МИАТ-ийн захирлын томилгоо маапаантай болжээ
Ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүй. Хуучин захирал Б.Цогоо хөрөнгө санхүүгийн ноцтой алдаа гаргасан тул түүнийг хуулийн дагуу албан үүргээс нь чөлөөлсөн хэмээн мэдэгдэж байсан. Гэвч экс захирал, ноён Б.Цогоо үүнийг үгүйсгэж байна. МИАТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл Хөдөлмөрийн хуулийн 22 дугаар зүйл, МИАТ ХК-ийн дүрмийн 8.5 дахь заалтыг тус тус үндэслэн Б.Цогоо захиралтай энэ оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл үр дүнгийн гэрээ байгуулжээ. Улмаар өнгөрсөн хугацаанд тэрбээр компанийн дүрэм, ТУЗ-тэй байгуулсан гэрээний дагуу МИАТ-ийг удирдан ажиллаж, 2005 оны эцэст татварын өмнөх ашиг 2.3 тэрбум, татварын дараахь цэвэр ашиг 1.1 тэрбумд хүрсэн бөгөөд үүнээс 157.0 сая төгрөг нь ТӨХ-ноос баталсан орлогын төлөвлөгөөнөөс давсан цэвэр ашиг байжээ. Мөн энэ хугацаанд МИАТ компанид нислэг техникийн ямар нэгэн аваар осол гараагүй гэнэ. Иймд ТУЗ-тэй байгуулсан гэрээг бүх үзүүлэлтээр хангалттай биелүүлсэн гэж ТӨХ болон ТУЗ дүгнэж ТӨХ-ноос түүнд 2005 оны төрийн өмчийн шилдэг менежер өргөмжлөл хүртээж, өнгөрсөн жилийн ажлын үзүүлэлт компанийн олсон цэвэр ашгийг харгалзан 27.8 сая төгрөгөөр шагнасан аж. Гэтэл гэнэтхэн МИАТ компанийн ТУЗ 2006 оны тавдугаар сарын 11-ний өдөр гүйцэтгэх захирлыг чөлөөлөх шийдвэр гаргажээ. МИАТ-ийн захирал асан Б.Цогоо үүнийг эсэргүүцэж, өврийгөө үндэслэлгүй халагдсан гэж үзэж буй аж. Түүгээр ч зогсохгүй эмнэлэгт хэвтэж байхад нь түүнийг оролцуулалгүйгээр ТУЗ хуралдсан гэв. Мөн ажлыг нь огт хүлээлцүүлээгүй мөртлөө дараагиин захирлыг шууд томилж ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо хэмээн тэрбээр ярьсан юм.
Хуулиар хамгаалагдах ёстой эрх ашиг нь зөрчигдсөн гэж Б.Цогоо захирал МИАТ-ийн ТУЗ болон ТӨХ-ны эсрэг Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Мөн захирал тэрбээр МИАТ компанийн ТУЗ-ийн тавдугаар сарын 11-ний ажлаас чөлөөлөх, томилох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, одоогийн захирал Б.Эрдэнэбилэгийн үйл ажиллагаа явуулах эрхийг хориглосон захирамжийг урьдчилан гаргуулахаар шүүхэд хүсэлт тавьсан байна.
Энэ асуудлыг хэлэлцээд Хан-Уул дүүргийн шүүх 508 тоог захирамж гаргажээ. Уг захирамжид МИАТ компанийн ТУЗ Б.Цогоог ажлаас халах тогтоол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-д заасан Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана, мөн зүйлийн 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэсэн заалтын дагуу ажил хүлээлцэх хугацааг тогтоож хэрэгжүүлээгүй байх тул, мөн Б.Цогоогажлаас халах шийдвэр гарсан боловч ажил хүлээлцэх хугацааг уг шийдвэрт заагаагүй байх тул Б.Цогоо МИАТ компанийн захирлын үүрэгт ажил, түүний хариуцлагаас чөлөөлөгдөөгүй, МИАТ компанийн ТУЗ болон гүйцэтгэх захирал Б.Цогоо нарын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй, шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбилэгт МИАТ компанийг төлөөлөх бүрэн эрх хуулийн дагуу үүсээгүй байна гэж дүгнэжээ.
Иймд өнөөдрийг хүртэл Б.Цогоо нь МИАТ компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажил, хариуцлагаас чөлөөлөгдөөгүй байгаа бөгөөд тэрбээр энэ сарын 5-ны өдрөөс ажлаа хүлээлгэн өгч чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд МИАТ компанийн гүйцэтгэх захирал хэвээр үлдэх болжээ.
2006.06.6 Монголын мэдээ