Чингис хаан газар тэнгэрийн хязгаар хүртэл
Харин өнөөгийн монголчууд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойдоо зориулж японуудтай хамтран Чингис хааны тухай дахин нэг киног бүтээх гэж байгаа билээ.
Бөртэ чоно газар тэнгэрийн хязгаар хүртэл киноны зураг авалтыг ямар нэгэн саад бэрхшээлгүй амжилттай болохыг ерөөсөн нээлтийн ажиллагаа өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Элстэйн аманд боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд кинонд оролцож буй багийнхнаас гадна япон, франц улсын элчин сайдууд, хэвлэл мэдээллийнхэн оролцсон юм.
Ёслолын ажиллагааг үйлдэхээр зассан өргөлийн тавцанд жимс жимсгэнэ, идээ будаа тавьж, ариун ёслол үйлдэх бурханы мод босгожээ. Япон лам Монгол бөө нар Бурхан буулгах ёслол үйлдэж Бурханы модонд тэнгэр бурхад морилж ирэхийг урин дуудав. Түүний араас Монгол ардын уртын дуу Эртний сайхан эгшиглэж Өэлүн эх таван хөвүүнтэйгээ бүжин бурхдад дуу бүжиг өргөн барьсан юм. Мөн Монгол, Японы найруулагчид болон гол дүрийн жүжигчид бурхадад ариун мөчир өргөн мөргөж, цацал өргөөд өөрсдийн зүгт нь үдсэнээр ёслолын үйл ажиллагаа өндөрлөлөө.
Тахилгыг үйлдэгч Кадокава Харүки Өндөр сүрлэг уулс, өнгө тунгалаг нуураар дүүрэн Монгол орны Элстэйн ам хэмээх энэхүү зураг авалтын талбайд ариун мод босгон бурхадыг урин дуудаж сүслэн залбирлаа. Чингис хаан Монгол үндэстнийг нэгтгэж өнөөг хүртэл магтан дуулагдсаар байгаа эзэнт гүрний үзэл санаа болох чөлөөт худалдаа, олон янзын шашин, нүүдэлчин соёл иргэншилт олон төрлийн үндэс угсаатны өлгий болсон Монгол хэмээх их улсын үндэс суурийг тавьснаас хойш эдүгээ 800 жил өнгөрчээ.
Би хувь тавилангаар 27 жилийн өмнө Улаан цутгалангийн хүрхрээнд тахил өргөх үед надад Та энэ орны хүмүүстэй хамтран Чингис хааны тухай кино бүтээх болно. Тэр цагт Монголчууд дахин сэргэж нэрээ дуурсгах болно гэж бурхан айлдсан билээ. Би энэ киноны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг зохион байгуулах Yндэсний хороо, Япон улсын Гадаад хэргийн яамтай зөвлөн ярилцаж, бэлтгэлээ хангаснаар кино зураг авалт эхлэх энэ сайхан өдөртэй золгож байна. Чингис хааны амьдрал улс гүрэн байгуулагдсан үеийн түүхийг дэлхий дахинаа толилуулах гэж Монгол Японы алдартай хүмүүсээр багаа бүрдүүллээ. Зураг авалт, гэрэлтүүлэг, дуу бичлэг, хувцас чимэглэлийг удирдан хийлгэх продюссер, Окада Ютака, найруулагч Савай Шинипиро, И.Нямгаваа болон тулалдааны хэсгийн зураг авалтыг хийх Харади Тоорү нар дээд зэргийн техник технологиор энэхүү киног бүтээх болно гэсэн юм. Киноны жинхэнэ зураг авалт өчигдөр эхэлсэн бөгөөд Тэмүүжиний дүрд Соримачи Такаши, Жамухад Хираяма Юүсүкэ, Хулан хатанд Солонгосын жүжигчин Ала нар тоглоно. Харин монголын талаас гол дүрд драмын театрын дөрвөн залуу жүжигчин тоглох гэнэ. Жүжигчин Г.Эрдэнэбилэг Отчигин, Амарсайхан Зэлэм, С.Болдэрдэнэ Хачүн, Т.Түвшинхүү татарын Тэмүүжин үгэ нарын дүрд тоглох болжээ. Киноны бүх бичлэг япон хэл дээр учраас манай жүжигчид ч японоор ярина. Харин киноны дууг Солонгосын жүжигчин эмэгтэй Минк дуулах аж.
Чингис хаан киноны бүрэлдэхүүнд япон, монгол нийлсэн 180 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд Тэмүүжинг төрснөөс эхлээд Цагаан хэрэм, Алтан улсыг эзэлж хаан ширээнд өргөмжлөгдөх хүртлэх үйл явдлыг харуулах юм. Цэргийн зэр зэвсэг, хувцас хэрэглэл зэргийг 30 гаруй байгууллага, хүмүүс, гар урчууд болон дархчууд хийж байгаа гэнэ. Киноны зураг авалтад одоогоор 300-гаад цэрэг, 1000 гаруй агт морьдыг бэлтгэсэн байна. Чингис хаан киноны зураг авалтыг Хугархай, Өндөр дов, Хустайн нуруу, Манзушир, Элстэйн ам зэрэг Улаанбаатар хотын эргэн тойрон дахь 150 км-т хийх бөгөөд ирэх есдүгээр сарын эхээр дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.
Дашрамд дуулгахад долдугаар сарын 15, 16-нд болох Тэмүүжинг хаанд өргөмжлөх ёслолын зураг авалтад 20 мянган хүн оролцуулахаар төлөвлөсөн байна. Чингис хааны үе, тэр дундаа хаан сэнтийд залрах ёслолд биечилж оролцсон хэн болов ч өөрийн эрхгүй Монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэл төрөх болно гэцгээж байлаа.
Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн Японы гол дүрийн жүжигчдээс ярилцлага авахыг хүссэн боловч урьдчилж тохироогүй гээд татгалзсан юм. Тиймээс Монгол талын найруулагч И.Нямгаваагаас цөөн зүйлийг тодрууллаа.
-Энэ кино их эзэн Чингисийн амьдралыг дэлхий дахинд таниулсан сайн бүтээл болж чадах болов уу?
-Япончуудтай хамтран хийж буй энэ кино маань миний долоон жилийн хөдөлмөр байх юм шүү. Монголын нууц товчоо дээр үндэслэсэн 35 мм-ийн хальсаар дэлхийн хэмжээний стандартад нийцсэн кино болно. Японы талаас кинонд зориулж 40 гаруй сая доллар зарцуулж байгаа. Харин манайхан цэрэг, агт морьдыг гаргаж байна.
-Манайхан их хааныхаа дүрд Япон хүнийг тоглуулж байгаад тааламжгүй байгаа?
-Бидэнд яг өнөөдөртөө дэлхийн төвшинд хүрсэн кино хийх тоног төхөөрөмж, мөнгө алга. Киногоо хийлээ гэхэд дэлхийд цацах сүлжээ ч байхгүй. Гэтэл японууд бидэнд том боломж олгож байна. Дэлхий ертөнц өдрөөс өдөрт даяарчлагдаж байна шүү дээ. Хэдий болтол үүх түүхээ хувьчилж авчихаад зөвхөн биднийх, Чингис хаанд зөвхөн монгол хүн тоглох ёстой гээд сууж байх ёстой юм бэ. Японуудтай хамтарч ажилласнаар бид маш их зүйл сурч авах болно. Магадгүй цаашид өөрсдөө бие дааж томоохон бүтээлүүд хийх үндэс суурь болж өгнө шүү дээ. Энэ кино Азийн томоохон кино театруудаар зэрэг цацагдана. Улмаар дэлхий дахинд түгэх юм.