Сэргээн босголт, Хөгжлийн банк суурин төлөөлөгчийн газраа нээнэ

Энэ айлчлалын үеэр тус банкны суурин төлөөлөгчийн газар Улаанбаатарт үүдээ нээх юм. Айлчлалын бэлтгэлийг хангах зорилгоор Монголд ажиллаж байгаа тус банкны Төв Азийн бүсийн захирал Масару Хонма, ерөнхийлөгчийн улстөрийн зөвлөх Махир Бабаев тэргүүтэй төлөөлөгчдийг Ерөнхий сайд М.Энхболд өчигдөр хүлээн авч уулзан уг айлчлалд Засгийн газар анхааралтай хандаж байгааг илэрхийлэв. Монгол Улс Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүн орон юм. Манай улсын гишүүнчлэлийн статусыг ахиулж зээлжих эрхтэй болгох талаар хоёр тал идэвхтэй ажиллаж байгаад Ерөнхий сайд талархаад, энэ эрх удахгүй нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Хэдийгээр зээлжих эрх нээгдээгүй байгаа ч хөгжлийн албан ёсны тусламж болон техникийн туслалцааны хүрээнд хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буй нь тэмдэглүүштэй юм гэж Ерөнхий сайд онцлов.
Манай улсыг зээлжих эрхтэй гишүүн болгоход чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд тус банкнаас Монголын хувьд баримтлан ажиллах стратегийг боловсруулж байгаа аж. Стратегид мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх, байгалийн эрхшээлээс хараат бус болгож хөгжүүлэх болон Монгол Улсын хөгжлийн таван бүс, тулгуур найман хотын дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг тусгахыг Ерөнхий сайд санал болгов. Тус банк ихэвчлэн хувийн хэвшилд тулгуурлан ажилладаг бөгөөд оёдол, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, харилцаа холбоо, зочид буудлын үйлчилгээ зэрэг өргөн хүрээтэй салбарт санхүүгийн үйлчилгээ үзүүлэх бололцоотой аж.

Ноён Масару Хонма, Махир Басаев нар банкны зүгээс Монгол Улстай хамтран ажиллах бэлтгэл ерөнхийдөө хангагдсан гэдгийг албан ёсоор мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

2006.06.6 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button