Намайг тарвага гэж бодоод буудах шахсан ч удаатай
Одой жүжигчин Х.Ганцоож Нууцлагдсан сэтгэл, Хана киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд энэ жил Бэрс кино урлагийн дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсөнө. Тэрээр одой болж төрсөндөө бус хүмүүсийн өөрийг нь үл тоомсорлох харилцаанд сэтгэл дундуур байдаг аж. Хүн л юм хойно түүнд бусдын л адил зүрх сэтгэл бии. Дуулах үедээ дуулж, уйлах үедээ уйлж Одой хүн явж байна хар даа хи, хи гэх хүмүүсийн шивэр авир яриаг сонссоор тэрээр орчлонд 25 насыг элээжээ. Гэм хийсэн юм шиг хүнээс нуугдаж явах шалтгаан нь тэр дундаж нуруутай хүнээс 50 см намхан төрсөнд байгаа аж.
-Ганцоож оо, чи багадаа ямар хүүхэд байв?
-Их аймхай, зожиг, ганцаардмал хүүхэд байсан. Эхээс төрөхдөө хэвийн хүүхэд шиг 2.8 кг жинтэй гарсан байтал нэгдүгээр ангид орохдоо монгол гэрийн эрээн авдраас намхан, 2-3 настай хүүхэд шиг л биетэй байсан юм. Миний өндөр 120 см, ээж маань бас л над шиг намхан. Өвөөгийн маань дүүгийн хүүхэд бас одой болохоор удамшсан юм шиг байна лээ. Эмээгээсээ асуухад Жирэмсэн байхдаа ламтай хэрэлдсэн гэж байсан. Ээж маань намайг төрүүлээд сүүгээ амлуулахгүй гэснээс болж эмч нартаа их загнуулсан гэдэг. Аминдаа хөхний сүүгээр дамжин өөрийнх нь одой удамшина гэж эмээсэн байх. Одоо ч гэсэн ээж маань надад Хүүхэд гаргахаараа битгий хөхүүлээрэй гэж захьдаг. Харин эмч нар эмээх хэрэггүй гэдэг юм. Гэхдээ би ээжийнхээ үгэнд орж хөхүүлэхгүй гэж боддог.
-Арван жилд байхдаа үерхдэг хөвгүүнтэй байсан уу?
-Манай ангийн охид үерхдэг хөвгүүнтэй. Нэг удаа манай ангийн Жаргалмаа гэдэг охин Ууганаа чамайг үерхье гэж гуйж байна гэсэн. Би эхэндээ итгээгүй. Тэгсэн мөртлөө дотроо их баярлаж үнэн байгаасай гээд л догдолж байсан даа. Тэгээд бодож байж болъё гэж хэлээрэй гэсэн. Маргааш нь очиход манай ангийнхан Бодож дууссан уу гээд бүгд инээлдээд л… Ууганбаяр гэдэг нь одоо WOW нэвтрүүлгийн хөтлөгч залуу шүү дээ.
-Yеийнхэн чинь дээрэлхдэг байсан уу?
-Долдугаар ангид байхад гуравдугаар ангийн хоёр ихэр охин үйлийг минь мөн ч их үздэг байж билээ. Намайг автобусны буудал дээр хүлээгээд зогсч байна. Нүдэнд нь би зэвүүн харагддаг байсан шиг байгаа юм. Өмөөрөх хүнгүй болохоор хичээлдээ явах бүрийд тэр хоёртой тааралдах вий гэж үхтлээ айдаг байлаа.
-Аав, ээждээ хэлдэггүй байсан юм уу?
-Ээж маань намайг өмөөрье ч гэсэн над шиг жаахан болохоор чадахгүй шүү дээ. Аягүй бол ээжтэй минь хамт зодчих байсан байлгүй. Аав гэдэг хүн байдаг эсэхийг мэдэхгүй өссөн. Жаахан байхдаа ээжээсээ аавын тухай асууж чаддаггүй байж дээ. Аравдугаар ангиа төгссөн хойно нэг өдөр зүрх гарган ээжээсээ асууж байсан. Бага байхад саахалт байсан айлын маань хүн миний аав болж таарсан юм. Тэр хүний хүүхдүүдтэй тоглож өссөн дөө. Хожим нь хөдөөнөөс нүүж хотод ирсэн хойноо л тэр хүнийг ааваа гэдгийг мэдсэн.
-Аавтайгаа уулзсан уу?
-Yгүй ээ, гэхдээ би сайн явбал хэзээ нэгэн цагт аавтайгаа уулзана гэж боддог. Одоо тэр хүн Булган аймагт малчин хийж л байгаа байх. Тэр хүнийг ганц удаа Аав аа гэж дуудах эрх олдох байх гэж найдаж байгаа. Хүүхэд байхад намайг мэддэггүй байсан биз. Ээжээсээ тэр хүнээс яагаад салсныг нь ч юм уу, эсвэл яагаад миний аав болсныг асууж чаддаггүй. Ээжийг минь хаячихсан ч юм бил үү. Одой хүний, тэр тусмаа одой бүсгүй хүний амьдрал хэцүү шүү дээ.
-Өөртөө тохиолдсон сонин хачин явдлаасаа хуваалцаач?
-Амьдралдаа үхлээс мултарч байсан азтай тохиолдолоо ярья. Булган аймагт би 3-4 дүгээр ангид байхдаа тугалаа уул руу туучихаад өөрөө өндөр ургасан ногоон дотор хэвтэж байсан юм. Ээжийнхээ бор дээлийг өмссөн байсан. Манай хамаатны ах тэр үеэр тарвага агнаж яваад намайг тарвага гэж бодоод буудах гэж байсан гэсэн. Буудахын өмнө Хошгируулаад үзье гэж л дээ. Тэгэхэд нь би эргэж харсан гэсэн. Ах маань Золтой л буудчихсангүй, юугаа хийгээд энд хэвтэж байгаа юм гэж загнаж байсан нь санаанаас гардаггүй юм. Нэг удаа сагсны бөмбөгөнд цохиулж ухаан алдах дөхсөн. Түүнээс хойш сагсан бөмбөгийн талбайн ойролцоо явахаас их айдаг болсон.
-Кинонд тоглох саналыг хэн тавьсан бэ?
-Аравдугаар ангиа төгсөөд ажилгүй гэртээ байж байтал ангийн маань хүүхэд манайд ирээд Чамайг кинонд тоглуулна, гээд багш нар хайгаад байна, хурдан очоод уулз гэсэн. Би ангийхан маань надаар тоглоом хийж байна гэж бодсон хэрнээ тэр шөнө сэтгэл догдлоод нойр хүрээгүй. Маргааш нь гэртээ байж байтал багш маань хүнээр Сургууль дээрээ хурдан ир гэж хэлүүлсэн байсан. Намайг очиход сургуулийн үүдэнд киноны туслах найруулагч, оператор хоёр хүлээгээд сууж байсан. Кино зохиол нь бэлэн болчихоод залуухан одой эмэгтэйг удаан хайсан гэсэн. Миний талаар манай сургуулиин багш нарын хэн нэгнээс сонссон юм байна лээ. Тэгээд л би санамсаргүй байдлаар Нууцлагдсан сэтгэл киноны Саруулын дүрийг бүтээсэн.
-Өөрөө хайр сэтгэлийн талаар ямар бодолтой явдаг вэ? Хүнд дурлаж байсан биз дээ?
-Хайр гэдгийг итгэл гэж ойлгож явдаг. Нууцлагдсан сэтгэл кинонд тоглож байхдаа гол дүрийн залуу Бадрахын дүрийг бүтээсэн Тамираад дурлах дөхсөн. Дүрдээ хэтэрхий орсон юм шиг байна лээ. Оюутан байхдаа ангийнхаа хөвгүүнд сэтгэл алдарсан. Түүнийг байхгүй үед хэзээ ирэх юм бол гэж бодоод хичээлээ ойлгож чаддаггүй байсан. Түүнийг үеийнхээ охидоос харамлаад охидтой тоглож байгааг нь харахаараа их уурладаг байж дээ. Хайртай болсныг минь мэдсэн хэрнээ намайг тоогоогүй ээ. Би ч түүнд нь гомдоогүй.
-Чи Хана гэдэг аймшгийн кинонд тоглосон байна лээ. Дахиад ч бас тиймэрхүү кинонд тоглоно гэж байсан. Аймшгийн кинонд тоглох дуртай болчихсон юм уу?
-Yгүй дээ, ирж байгаа санал нь аймшгийн кино байна шүү дээ. Би өөрөө түүхэн кинонд тоглох хүсэлтэй. Дээр үед ч над шиг одой хүн байсан биз. Гадаадын улс оронд бол одой хүнийг алиа салбадай болгодог байсан гэдэг. Манай оронд яаж хандаж байсан нь сонин санагддаг юм. Хараал хүрсэн хүн ч гэдэг юм уу их гадуурхдаг байсан байх гэж боддог.
-Цаашид жүжигчин мэргэжлээрээ ажиллах уу?
-Жүжигчнээр ажиллая гэхээр над шиг хүнд тэр болгон дүр олдохгүй байх. Тиймээс цаашид найруулагчаар ажиллах бодолтой байгаа. Yдшийн хэмнэл студийнхэн дипломын ажлыг маань гоё болох юм бол телевизээр цацаж өгнө гэсэн. Дипломын ажлаа хийх гэж олон газраас хандив гуйсан. Танай сониноор дамжуулан миний дипломын ажилд тусласан Монгол телевиз, ТВ-9, ТВ-5 телевизийн захирлуудад баярлалаа гэж хэлмээр байна. Тэд Тэнгис кино театрын рекламыг үнэ төлбөргүй явуулж өгсөн юм. Yүний хариуд Тэнгис кино театрын хамт олон намайг 400 мянган төгрөгөөр ивээн тэтгэсэн. Найруулагчаар ажиллаж, бие дааж хийж байгаа анхны уран бүтээл маань удахгүй олны хүртээл болох гэж байгаа.
-Хэзээ гэр бүлтэй болж амьдрал зохиох вэ?
-Ойрын хэдэн жилдээ хүнтэй суухгүй байх. Над шиг хүн хүнийг танихад хэцүү. Сайн хандсан хүнийг сайн, муу хандсаныг нь муу хүн гэж хэлэх аргагүй юм даа. Өдий 25 хүртлээ ээжээрээ тэжээлгэж яваадаа сэтгэлээр унадаг. Гэхдээ хүн болгоё гээд зүтгэвэл хийж чадахгүй зүйл байхгүй байх. Би чадахгүй гээд суугаад байвал амьдралаас хоцорч, ядуу хэвээрээ байх болно. Ээжийнхээ эгчээр овоглож явдаг. Ээжтэйгээ эгчийнд нь хамтдаа амьдардаг болохоор тусдаа газар авч, хашаа бариад байшинтай болчих юмсан гэж хүсдэг. Гэхдээ газар авах гэж хөөцөлдөх нь мөнгөгүй хүнд хэцүү юм байна. Н.Болормаа дарга дээр орж гуйвал, туслах байх гэж бодож байгаа.
Ардын эрх сонин 108/386/
Г.Буянхишиг