Танайхыг сонгосон нь миний буруу юу?
Саяхны нэг өдөр хэрэг болгон тийшээ оров. Үдийн хоолны цагтай давхцсан болохоор тэр байх, үйлчлүүлэгч олон. Арай гэж нэг ширээ суларлаа. Өмнөх хүний хоолны үлдэгдэлтэй тавагнуудаар дүүрсэн ширээний цаана сууж менюг нь эргүүлж байтал үйлчлэгч бүсгүй ирээд Та идсэн хоолныхоо хөлсийг төл дөө гэдэг байгаа. Эхлээд гайхлаа. Ширээгээ цэвэрлээгүй байж идээгүй хоолны мөнгө нэхлээ гэж бодоод дараа нь уур ч хүрэх шиг. Уучлаарай бид хоолоо захиалж ч амжаагүй л сууна. Та андуураад байна даа гэвэл Өө нээрээ тийм байна ш дээ гэж хэлээд хээв нэг яваад өгдөг юм байна. Тэгж ингэж байсаар хоолоо захиаллаа. 30 минут өнгөрлөө, зөөгч охины бараа ч алга. Хүлээсээр л суулаа. Түргэлэхийг сануулбал Одоохон гэж толгой дохисон ч бас байдаггүй. Найз бүсгүй маань бухимдаж эхлэх нь тэр. Ядаж байхад түүнийг би Зөөлөн дажгүй гээд хэлчихсэнийг ч хэлэх үү. Дэмий л Яанаа, цагийг чинь үрчихлээ дээ гэж Зөөлөн-гийнхний өмнөөс уучлал гуйж суулаа.
Арай гэж зөөгч бүсгүй хоолоо барьсаар ирлээ. Цав цагаан тавган дээр ходоод баясгах хоол маань өнгө алаглана. Үнэр ч сайхан. Гэтэл зөөгч бүсгүйн хуруу хоол руу хэдийнэ шургаж амжсан байх нь тэр. Шөлнийх нь хүрэн өнгө хурууных нь өндгөнд тодоос тод мөрийг үлдээжээ. Зөөгч бүсгүй хуруугаа нуух гэж хичээсэн ч бүтэлгүйтэж, бид ч нүдээ нуултай биш…
Гарынх нь нян хэдийнэ орчихсон доо гэх бодол зурсхийж, дотор ч эвгүйцлээ. Ингээд л бидний сайхан хооллох талаар болж, хоёул сэтгэл гонсгор гарцгаасан юм. Гэхдээ өөр газраас даагаа нэхэхээр шийдэж Тендерт тухаллаа.
Хүн цөөн тул зөөгч залуу ч тэр даруй бидэн дээр ирдэг юм байна. Нэг л их хөмсгөө зангидсан хүн. Бараг Та нар яах гэж орж ирэв гэх аястай харагдана. Менюг нь харж байгаад бифштекс захиалбал Байхгүй ш дээ гэх нь тэр. Эцэст нь хоёул нэг нэг шар айраг дээр буув . Гэтэл ууж„.буй пивоны маань шилний ёроолд нь юу ч юм бэ хөвөх. Тунадас гэж яриад байдаг нь ч юм уу чөтгөр бүү мэд. Сайн харвал бужигнаж байна аа. Сэгсрээд үзвэл бүр пургихыг нь яана гээч. Зөөгчийг дуудаж үзүүлбэл Наад пиво чинь ердөө ганцхан ширхэг үлдчихсэн байсан юм. Одоо өөр байхгүй гээд жишим ч үгүй. Тэгснээ Хоёр сарын өмнө манайд ирсэн юм аа гэж улайв. Тэгсэн хэрнээ 1500 төгрөг нэхэж байгаа юм даа.
Уг нь бид хамгийн гайгүй гэж бодсондоо орж л үйлчлүүлсэн юм. Гэтэл байж байгаа царай нь энэ л байна. Зөөлөн, Тендер-ийнхэнд хандаж хэлэхэд, танайхныг сонгосон бидний буруу биш байлтай.
(Ардын эрх 109/287)
Г.НЭРГҮЙ