Аав минь наддаа ойр боловч холын их уул юм
Чанга хашгирвал цас нурна шүү гэнэ. Гэвч би явах ёстой. Доошоо харахад хараа цуцам хавцлын ирмэг. Хөл тушина. Хазгай гишгэвэл хад цөмөрнө шүү, Алхам бүхэнд амь чинь бий гэнэ. Гэвч би явах ёстой. Яагаад гэвэл аавдаа зориулж, Монголын сайхан аавуудад зориулж гэгээн судар бүтээх ёстой гэж би өөртөө итгэлтэй хэлсэн юм. Аав минь наддаа ойр боловч холын их уул юм. Би аавыгаа одоо хүртэл өөртөө нээж, танин мэдэж чадаагүй л явна хэмээн тэр Аавын алтан судар номынхоо өмнөтгөлд бичсэн байна.
Түүний Аавын алтан судар-ыг үлгэн хэдэн өдөр аньсага чийгтэй өнжиж, сайхан байлаа. Энэ номын хамгийн эхний хуудсанд бичигдсэн Монголд төрсөн Галилей буюу Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, Монгол Улсын арслан Дагамын Аюушийн тухай өгүүлсэн бичлэг илүү анхаарал татав. Наран дэлхийгээ эргэдэг тухай нээлтийг Галилей хийсэн нь шашны дарангуйлагчдын тэргүүн дээр гэгээн өдөр аянга цахилсан мэт айдас төрүүлж, энэ үзлээсээ няцахгүй бол, эрдэмтэн Бруно шиг галд шатаагдах болно гэдгийг сануулсан. Аюумшигт энэ заналхийллийн сүүдэр дор орсон Галилей амьд явахын тулд, шинэ нээлтээ үргэлжлүүлэхийн тулд 1633 оны зургадугаар сарын 22-нд Ром хотын Миневр сүмд үзэл онолоосоо татгалзсан бичгийг үйлддэг. Тэр хаалгаар гарахдаа амандаа Дэлхий уул нь эргэдэг л юм даа гэж хэлсэн.
Гурван зууны дараа монголын нэгэн дарангуйлагч тэр харгис үйлдлийг давтжээ. Хоёр бөх амьдрахын төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө мөн өмнө нь давсан хэрнээ унасанд тооцогдож шийтгүүлсэн урт гарт М.Лхагва арслангийн гашуун сургамжийг санаж хүссэн үгийг нь хэлжээ. Галилей шиг дуулдам биш ч сэтгэл дотроо Би Батсуурь аваргыг хаясан л юм даа гэж хэлсэн санагдана хэмээн бичсэн байна. Ингэж аливаа зүйлийг өөрөөр харж, ургуулан бодож, сэтгэж, түүхийн адармаатай цаг хугацааг өөрийнхөөрөө гаргаж ирнэ гэдэг авьяас билгийн дээдийнх. Хүн бүрийн гэрэлт ертөнц, мөн чанар, зүрх сэтгэл, цаг хугацааг харуулсан 69 аавын тухай өгүүлжээ. Энэ ном айл бүр гэрийнхээ хоймор баринтаглан залах үнэт судар болжээ. Түүнээс аавын тань зураг байдаг уу гэж асуутал Би оюутан байх даа зуны амралтаар хөдөө гэр лүүгээ явахаар Завхан орох машинд суулаа. Авч явсан чемоданаа дэргэдэх хүндээ захичихаад ойрхон яваад иртэл нөгөө хүн алга, чемодан маань ч алга. Тэр чемоданд миний нутагтаа очиж гангарах гэж хайрлаад хааяа гаргаж харчихаад буцааж далд хийдэг байсан шинэ шаахай, шинэ хүрэм, ээж дүү нартаа өгөх гэж бүтэн жил цуглуулсан бэлэг хамгийн гол нь аавын минь цорын ганц зураг байсан юм гэж нүдэндээ нулимстай ярьж суусан. Түүний яриаг сонсч суухдаа тэр үл таних хүн хэзээ нэгэн цагт аавынх нь зургийг авчирч өгөх байх хэмээн бодож билээ.
Ингээд Миний аав булангийн зочноор сэтгүүлч, яруу найрагч Сандагдоржийн Цэрэндоржийг урилаа. Тэр аавынхаа тухай Намрын дурсамж хэмээх сайхан дурьдатгал бичжээ.
ААВЫНХАА ХЭТ ХУТГАТАЙ СЭТГЭЛЭЭРЭЭ ЯРИЛЦДАГ
Зарим цаг мөчид аав минь урьд өмнө хэзээ ч бодогдож байгаагүйгээр илүү их бодогдох юм. Аав минь юунд хоргодож, юу надад хэлэх байсан бол доо. Ийм үед хамгийн түрүүнд санаанд ордог зүйл аавын хэт хутга. Ширэн хуйтай, үйсэн иштэй, ган төмөр дээр зүүний үзүүрээр зурсан юм шиг нарийн зураас гарган навчин хээ цохиж хийсэн хэт хутга ааваас минь хойш хагас зууныг элээжээ. Энэ хутганы тухай ээж надад ярьсан. Аав чянь ахыг чинь төрөхөд гэртээ байхгүй байж таарсан. Түүндээ битүүхэн гэмшсэн ч юм уу, чамайг төрүүлэхэд дэргэд минь байж, бүр хүүгээ эх барьж авсан. Гэрийнхээ зүүн хаяаг зайчилж зассан орон дээр хэвтэж, яг хүчлэн өвдөх үед хэт хутгаа сугалан хормойдоо нэг арчсанаа асч буй галын дөлөнд түргэхэн барьж ариутгаад зогсож байгаа аавыг чинь хараад сэтгэл нэг их тайвширчихаж билээ.
Хүүхдийнхээ хүйг өөрийнхөө хутгаар огтлох гэж байна, аав нь хажууд нь байна гэж бодоход айх юмгүй санагдсан гэж ярьснаас хойш би аавынхаа хэт хутгатай сэтгэлээрэээ ярилцдаг болсон. Тэр, намайг ийнхүү ярилцахыг хүлээж байсан ч байж болох юм. Гэрийн хойморт аавын суудал эзнээ ирэхийг хүлээж байдаг шиг тэр намайг хүлээж байсан. Аав минь юунд хоргодож байсан бол гэх гэгэлгэн бодол цээжин цаана хөндүүрлэх. Цөөн модтой зураагийн хормой, наранд ээвэр, тэгшхэн дэвсэгт тойрон суугаад авч очсон идээний дээжээ дэвсгэр дээр дэлгэж тавьцгаалаа. Энгэр бэлээс Хожуулын гол минь их тод харагдана. Энд миний амьдралын эхлэл бий. Ихэнх хүн хүй цөглөсөн газраа, төрсен гэрийн бууриа, тоонотоо өөрийн эхлэл гэнэ. Миний эхлэл бол миний аав. Төрсөн газрыг нь мэддэггүйдээ ч юм уу, аавынхаа ертөнцөөс буцсан газрыг ой тойндоо шингээн үлдсэндээ ч юм уу, би үргэлж энд л ирнэ. Энэ газар шороонд аав минь оршсон. Явсан зам нь энд дуусчээ. Эндээс цаашхи миний замд таны зам алгуур, алгуур уусан нийлнэ. Аавынхаа газрыг эргэсэнээс яг арван жилийн дараа Түвдэд очив. Тэндхийн уулчин Нямаа-цэрэн тэр нэгэн өглөө Жомолунгма уулын оргилд уртаараа зургаа, өргөнөөрөө гурван метр орчим тэгш газар байдаг тухай ярихад нь уул уулын чинадад аавыгаа хөдөөлүүлсэн тохмон чинээ газар сэтгэлд минь буув. Тэр ариун газарт өглөөиий нар тусахад алтан тохом мэт дугуйран харагддаг. Сүүдэр тогтдоггүй. Хүнээр бол хар хорын сэтгэлгүй цайлган хүн шиг газар. Хөдөөлүүлсэн газрынх нь ногоон дэлхий аавд минь дэвсгэр болж, улаан чулуу дэр болж, хөх тэнгэр хучлага дээл нь болсон.
Аав чинь, гэрээрээ дүүрэн хүмүүс цуглуулж шинэ үсгийн хичээл заадаг байсан юм гэж ээж ярив. Тэр олон хүмүүс ааваас минь сэтгэлийн гэгээ авсан бол тэр гэрэл гэгээ үр хүүхдийг нь одоо ивээж яваа. Аав минь бид бүхнийг хүмүүний орчлонгийн хамгийн гэрэлт энергиэр бүрэн цэнэглэжээ гэж би боддог юм.
ТЭР ХҮН ЮУНД ХОРГОДСОН БОЛ
Манайх Завхан аймгийн Наран сумынх. Хонхын өвөлжөөнд хоёр гэрээрээ өвөлжинө. Уул нь би Нарийны өвөлжөөнд их дуртай. Хонход хэзээ ч юм чөтгөр ирж нэг сайн лам хонх дамар дуугарган хөөсөн юм гэнэ лээ. Хэн нэгнээс ийм юм сонссон ч юм шиг өөрөө тэгж бодсон ч юм шиг. Ингэж бодоод жаахан айдас төрдөг байсан санагдана. Голын тэртээх замаар шөнийн бүрэнхийд нэгэн гэрэл анивчин нэг тодорч, нэг бүдгэрсээр бас нэг хүнгэнэх чимээ нь бүдэгхэн дуулдсаар удалгүй чимээгүй болов. Энэ нь сумын төв орох гэж яваа машины гэрэл, түүний дуу чимээ гэнэ. Урьд нь машины дэргэд очиж үзсэн ээжээрээ хэчнээн сайн хэлүүлсэн ч машин хэмээгч явдаг галны учрыг төсөөлж чадаагүй билээ. Ээжийн хэлснээр түүний туулж гарсан зам бол аавын засалцсан зам. Аавын минь тухай бодол машины гэрэл шиг нэг бүдгэрэн, нэг тодрон сэтгэлийн гүнд анивчин байв.
Аав минь Буянбуу ловон гэх номтой хүний ганц хүү байсан. Аав ээжээсээ эрт өнчирсний дараа удалгүй цэргийн алба хаахаар явсан. Цэргээс халагдаж ирэхэд хэдэн мал нь үрэгдэж, өмч хөрөнгө ч гэх юм үлдээгүй байсан гэлцдэг юм. Тэгээд ээжтэй амьдрах болж дөрвөн ханатай гэрээ Адиагийн гадаа аваачаад буулгачихсан. Эмээ маань нөгөө гэрийн навтрага болсон бүрээсийг нөхөж оёод өөрийн гэртээ болж. Ээж 18 настай эвлэлийн гишүүнд элссэн тэр жилээ аавтай сууж арван естэйдээ ахыг гаргасан гэдэг. Аавын аав Буянбуу ловон гуайнд хүүхэд тогтдоггүй байж. Ганц эрэгтэй хүүхэд гарахаар нь юм бүхнээс нуун, гурван залгаа гэр барьж, хамгийн хоймрын гэрт аав асарч харгалздаг ламын хамт, дараагийн гэрт аав ээж хоёр нь, үүдний гэрт гал тогоо нь байсан гэх.
Аавыг өвчтэй хэвтэж байхад орных нь дэргэд элсэн чихэр хийсэн улаалзганатай том аяга байдаг сан. Одоо бодоход тэр аяганд эх орон, эх нутаг, цөөн модот энгэр газар, улаалзганат буттай хэргэсүүр багтаж байж ээ. Аав минь энэ бүхнээ орхин одохдоо хоргодож байсан байх дээ.
Тэгээд эргэж төрнө гэж бодсон байх. Аав хэт хутга бас нэг хөөрөг үлдээсэн. Жижигхэн цагаан шаазан хөөрөг намайг бага сургуульд байхад байдаг байсан. Сүүлдээ хаачсаныг хэн ч санахгүйгээр нэг л мэдэхэд үзэгдэхээ больсон.
(Өнөөдрийн монгол 106/276)
Н.ГАНТУЛГА