Албан хийгээд ардын дипломатын хөгжүүлэгч
Гүйцэтгэх засаглалын эрхийг одоо хэрэгжүүлж буй үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг анх бүрдүүлдэг шөнө УИХ-ын танхим тийм ч таатай уур амьсгалтай байгаагүй. Ц.Элбэгдоржийн толгойлж асан хамтарсан Засгийн газрыг унагасанд шаралхсан Ардчилсан намынхан, сайдад нэр дэвшигчдийг нь толгой дараалан хайруулын таваг руу шидсэнд бухимдсан Эх орон-чууд, намын даргаа Ерөнхий сайдад зүтгүүлсэн МАХН-ынхан, ганц ганц суудлаа чулуу болгох гэсэн БНН, Ард түмний намынхан, уугуул намынхаа шийдвэрийн эсрэг зогсч шинэ Засгийн газарт орохоор санаа шулуудсан М.Энхсайхан нарын шөргөн гал-ын дунд танхимын гишүүд тодорч байв. Тийм ч олон сайд сайн нэртэй томилогдоогүй тэр шөнө харин Гадаад хэргийн сайд Н.Энхболд нарын цеөхөн хүн санал зөрөлдөөнтэй тэр олон хүчнийхнээс тэнцэнэ гэсэн үнэлгээ авсан.
Н.Энхболд сайд тэр цагаас Монголын гадаад харилцааны судсыг атгаж эхний даваануудаа тун сайн үнэлгээтэй даваад байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Ну Мү Хён, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Малайзын Гадаад хэргийн сайд Дато Сери Саед Хамид Албарын айлчлал, Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын ү бага хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хэлэлцэх олон улсын бага хурал зэргийг амжилттай зохион байгууллаа. Катар улсад сайдын хувьд анхны гадаад айлчлалаа хийгээд ирэв. Анх дипломат албанд очиход нь Хэвлэлийн үйлдвэрийн инженер л хүн гэх шив гэсхийн цэрвүүхэн угтсан гадаад харилцааныхан шинэ сайдтайгаа хэдийнэ ижий, ахай болцгоожээ. Ийнхүү Н.Энхболд сайд олон оронтой албан ёсны дипломат харилцааг хөгжүүлэгч салбарын тэргүүн боллоо. Түүний уулзалтын өрөөнд чухам л газар газрын түмэн хэлийн хүн бужигнаж байх юм билээ.
Өмнөх УИХ-д гишүүн байхдаа Н.Энхболд Олон улсын парламентын холбооны гүйцэтгэх хорооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан нь Монгол Улсынхаа, УИХ-ынхаа нэр хүндийг өндөрт өргөсөн хэрэг болсон. Түүгээр ч зогсохгүй Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын ү бага хурлын үеэр Парламентчдын форумыг Улаанбаатарт зохион байгуулж Төрийн ордонд дэлхийн 100 гаруй орны парламентын төлөөлөгчдийг нүүлгэн ирүүлж хуралдуулж байсан юм. Тийн олон улсын парламентад данстай явахдаа дэлхийн өнцөг булан бүрт танил нөхөдтэй болж, албаны зэрэгцээ ардын дипломатыг хөгжүүлжээ. Түүний Олон улсын парламентын холбоонд хашиж байсан алба том гүрний нэртэй улстөрчдийн мөрөөдөл юм гэнэ лээ. Тэгээд бодохоор Н.Энхболд гишүүн дотоодоосоо гадаад нэр хүндээр илүү ч байж магадгүй.
Хоёр дараалан төрийн түшээгээр сонгогдсон Н.Энхболд гишүүн
Төв аймгийн тариалангийн бүс болох хойд чигийн сумдыг багтаасан тойргийг төлөөлөн ажилладаг. Тийм болохоор хөдөө аж ахуй, газар тариалан түүний анхаарлаас ангид бус. Худаг ус, газрын гарц, бороо хур, трактор комбайн, үр бордоо гээд тэр чигийн зовлон жаргалаа тоочсон сонгогчдын төлөөлөл эрхэм гишүүний байнгын зочид. Газрын өнгө гандвал сэтгэл нь зовж, хурын үүл гарвал тойрогт маань бороо дуссан байгаасай гэж тариаланчдынхаа л нэг адил газраар амьсгалж суудаг хүн.
УИХ-ын гишүүнийхээ хувьд тэрээр нямбай, нуруутай түшээдийн нэгэнд орно. Хэр барагтайд үг дуугарч хөнгөн хуумгай хандаад байхгүй. Сууж сууж дуугарвал тэнд түүний тэр үг заавал хэрэг болсон байх вий. Телевизийн дуран харахаараа хадуурч, авч давхидаг морь шиг болчихдог эрхмүүд шиг загнадагсан бол тэрээр хэдийнэ од болчих байсан биз. Бас нэг бус удаа сайдын сэнтийд суугаад үзчихсэн байхыг үгүйсгэхгүй.
Эрхэм гишүүн уг нь унаган мэргэжлээ түшвэл хэвлэл, мэдээллийнхэнтэй угшил гарал нэгтэй. Ерөнхийлөгч асан Н.Багабандийг эхний удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед Хэвлэл, мэдээллийн албыг нь толгойлж байсан. Монгол-Данийн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хэрэгжүүлсэн Данида хөтөлбөрийн шугамаар Чөлөөт хэвлэл төслийг хэрэгжүүлж сонины хэвлэх үйлдвэрийг байгуулалцсан. Тэглээ гээд сэтгүүлчдэд хайр зарлаж хэлсэн, хийснээ бусдаас илүү хэмээн сурталчлуулах гэж шаналгадаг гэм түүнд байхгүй.
Илүү дутуу элдэв зангүй Н.Энхболд гишүүн хомсхон олдцог зав чөлөөндөө загасчилж, бас сагсан бөмбөг, биллиард тоглох дуртай гэнэ лээ.
Ардын эрх сонин 108/386/
Д. Оюунцэцэг