Баримтгүй мэдээлэлд сайтын байр суурийг ашиглахгүй байхыг хүсэж байна

Уг мэдээлэлд Олон улсын байгууллагад эргэн төлөх хөрөнгө болох 400.0 ам долларыг хувийн банканд шилжүүлж, тэндээс өөрийн Начин заан ББСБ-руу зээл олгуулсан, мөн Дэлхийн банкны шугамаар ядуурлыг бууруулах зорилгоор олгосон хөнгөлөлттэй зээлийг Голомт банкнаас өөрийн эрх мэдлийг ашиглан 200 мянган ам.долларыг Начин заан ББСБ-д олгосон тухай барин тавин мэдээлэл манай сайтын сэтгэгдэл дээр сүүлийн хагас сарын турш үзэгдэх болсон.
Удаа дараа тавигдаад байгаа уг мэдээллийн мөрөөр манай сайт сурвалжилсан бөгөөд Монгол банкны ерөнхийлөгч А.Батсүхтэй холбоотой уг мэдээлэл нь ямар ч ор үндэсгүй, гүтгэлгийн шинжтэй байна гэж үзэж байна.
Түүнчлэн Начин заан банк бус санхүүгийн байгууллага болоод олон улсын байгууллагуудтай холбоотой ямар нэг өр зээлийн асуудал байхгүй юм байна. Энэ тухай ч холбогдох газруудаас баримт бүхий мэдээлэл ирсээр байна. Иймд манай сайтын зүгээс уг үндэслэлгүй мэдээллийг цаашид байлгах боломжгүй юм.
Хэрэв манай сайтын иргэдийн сэтгэгдэл санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэсэгт бичсэн энэхүү мэдээлэл нь үнэхээр баримттай гэж үзэж байгаа бол баттай эх сурвалж хэмээн үзэж мэдээллэж байгаа хүн, нотолгоо бүхий баримтаа манай сайт дээр өөрийн биеэр авч ирэн сайтад албан ёсоор тавиулах боломжтой бөгөөд таны нэр хаягыг хуулийн дагуу нууцлах болно.

Хэрэв ямар нэг баримт нотолгоогүй зүйлээр хэн нэгэний нэр төрд халдах, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх гэсэн зохисгүй үйлдэлдээ манай сайтын ард түмний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог байр суурийг буруугаар ашиглахгүй байхыг анхааруулж байна. Харин үнэн бодитой, баримттай мэдээлэлд манай сайт нээлттэй байх болно.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button