МАХН тамираа баржээ
Улс төрийн ууган хүчин МАХН ирэх сонгуульд ялах арга мэхээ сүвэгчилж эхлэв. Гэхдээ түүний ирээдүй өмнөх шиг биш, нэг л бүрхэг, бүүсгэр, насанд дарагдаж тамираа барсан өвгөн бөхөрхүү болжээ. Өвгөн бөх начны найраа горьдосхийн наадмын талбайг гундуухан зорих шиг МАХН ирэх сонгуулийн ойртож яваа чимээг эмээж түгшсэн аясаар анирдаж сууна. Ядаж байхад намын рейтинг 20 хувиас дээшлэхээ больж. Ер нь УИХ-ын 2004 оны сонгуульд ялагдсанаасаа хойш тэнхрэхгүй л явна даа. УИХ-д үнэмлэхүй олонхи болон засаг, төрийн хамаг эрхийг эдэлж явсан цаг нэгэнт түүх болон ард хоцорч. Тамираа барж яваа МАХН сүүлийн сонгуулиудын үеэр эрээ цээрээ алдаж гүйцэв. Өмнөх нөхөн сонгуулиар ам мэх хийж амтшаад дахих гэх болов. Дүү хүү засуулыг дуудахад битгий гарч ирээрэй. Ах нь гоц мөргөчихье гэж учирласаар байгаад 65 дугаар тойргийн нөхөн сонгуулиас Ардчилсан намын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг татуулсан. Одоо 46 дугаар тойргийн нөхөн сонгуулиар ч ялгаагүй. Сурсан зангаараа Ахынх нь бэлтгэл базаадаггүй ээ. Хөл гар өвдеөд. Наадмаа зун биш намар болгоно байгаа. Өвгөн ах нь айраг цагаанд жаахан тэнхрээд авъя гэх юм ярьж УИХ дахь олонхиороо хүч түрсээр байгаад наадмаа намар болгох нь ч болгоод авлаа. Ингэж начны найраа байтугай юм хийж сууна. Хүн өтлөхөөрөө хүүхэд нохойн тоглоом болно гэгчээр нэгэн цагт аатай явсан МАХН сүүлийн үед онигооны баатар болох янзтай.
Ардчилсан намын аль дээрээс хэрэглэж байсан сунгааны аргаар УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшигчдийг шигшинэ гэж ардчилсан зан гаргасан биш гай болж, гишүүд дундаа лидерүүд нь үнэ хүндгүй болсныг олны өмнө дэлгэж нүүрээ түлцгээв. Уг нь сонгуульд ялах магадлалтай алтан боловсон хүчнийг шударга аргаар гаргаж сонгуульд өрсөлдүүлнэ гэж амлахдаа намын дээд хүрээнийхэн үгнээс зөрдөггүй гишүүд дотроосоо өөрсдийгөө баттай гарна хэмээн найдсан бололтой. Гэтэл одоо цаг ч цаг биш болж, гишүүдийн санаа ч өөр болж.
Нийслэлийн Баянгол дүүрэгт МАХН-ын дарга, Ерөнхий сайд М.Энхболдын УИХ-д гоц мөргөх шахан сонгогдож гарч ирсэн тойрог багтдаг. Гэтэл энэ дүүргийнхэн намын даргаа гуравдугаар байр руу түлхэж орхиод Засаг даргаа алтан боловсон хүчин гэж өргөмжилжээ. Чингэлтэй дүүрэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр бас л дүүргийн Засаг дарга Д.Очирбатад өвдөг шороодсон сурагтай. Жирийн гишүүдээсээ хөндийрч албан тушаалтны нам болсны хар гайгаар энгийн гишүүд нь тээр дээр суудагтом удирдлагуудаа биш, дэргэд нь дөт байдаг Засаг дарга нараа алт гэж боддог болсон янзтай. Энэ маягаараа бол ирэх сонгуульд МАХН-аас нэр дэвшигчид энд тэндэхийн Засаг дарга нар байх болно гэж таамаглахад ч алдах юмгүй мэт.
Тэгээд ялж гарсан зарим нь тэртээ цагийн нэгдлийн дарга нараас бүрдсэн Ардын Их Хурлаар модон морьтой сүлд баталдаг шиг юм хийгээд сууж байх вий. Боловсон хүчний сонголтдоо эхнээсээ будилсан МАХН УИХ-д нэр дэвшигчээ тодруулахдаа энэ мэтээр багагүй тэвдэх бололтой. Алтан бодовсон хүчин тодруулах сунгааг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр намын дарга нарынхаа тарыг таниулах гэж зориуд санаачилсан гэх үг ч чих дэлсэх нь оргүй биш байж магадгүй. Боловсон хүчиндээ салхи оруулах гэсэн биш шал дордоод сууж байхтай зэрэгцээд дотроос нь төрсөн жигүүр, хөдөлгөөнүүд намын онц их хурал, ээлжит бус бага хурал, шинэчлэл зэргийг нэхээд салдаггүй. Гэхдээ их, бага хурлыг өмнөх шиг жүжиг биш жинхэнэ ардчилсан зарчмаар хийхийг шаардацгааж байна. МАХН-ын рейтинг үлэмж унаад байгаа энэ үед нийгэмд нүүрлэсэн доголдол бүхний эх үүсвэр нь ах нам гэсэн дүгнэлт олон судалгааны дүнгээр гарчээ. Ууган намыгоношлон шинжихүй сэдэвт онол практикийн бага хурал дээр МАХН-ын Онц их хурлын төлөө хөдөлгөөнйй тэргүүн Т.Гантулга энэ тухай илтгэлдээ дурдсан. МАХН 150 мянган гишүүнтэй гэж сайрхдаг ч Онц их хурлын төлөө хөдөлгөөнийхнийг гарын үсэг зуруулж санал асуухаар очиход бат илэрхийлэхээ хайгаад олохоо больсон нь дийлэнх байсан аж. Урьд цагт бол ийм хариуцлагагүй этгээдүүдэд хатуу арга хэмжээ авах байсан биз. Жигүүр, хөдөлгөөнийхний дүгнэснээр МАХН хэдхэн хүний мэдлийн компани, цэрэгжсэн хэлбэрийн байгууллага болжээ.
Энэ нь яваандаа МАХН-ын тамир барагдахад хүргэсэн гэж хэлж болох юм. Өнгө мөнгө, эрх тушаал шүтэгчдээр тойрон хүрээлэгчдээ бий болгоод, удирдлагын цөөн хүний зоргоор, тэдний үгнээс зөрдөггүй, хэлсэн болгоныг нь цэрэг маягаар гүйцэтгэдэг багийнхны гараар залуулж ирсний уршгаар ах нам өнөөдөр гол массаасаа салчихаад түгшүүрийн харанга дор ирэх сонгуулийг хүлээж сууна. Хоёрхон жилийн дотор МАХН тамир сууж алдсан эрч хүчээ сэргээж чадах нь эргэлзээтэй. Харин үгийг нь дуулахаас хойрго хандаад байгаа жигүүр, хөдөлгөөнүүдээ анзаарвал тэдний хэлж буй санаа амин дэм болж мэдэх юм.
Ардын эрх сонин 108/386/
Д. Оюунцэцэг