Начны найраа байна уу гэж асуухад Байна гэж байгаа шүү дээ. Яг хэнээс хэдэн төгрөг авсныг мэдэх үү гэхээр хэлэх хүн байдаггүй. Ямар нэг шударга бус арга энэ бүхэнд явагдаад байна гэх дүгнэлтэнд хүрч 1990 онд монголын үндэсний бөхийн холбоо дүрмээ батлахдаа Буух, буулгах аргаар цол авахыг цээрлэнэ гэж бөхийн цээр гэдэг юмыг шинээр оруулж л байсан шүү дээ. 50-иас дээш насны дархан аварга бөхийг улсын наадамд ирэх буюу барилдах бүрт түрүү бөхийн бай өгнө, энэ нь тэр бөх үнэхээр мөнгө төгрөг ч юмуу, аж амьдралд нь тустай юмны төлөө бууж өгөөд байдаг юм бол түрүүлдэг бөхийн байг өгчихье, тэгвэл өөр болох болов уу гэсэн арга байсан. Мөн бөхийн малгайн залайд шар тууз байдаг. Тэр шар тууз ямар учиртай вэ гэхээр энэ хүн улсын наадамд хэд шөвгөрсөн бэ, 5-аас дээш шөвгөрсөн бүх тоог нь харуулдаг. Үүнийг зүүснээрээ ард түмний дунд тэр бөх хэн бэ гэдэг нь харагдах учраас бууж өгч байхгүй болов уу гэж бодож тэр бүхнийг хийсэн юм.

-Тэгвэл начны найраа яагаад дарагдахгүй байгаа юм. Нөгөөх найрааны начин гэх үг амь бөхтэй оршсоор л байгаа шүү дээ?
-Бид аргаа ядаад цолны хишиг гэдгийг бий болгосон. Бөх хүн 45 хүрэхээрээ идэвхтэй барилдах амьдрал нь дуусдаг. Цолны хишгийг олгохдоо улсын наадамд ямар амжилт гаргасан юм бэ гэдэг дээр холбож начин бол жилд 36 мянган төгрөг гээд дээшлээд аварга хүн 800 мянган төгрөг авдаг. Ингэхээр энэ хүн идэр залуудаа барилдаад тодорхой амжилт гаргачих юм бол насныхаа сүүлд тодорхой хэмжээний тэтгэвэртэй байх юм байна шүү гэж бодоод бууж өгөхгүй болов уу гэсэн ийм арга хэмжээнүүдийг авсан юм. Хэдийгээр иймэрхүү арга хэмжээ авсан ч бидний хүссэн шиг үр дүнд хүрээгүй. Тиймээс 1999 онд дүрмэндээ дахин өөрчлөлт оруулаад бууж өгсөн болоод буулгах замаар цол авсан бөхийн чимгийг хураах, цолыг татах, хасах заалт оруулсан. Эцэст нь ерөөсөө цолны найраа гэдэг юмыг буулгуулахын тулд бөх барилддаг тогтолцоонд нь өөрчлөлт хийх ёстой юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Ингээд 2001 онд цолгүй байсан зургаа наймын давааг гарьд, харцага цолтой болгосон. Үүний үр дүнд бөхчүүдийг хүсэл эрмэлзэлтэй болгож начин төрүүлдэг төлөвлөгөөтэй үйл ажиллагааг тасалсан. Энэ бол монгол бөхийн найраа гэж шүүмжлээд байгаа юманд асар том цохилт өгсөн. Их том цохилт өгсөн учраас тэр бүхнийг эсэргүүцдэг хүчин байгаа ньтэр. Маш гоё үгээр шүүмжлээд хэрэггүй биз дээ.

-Нутгаас нь төрж гарч байгаа бөхчүүдэд нутаг гэж омгорхсон бизнесмэнүүд тусалдаг гэх яриаг та үгүйсгэх үү?
-Өнөөдөр хорин хэдтэй залуучууд 30 сая төгрөг хүнд өгөөд начин болох мөнгийг яаж цуглуулах юм. Тэгэхээр тэр мөнгийг бизнесменүүд, нутгийн зөвлөл нь өгдөг гэж хэлдэг. Одоо нутгийн бизнөсмэнүүд залуучуудыг тэгж дэмжих буруу юм байна, харин үнэхээр бөх болох, шударга залуучуудыг өмнө нь дэмжье гэдэг саналтай болж. Жишээ нь, манай Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл гэхэд аймгаасаа барилдаж байгаа залуучуудаа дэмжээд cap бүр барилдуулж нутгийн бизнесменүүд мөнгө гаргаж байлж шагнаж байна. Өөрөөр хэлбэл тэр залуучууд ар гэртээ санаа зовохооргүй бэлтгэлээ хийхээр тэмүүлж байна шүү дээ.

-Монгол бөх үзэгчгүй болсон учраас шинэ холбоо байгуулж сонирхолтой хэлбэр лүү шилжүүлнэ гээд байгаа юм биш үү?
-Өнөөдөр монгол бөхийг үзэх хүнгүй болчихсон гэдэг бол ерөнхийдөө хараал юм. Хүний оюун санаа юу бодож байна, юуг хэлж байна яг тэгж явдаг гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдчихоод байна. Монгол бөх мөхөж байна гэж хэлээд байгаа хүн монгол бөхийг өнөөдөр мөхөл рүү нь илгээх гэсэн хүний бодол. Монгол бөх бол начны найраа сүйтгээд байна гээд байгаа бол начны найрааг хөгжөөх энергийг тэр хүн гаргаад байна. Хүн өглөө босоод дандаа сайн сайхныг бодож байх хэрэгтэй, амнаасаа дандаа сайхан үг гаргаж явбал эерэг энерги бий болгож таны амьдралд нөлөөлж эхэлдэг. Үүнийг шашинд үйлийн үр гэж хэлж байсан байна. Би Х.Баянмөнх аваргаас энэ дашрамд юу хүсэх вэ гэхээр Монгол бөх хөгжөөд байна, сөнөөд байна гэж битгий хэлээч, багасаад байгаа начны найрааг дэлгэрээд байна гэж битгий хэлээч гэж хүсмээр байна.

-Баянаа аварга дөрвөн жил наадмын талбайд очоогүй. Хэрвээ шинэ холбоог нь дэмжихгүй бол дахиад очихгүй гэсэн?
-Мэргэжлийн бөхийн холбооны дүрмийг төр засаг дэмжихгүй бол надаас маш хүчтэй эсэргүүцэл гарна шүү гэж байна лээ. өөрийнх нь санаа бодлыг хүн хүлээн зөвшөөрөхгүй байвал надаас юу ч гарч магадгүй гэдэг чинь алах юмуу, агсан тавих юмуу яах юм. Тэгэхээр Баянаа аваргаа Энэ-жил монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ой. Тэгэхээр энэ ойдоо ард түмнийг турхирч болохгүй, төр засаг руугаа хамаагүй нулимж болохгүй. Төр засгаас хууль гаргачихсан байхад хуулийн эсрэг зохиогоод өөрчлөөд цол өгч болохгүй. Бид нар чинь тэнгэрийн дор амьдарч хуулийн дор амьдардаг дэлхийн жишгээр яваа улс шүү. Иймээс монгол хүн болгон эв эеэ хичээж энэ үед ард түмнийг буруу зүйл рүү битгий турхираарай. Та нэр хүндтэй хүн учраас таны турхиралтанд орох хэсэг хүмүүс байгаа байх, тэр хэсгийг ингэж хөдөлгөж болохгүй шүү гэж хүсмээр байна.

-Аварга хүнд түрүүлсэн бөхийн бай өгдөг. Баянаа аварга наадмын талбайд очдоггүй ч тэр мөнгийг нь өгдөг үү?
-Дүрмэн дээр улсын баяр наадамд ирэхгүй юмуу барилдах үед нь өгөхгүй гэж заасан. Ард түмнээ хүндэтгээд наадам дээр ирээд харагдаад, явж байхад нь ард түмэн баярлаад явж байх ёстой юм. Тэрний нь төлөө хүндэтгэл үзүүлдэг, түрүү бөхийн байг бөхийн холбоо өгдөг байсан, одоо бид ярьж байгаад төрөөс өгдөг болгочихсон.

-Аварга хүү, хүргэнээ барилдуулахгүй бол яана аа гэсэн эмзэглэл хүн бүрт байх шиг санагдах юм?
-Хууль зүйн үүднээс аваад үзэх юм бол барилдах барилдахгүй гэдэг чинь хувь хүний асуудал шүү дээ. Барилдахгүй гэж байгаа хүнийг барилд гэж албадах ямар ч шаардлагагүй. Ер нь тав арав, 50 60 бөх барилдахгүйгээс болоод төрийн наадам зогсчихно гэж байхгүй. Наадам болох ёсоороо болно. Мэдээж тэднээр дутна, roe барилдаан үгүйлэгдэх л болно. Гэхдээ тэд ард түмнээс хүртсэн хайр хүндэтгэлээ биедээ авч яваасай л гэж хүсч байна. Бөхийн холбоог авах гэсэн хэсэг нөхдүүд надтай маргаад бид цагаан сараар барилдахгүй гэсэн. Тэгэхэд төр засаг Барилдахгүй хүмүүсийг албадах хэрэггүй гэж надад хэлсэн. Улсынхаа их баяр наадамд барилдана гэдэг монгол хүний төрөө хүндэтгэж байгаа илэрхийлэл шүү дээ.

-Бэгзсүрэн харцага шоронгоос гараад ирлээ. Хэрвээ өөрөө хүсвэл наадмаар барилдуулах уу?
-Одоохондоо барилдана шүү гэсэн хүсэлт тавиагүй байна. Баяр наадмаасаа хоёр хоногийн өмнө цолныхоо үнэмлэх, иргэний үнэмлэхтэй ирээд бүртгүүлнэ гэдэг хуультай. Тиймээс өөрөө барилдана гээд ирэх юм бол барилдуулна. Дүрмэнд яг одоо гэм буруугийн шийтгэлтэй хүнийг барилдуулахгүй гэсэн заалт байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

2006.06.5 Зиндаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button