Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл Монголд хэрэгжүүлэх төслүүдийг баталжээ
Ерөнхий сайд Монгол Улс болон Дэлхийн банкны сүүлийн 16 жилийн хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байдгаа илэрхийлж, ялангуяа манай улсын эдийн засаг, нийгмийн шилжилтийн хүнд бэрх үед тусалж дэмжиж ирснийг нь талархан тэмдэглэв. Тэрээр Монголд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдээс Дэлхийн банкны хэрэгжүүлж буй ажлууд үр дүн сайтай байдаг гэсэн дүгнэлттэй явдгаа хэлж, тус банкны манай улсад явуулж байгаа үйл ажиллагааны цар хэмжээ хадгалагдан үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Манай улс Олборлох салбарын ил тод байдлын санаачилгад нэгдэж байгаа 23 дахь орон болж буй бөгөөд энэ идэвхи чармайлтыг Дэлхийн банк дэмжиж буй юм. Їүнд Ерөнхий сайд талархал илэрхийлж, өрхийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэх, дэд бүтцийг сайжруулах болон шувууны томуу өвчинтэй тэмцэх чиглэлээр тус банктай хамтран ажиллах Засгийн газрын сонирхлыг илэрхийлэв.
Түүнчлэн Ерөнхий сайд ашигт малтмалын салбарт шинэ нөхцөл байдлыг үүсгээд байгаа Гэнэтийн ашгийн татварын тухай хуулийн талаар танилцууллаа. Энэ нөхцөл байдал нь тус салбарын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хангах, бизнесийн үйл ажиллагааг нь хэвийн байлгахад анхаарал хандуулж ажиллах шаардлагыг Засгийн газарт бий болгож буйг Ерөнхий сайд дурдав.
Ноён Чой Жун Кён нэмүү өртгийг Засгийн газар болон хөрөнгө оруулагчид зөв, шударга хуваарилах явдал ихээхэн чухал гэдгийг онцолж, ингэхдээ байгаль орчныг хамгаалах асуудлыг түлхүү тавьж шийдвэрлэх нь зүйтэй гэлээ. Байгаль орчныг хамгаалах асуудалд Дэлхийн банк хүчтэй бодлого барьж ажилладаг тул энэ чиглэлээр хамтран ажиллаж болохыг тэрээр санал болгов. Мөн тэрээр Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг улс орнуудын тайлангаар Монгол Улс 2005 онд төрийн захиргааны болон төсвийн удирдлага сайжирсан, бусад үзүүлэлтийн хувьд Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай харьцуулахад зохих түвшинд байна гэсэн дүнтэй гарсныг танилцуулж 2004, 2005 онуудын харьцуулсан тайланг Ерөнхий сайдад гардууллаа.
Уулзалтын эцэст ноён Чой Жун Кён Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд амжилт хүсч, үүний хүрээнд цөөнгүй улс үндэстний дунд тархсан Чингис хааны талаарх буруу ташаа ойлголтыг залруулж, түүний хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг зөвөөр дэлхий нийтэд таниулах нь зүйтэй гэсэн хувийн бодлоо илэрхийлэв. Ерөнхий сайд үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, НЇБ-аас тусгайлан тогтоол гаргаж гишүүн орнууддаа Дэлхийн хүн Чингис хааны байгуулсан Төрт улсын их ойг хамтран тэмдэглэхийг уриалсанд Монголын олон нийт талархаж байгааг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтад Ерөнхий сайдын ахлах зөвлөх Д.Батбаяр, Гадаад бодлогын зөвлөх Д.Даваасүрэн, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Саха Мейенатан нар байлцлаа.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ