Аргентин үргэлж аюултай

Пекерман Аргентинийг Аврах уу, эсвэл…
Аргентиний шигшээ баг ДАШТ-д хоёр дахиа түрүүлснээс хойш яг 20 жил өнгөрөөд байна. Апдарт Марадонагийн ид гялалзаж явсан тэр үеэс хойших энэхүү 20 жилийн хугацаанд Аргенти­ний хөлбөмбөг томоохон яллат гэхээс илүү сэтгэл гонсойлгосон бүтэлгүйтлээр дүүрэн явж ирлээ.
Одоо Аргентиний шигшээг Хосе Пекерман удирдаж байна.

2004 оны Афины олимпод Арген­тиний залуу хөлбөмбөгчид түрүүлсэн даруй шигшээ багийн ахлах дасгал-жуулагч Марсело Бьелса гэнэтхэн л албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан билээ. Уг нь аргентинчүүд Бьелсаг явмагц Карлос Бьянкиг шиг­шээ багаа удирдах ёстой гэж үзэж байсан ч тэрбээр татгалзсан юм. Ингээд Сорин, Самуэль, Рикельме, Камбьяссо, Бурдиссо, Колооччини, Д. Алессандро, Савиола нарын шигшээгийнхэнтэй балчир насанд нь ажиллаж байсан Хосе Пекерман шигшээгийн дасгалжуулагчаар ирсэн юм. 1998 онд Пекерманд шигшээ багийг удирдах саналыг тавьж байсан ч тэрбээр хүлээж аваагүй аж.

Харин энэ удаад Пекерман урьдын шавь нартайгаа дахин ажиллахыг зөвшөөрчээ.
Пекерман ажлаа аваад удаагүй байхдаа залуу од Карлос Тевесийн шөнийн цэнгээний газраар хэсч, ууж согтуурсан, тавьтиргүйтсэн тухай мэдээг дуулаад Хэрвээ энэ залуу ийм булай явдал дахиж гаргавал Аргентиний шигшээ багт хэзээ ч багтахгүй гэдгээ ойлгох хэрэгтэй хэмээн мэдэгдсэн юм. Пекерманы энэ үг Тевест нөлөөлсөн үү, түүнээс хойш тэрбээр дахин таагүй явдалтай нэр холбогдоогүй билээ.
Пекерманыг мэдэх хүмүүс Тэр бусдын үгийг маш сайн сонсдог. Тэгээд удаан бодсоны эцэст эргэж буцашгүй шийдвэр гаргадаг хүн гэж тодорхойлдог юм билээ.

Сул ба хүчирхэг тал


Пекерман шигшээ багийг удирдсанаасаа хойш бусад мэргэжилтнүүдийн санаанд ч оромгүй хөлбөмбөгчдийг шигшээдээ урин туршилт хийж байлаа. Машерано, Гонсалес, Камбьяссо, Аймар, Рикельме нар түүний багийн цөм нь болж эхлэв. Дараа нь тэрбээр шигшээд уригдана чинээ санаагүй явсан Карлос Тевес, Лионел Месси нарын хүүхдүүд-ийг урилаа. Нийтдээ Пекерман Германийг зорих замын хуудсаа авахын тулд 48 хөлбөмбөгчнийг шигшээд урьсан байх юм. Энэ нь Аргентинд өндөр зэрэглэлийн хөлбөм­бөгчид олон байдгаас сонголт хийх боломж их байдагтай холбоотой байж болох юм. Гэсэн ч Хэчнээн сайн сон­голт хийлээ ч Аргентиний шигшээгийн баярлал бүрт дутагдал байна гэж мэргэжилтнүүд дүгнэж буй аж. Тухайлбал, хаалганд л гэхэд Бока хуниорс-ын Роберто Аббондансьери зогсох төлөтэй байгаа. Энэ урт нэртэй хаалгач торгуулийн цохилтыг хаах мэдрэмжээрээ гайхагддаг ч булангийн цохилт юм уу, захаас хөөргөсөн дамжуулалтын үед хаалганаасаа гарах эсэхийг шийдэж чадахгүй байсаар хаалгаа мялаалгадаг гэмтэй. Тиим ч учраас элэг нэгтнүүд нь түүнийг шигшээгийн нэг дугаарын хаалгач байх ёсгүй хүн гэдэг аж. Гэвч Робертогийн оронд тоглочихоор түүнээс илүү сайн хаалгач одоогоор алга.
Хамгаалалт бол Аргентиний сул тал. Хэрэв Айяла талбайд гарахгүй л бол хамгаалалтын төв хоосонтой адил. Дээр нь зүүн захын хамгаалагч Хуан Пабло Сорин довтлогчтой барьцан урагшаа гүйгээд явчихаар ар тал бүр эзгүйрчих гээд байдаг тал бий. Гэхдээ Манчестер Юнайтед-ийн Габриэль Хайнцегийн бэртэл эдгэж, Депортиво Ла Коруньягийн Фабрисио Колоччинитэй элдэв зүйл тохиолдохгүй бол хамгаалалт бас ч найдвартай гэж хэлж болно. Мөн Интер Вальтер Самуэль ч бий.
Хагас хамгаалалт бол Аргентиний шигшээ багийн хамгийн хучирхэг хэсэг.

Энд Хавьер Машерано, Эстебан Камбьяссо хоёр хөдөлгүүр нь болж Рикельме, Месси нар толгой нь болж байдаг. Гэхдээ Мессигийн гэмтэл нь, ДАШТ-ий эхний тоглолтод оролцох боломжгүй болгоод байгаа нь Пекерманы санааг зовоож байсан ч гэмтэлтэй байсан Пабло Аймар бүрэн эдгэрснээр санааг нь амраагаад байна.
Довтлогчоор Эрнан Креспо – Карлос Тевес хоёр хослон тоглох нь тодорхой байгаа. Тэгээд ч тэр хоёрыг орлож тоглож чадахаар төвшний довтлогч өнөөдөртөө Аргентинд байхгүй байгаа.
Аргентиний шигшээ үргэлж аюултай өрсөлдөгч байсаар ирсэн. Тэд Бразилийг хожиж чадсан хэрнээ парагвайчуудад хожигдож орхидог оньсого шиг баг билээ.
Хосе Пекерман ДАШТ оролцох шигшээ багийнхаа 23 хөлбөмбөгчний нэрийг нэгэнт зарлаад байгаа билээ. Ингээд азтай 23-ыг толилуулья.

Хаалгачид
Роберто Аббондансьери /1 дугаартай/, Леонардо Франко /12/, Оскар Устар /23/

Хамгаалагч ид Роберто Айяла /2/(Хуан Пабло

Сорин /3/, Фабрисио Колоччини /4/, Габриэль Хайнце /6/, Габриэль Милито /15/, Леандро Куфре /17/,
Николае Бурдиссо /21/

Хагас хамгаалагчид

Эстебан Камбьяссо /5/, Хавьер Машерано /8/, Хуан Рамон Рикельме / 10/, Лионель Скалони /13/,
Пабло Аймар /16/, Максимилиано Родригес /18/, Лионел Месси /19/, Луис Гонсалес /22/

Довтлогчид

Хавьет Савиола 17/, Эрнан Креспо / 9/, Карлос Тевес/11/, Родриго Паласио /14/, Хулио Крус/20/

Хэсгийн тоглолтын хуваарь

2006.06.10

Аргентин – Кот дИвуар /Гамбург/

2006.06.16,

Аргентин – Серби ба Монтенегро/

Гельзинкирхен/

2006.06.21
Голланд – Аргентин /Франкфурт/

Ардын эрх сонин 108/386/

Р. Мөнхдаваа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button