Ч.Улаан ГЭНЭТИЙН АШГИЙН ТАТВАРЫН ТАЛААР төр бодлогоо тодорхойлсон
Ч.Улаан
-УИХ 2006 оны төсвийн тодотголыг хоёр сар гаруйн хугацаанд тал талаас нь, нухацтай хэлэлцэн баталлаа. Тодотгол хийхийн өмнө холбогдох хэд, хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хаврын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж баталсан анхны тохиолдол нь энэ оных юм. Төсвийн тодотголоос шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хандлага, чиглэлийг харж болно. Энэ оны төсөв нийгмийн асуудалд түлхүү анхаарснаар онцлогтой. Мөн хөрөнгө оруулалтын зардал нэлээд хэмжээгээр нэмэгдсэн. Хөрөнгө оруулалт бол ирээдүйд чиглэсэн зардал байдаг. Энэ утгаар энэ оны төсөв ирээдүйд чиглэсэн бүтээн байгуулалтыг бий болгоход Засгийн газар анхаарч буйн тод дохио боллоо. Сүүлийн үед Алт, зэсийн үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татварын тухай хуульд хориг тавих нь, удахгүй хүчингүй болгох нь гэсэн элдэв яриа их гарч байна. Төр бодлогоо нэгэнт тодорхойлсон, хуулиа баталсан, төсөвтөө суулгалаа шүү дээ.
Т.Ганди
-Нийгмийн салбарын хувьд төсвийн тодотголын бодлого ач холбогдол өгөхүйц байв. Төсвийн нэгдсэн санхүүжилтийн 41.2 хувь нь нийгмийн бодлогод чиглэсэн. Тэтгэвэр, тэтгэмж, цалингийн нэмэгдэл, хүүхдийн мөнгөн тэтгэлгийг шийдлээ. Мөн урьд нь он дамжиж ярилцаад ч шийдэж чадаагүй, одоо аж ахуйн нэгдлийн гишүүдийн хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг бүрэн тэтгэврийн доод хэмжээнд хүргэх, цэргийн албан хаагчдад тэтгэлэг олгох зэрэг асуудлыг шийдлээ. Мөн хүүхдийн мөнгийг эцэг, эх нь баян, ядуу гэж ялгалгүй, зөвхөн сургуульд хамрагдсан, вакцин хийлгэсэн зэрэг нөхцөлийг харгалзан олгох болсон нь нэг дэвшил болсон.
Н.Баяртсайхан
-Төсөвт тодотгол хийсэн нь Монгол Улсын эдийн засаг хөгжлийн шинэ шатанд гарч буйг харууллаа. Тодотголоор энэ оны төсвийн орлогыг 200 тэрбум төгрөгөөр, зарлагыг 185 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Өмнө нь төсөвт тодотгол хийхдээ 10-20 тэрбум төгрөгөөр л орлого, зарлагыг нэмдэг байсан. 2006 оны төсвөөр нийгэм, эдийн засагт тулгамдсан том, том асуудлуудыг шийдэхээр боллоо. Тухайлбал, цалинг нэмэгдүүлэхэд 40 тэрбум төгрөг зориулна. Үүний 33 тэрбумыг нь төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмэгдүүлэхэд, үлдсэнийг нь төрийн албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс төлөхөд зориулна. Мөн төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даахад 224 сая төгрөг зарцуулахаар боллоо. 1995 оноос өмнө, хойно тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн мөнгө их зөрүүтэй байдаг. Энэ тухай 10 жил ярьсан. Тэгвэл үүнийг цэгцлэхэд их анхаарлаа. Үүнээс хойш тэтгэврийн зөрүүг 2006 онд арилгасан гэж ярих болно. 0-18 насны бүх хүүхдэд сар бүр 3000 төгрөг өгөхөд 22.4 тэрбум төгрөг зориулахаар төсөвлөсөн. Шинээр төрсөн хүүхэд бүрт 100 мянган төгрөг өгөхөд 4.5 тэрбум, шинэ гэр бүлд 500 мянган төгрөг олгоход 3.2 тэрбум төгрөг зориулна. Төсвөөр шийдсэн нэг арга хэмжээнд Засгийн газар их баяртай байгаа. Тэр нь Буман нарны гэрэл төсөл. Уг төслийг хэрэгжүүлэхэд зориулж 9.2 тэрбум төгрөг улсын төсөвт суулгалаа. Ингэснээр малчид маань харанхуй гэрт лаа барьж суухаа болино. Улсын хэмжээнд 120 мянган айл гэрэл цахилгаангүй гэсэн тоо бий. 2006-2007 онд багтааж дээрх айлуудыг нар, салхины эрчим хүчээр хангана гэв. Үүний дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Манай улсын төсвийг хэт үрэлгэн, иргэддээ бэлэнчлэх сэтгэлгээг төрүүлдэг гэж олон улсын байгууллагынхан шүүмжилдэг. Энэ тухайд юу хэлэх вэ?
Ч.Улаан
-Гаднынхан төсөв чинь хэт үрэлгэн байна гэдэг. Хамтарч ажилладаг олон улсын банк, санхүүгийн байгууллага, манай улсын Засгийн газрын байр суурьт зөрүү бий. 0-18 насны бүх хүүхдэд сар бүр 3000 төгрөг өгөлгүй зөвхөн ядуу айлын хүүхдэд л тэтгэлэг олговол дээр биш үү гэж гаднынхан зөвлөдөг. Гэхдээ бид эцэг эх нь баян тарган гэж хүүхдийг ялгаварлах нь буруу гэж үзсэн.
-Алт, зэсийн үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татварын тухай хуулийн талаар төр нэгэнт бодлогоо тодорхойлсон гэлээ. Гэвч энэ хуулийн тухай хэл ам тасрахгүй байна. Төсвийн орлого болох 200 тэрбум төгрөгт уг хуулиас олох мөнгийг багтааж тооцсон уу. Хэрэв хууль уналаа гэхэд төсөвт сөргөөр нөлөөлөх үү?
Н.Баяртсайхан
-Засгийн газар ашигт малтмал ашиглах нөөцийн төлбөрийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэх тухай хуулийн төсөл өргөн барьсан ч УИХ түүнийг хойшлуулсан. Гэхдээ Алт, зэсийн үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг УИХ хэлэлцэж баталсан учир Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Уг хуулийг баталснаар 86 тэрбум төгрөгийн нэмэлт орлого орж ирнэ гэсэн тооцоо хийгээд байна. Энэ оны төсвийн 200 тэрбум төгрөгийн орлогод дээрх мөнгийг багтааж тооцсон. Энэ хууль 86.1 тэрбум төгрөгийн орлого оруулж байгаагаар сайн талтай. Мөн нөгөө талд сөрөг зүйл ч бий л байх. Сөрөг талыг багасгах бодлогыг Засгийн газар давхар бодож ажиллана.
Ч.Улаан
-Энэ татвар бол түр зуурынх. Хэдий хугацаанд үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Хөрөнгө оруулагчдад яаж нөлөөлөхийг тооцоход бэрх. Уг хуулиас үүдэн сөрөг үр дагавар гарлаа гэхэд үүнийг нь Засгийн газар анхаарч, бодож ажиллах ёстой.
-Гадаад болон дотоод өрийг барагдуулахад хэр анхаарсан бэ?
Н.Баяртсайхан
-Манай улсын гадаад өр ДНБ-ий 80 хувьтай тэнцэж буй. Үүнийг өсгөхгүй байх бодлого баримталж буй. Одоогоор тогтоосон хугацаанаас хэтэрсэн өр байхгүй.