Шүүх Засаглалын шинэ дүр төрх
Төрийн байгууллагад хандаж өргөдөл хүсэлт гаргах гэсэн иргэд Хүлээж авдаггүй өдөр гэсэн хариулт сонсоод буцах нь олон бий. Үүнээс болж, цаг зав гаргаад зориод ирсэн өдрөө ажлаа амжуулж чадахгүйд хүрсэн хүмүүс бухимдаж, төрийн байгууллагын хүнд сурталтайг гайхан шогшроход хүрдэг. Харин бүх шатны шүүхэд хандсан хүмүүс ингэж бухимдах хэрэггүй болжээ. Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн тавдугаар сарын 5-ны хуралдаанаараа Иргэдээс ажлын бүх өдөр, ажлын бүх цагаар өргөдөл гомдлыг хүлээн авна гэсэн шийдвэр гаргажээ. Тэгэхээр бүх шатны шүүхэд өргөдөл, гомдлоо гаргаж асуудлаа шийдүүлэх гэсэн хүмүүсийн өмнө ажлын өдрүүдэд шүүхийн хаалга нээлттэй гэсэн үг. Төрийн байгууллагад иргэн хүн ажлын өдөр хандахад хүлээж авдаг байх ёстой, төрийн нэрийн өмнөөс үзүүлэх үйлчилгээг нь хүргэх учиртай гэдэг үүднээс шүүхийнхэн ийм шийдвэр гаргажээ. Бас хэвлэл мэдээллийн байгууллагууд шүүх хуралдааныг сурвалжлахын тулд албан бичиг илгээж, ерөнхий шүүгчээс зөвшөөрөл авах ёстой гэсэн шаардлага ч хүчингүй болсон байна билээ.
Иргэдийг хүлээж авдагаасаа, авдаггүй өдөр олонтой цагийн хуваарь үүдэндээ хадчихаад сууж байдаг төрийн бусад байгууллага шүүхийнхнээс санаа авч ажил хэрэг болгоосой. Тэгвэл төрийн албаны нэр хүндийг өргөж, хүнд суртлыг халахад бодитой нэг алхам болох нь дамжиггүй.
Шүүхийн мэдээлэл лавлагааны төв. Ийм нэртэй алба бүх шатны шүүхэд бий болж. Шүүх нээлттэй, үйл ажиллагаа нь хүртээмжтэй байх гэсэн стратеги төлөвлөгөөнд туссан зорилт нь биеллээ олов. Сүүлийн үед нэлээд их яригдаад байгаа нэг цэгийн үйлчилгээтэй адил юм. Шүүхээр үйлчлүүлэх гэж байгаа иргэд өөртөө хэрэгтэй мэдээллийг эндээс авах боломжтой. Энэ албаны ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулжээ. Шүүхийн мэдээлэл лавлагааны төвд очвол тэмдэгтийн хураамж хэдийг төлөх, өмгөөлөгчтэй яаж харилцах вэ гээд олон асуултын хариуг авч болно.
Шүүхээр шийдэгдсэн хэрэг маргаанаас эхлээд шүүхтэй холбоотой бүх асуудлыг интернэтээс үзэх боломж удахгүй бүрдэх аж. Шүүх эрх мэдлийн мэдээллийн нэгдсэн сан сүлжээ ийм боломжийг олгох юм байна. Энэ сан сүлжээ нь шүүхийн бүхий л мэдээллийг олон нийтэд ил тод болгоно. Түүнээс гадна бүх шүүх мэдээ тайлан, дотоод зохион байгуулалтын бусад мэдээллээ сүлжээгээр дамжуулж харилцах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Шүүхийн мэдээллийн сан сүлжээ нь УИХ, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг төр, хуулийн байгууллагуудтай холбогдоно. Мэдээллийн сан сүлжээний техник зохион байгуулалтын хувьд үндсэндээ шийдэгдээд байгаа гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтнууд хэлж байсан.
УИХ-аас 2000 онд 36 дугаар тоот тогтоол гаргаж Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг батaлсан. Шүүх эрх мэдлийн байгууллага ямар байх, цаашдаа ямар болохыг тодорхойлсон гол баримт бичиг гэж хэлж болох энэ стратеги төлөвлөгөөнд суурь үнэлэхүй гэсэн ойлголт бий. Үүнд шүүх эрх мэдлийн байгууллага хараат бус үйл ажиллагаа явуулдаг, хариуцлага хүлээдэг, мэдрэмжтэй, шударга, шүүхийн үйлчилгээ ард түмэн иргэд, үйлчлүүлэгчдэд хүртээмжтэй байх, үйл ажиллагаа нь бүтээмжтэй байх ёстой гэсэн үндсэн зургаан суурь үнэлэхүйг тогтоосон байдаг. Эдгээр суурь үнэлэхүйг энгийнээр хэлбэл, шүүхийн үйл ажиллагаа жинхэнэ утгаараа хэрэгжихийн тулд ийм суурь шаардлагуудыг хангаж байх ёстой гэсэн үг гэж ойлгож болно. Дээр дурдсан иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах болсон мэдээлэл лавлагааны төв зэрэг нь шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй байх гэсэн шаардлагыг хангахад чиглэжээ. Ийн олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байхын зэрэгцээ шүүх эрх мэдлийн байгууллага хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах нь хамгаас чухал.
Шүүх засаглал бие даасан, хараат бус байх гол үндэс нь тэнд ажиллаж буй шүүгчдийн хараат бус байдлаас шууд хамааралтай.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч саяхан бүх шатны шүүхийн шүүгч ажилтнууддаа илгээсэн албан захидалдаа Шүүгчийн хараат бус байдал гэдэг нь шүүгч хэний ч нөлөөнд автахгүй, юугаар ч дутахгүй, хууль бус юунаас ч хамаарахгүйгээр, гагцхүү хуульд захирагдан аливаа хэрэг маргааныг бие даан шийдвэрлэхийг хэлнэ хэмээсэн байна билээ.
Шүүгчид эдийн засаг, санхүүгийн байдлаараа хэн нэгнээс хамааралгүй, хараат бус байх нь чухал. Гэвч хамгийн гол нь шүүгч мэдлэг чадвараараа хараат бус байх ёстой. Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааны онцлог болоод маш хурдан өөрчлөгдөн хөгжиж байгаа нийгмийн харилцаа өнөөдөр үүнийг шаардаж буй. Шүүгч, шүүхийн байгууллагынхан үүнийг мэдэрч, сургалтад онцгой анхаарч байгаа аж.
Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд Бүх шатны шүүхийн шүүгч жилд 14 хоногоос доошгүй хугацаагаар мэргэшлээ дээшлүүлж, давтан сургалтад хамрагдах эрхтэй. Шүүгчдийн мэргэшлийг дээшлүүлэх давтан сургах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл зохион байгуулна гэж заасан байдаг. 2005 оны хувьд хуулийн энэ заалт хэрэгжсэн гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтнууд хэлж байсан. Хөдөө орон нутгийн шүүхүүдээс Шүүгчдээ сургалтад хамруулах гэхээр ар талд нь бүрэлдэхүүн дутаж, ажил орхигдчих гээд байна гэсэн гомдол гардаг байна. Үүнийг шийдэхэд сургагч багш нар бэлтгэсэн нь тусаа өгч байгаа аж. Монголын шүүхийн асуудлыг энэ дотор нь ажилладаг хүмүүс илүү мэдэрч, илүү сайн хийнэ гэдэг утгаараа гадаадын төсөл хөтөлбөрийн шугамаар шүүхийн ажилтнууд дундаасаа сургагч багш нар бэлтгэжээ. Өргөн уудам нутагтай, Монгол орны алслагдсан аймгуудад очоод бүсчилсэн сургалт зохион байгуулах боломжтой болсон нь үндэсний сургагч багш нартай болсны бас нэгэн давуу тал. Тухайлбал, 2005 онд төв, баруун, зүүн бүсийн шүүгчид Эрүүгийн хариуцлага, танхайрах гэмт хэрэг сэдэт сургалтад хамрагджээ. Бүсчилсэн сургалтаас гадна тодорхой сэдвээр шүүгч, шүүхийн ажилтнууд номын дуу сонсдог байна. Ер нь ямар сэдвээр сургалт зохион байгуулах хэрэгтэй вэ гэдэг дээр судалгаа хийсний үндсэн дээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн сургалтын дэд хороо асуудлыг шийддэг аж. Сургалтын зэрэгцээ шүүгчдийг шаардлагатай хууль тогтоомж, мэдээлэл, гарын авлагаар хангах ажлыг Улсын дээдшүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл нэлээд сайн зохион байгуулж хийжээ.
Шүүгчдийг сургаж, мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн цаана санхүүгийн асуудал явж буй. Монголын шүүгчдийн болон шүүхийн ажилтнуудын толгойг цэнэглэхэд одоохондоо гадаадынхан анхаарч хөрөнгө мөнгө гаргаж байна. Харин манай Сангийн яамныхан бол энэ тал дээр гар тун чанга гэнэ. Шүүхийн нэгдсэн төсөвт сургалтын зардалд 2004 онд 2.2 сая, 2005 онд 2.7 сая төгрөгийг тус тус баталжээ. Сүүлийн хоёр жилийн дундаж төсвийг нийт шүүгчийн тоотой харьцуулахад нэг шүүгчид дунджаар 5700 орчим төгрөг ногдож буй. Гэтэл шүүхийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаагаараа улсын төсөвт багагүй мөнгө оруулдаг. 2005 онд л гэхэд анхан болон давж заалдах хяналтын шатны шүүхүүд зөвхөн иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаараа 4.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан байна билээ. Төсөвт тэрбум тэрбумаар нь мөнгө оруулдаг шүүгчийн сургалтын бүтэн жилийн зардалд 5700 төгрөг зарцуулна гэж тогтоосон нь дэндүү чамлалттай. Шүүх дангаараа энэ мөнгөөр сургалт, мэргэжил дээшлүүлэх асуудлаа шийднэ гэвэл юу болох нь ойлгомжтой. Тиймээс гадаадын төслийн байгууллагын тусламж, дэмжлэгт одоохондоо дулдуйдаж байгаа аж. Гадаадынхан байнга мөнгө өгөөд л хүмүүсээ сурга гээд байхгүй нь тодорхой. Энэ тусламж дэмжлэг зогсох нэг өдөр гарч таарна. Хараат бус шүүхтэй байя гэвэл шүүгчдийн сургалтад зориулсан мөнгийг зоригтойхон нэмээч, төрийн түшээд ээ.
Монголын шүүх засаглал 1100 гаруй шүүгчтэй. Гэтэл шүүх засаглалын тамгын газар болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн орон тоо цөөхөн. Ажлын албанд нь арваад хүн ажиллана. Орон тоо нэмье гэхээр Сангийн яам зөвшөөрдөггүй. Монголын өнцөг булан бүрт ажиллаж байгаа дээрх тооны хүнд энэ арваад ажилтан хүрч ажиллаж, тэдний бүх асуудлыг шийдвэрлэнэ гэдэг амаргүй болохыг орон тоо төсвийг нэмэхгүй гэсэн хатуу шаардлага тавьдаг их сангийн эзэн Сангийн яамныхан анхаарахад илүүдэхгүй байх шүү.
Шүүх бол төрийн үйлчилгээний нэг хэлбэр. Энэ ч утгаараа шүүх засаглалын дүр төрх өөрчлөгдөн шинэчлэгдэж байна.