Мөнх тэнгэрийн дуудлагаар
Энэхүү тоглолт нь Монголд урьд өмнө хэзээ ч болж байгаагүй нүсэр арга хэмжээ болох юм. Монголын бүх уран бүтээлчид, урлаг соёлын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд сайн дурын үндсэн дээр энэхүү тоглолтод оролцох бөгөөд Бөхийн өргөөнд нийтийн дуучид, Соёлын төв өргөөнд хошин урлагийнхан, UB Palace-т рок, попынхон нэг зэрэг тоглож, өөр хоорондоо дэлгэцээр шууд харилцахын дээр телевизийн студид улстөрчид нэгэн зэрэг ярилцлага хийх аж. Мөнх тэнгэрийн дуудлагаар тоглолт нь 800 жилийн өмнө нэгдсэн Монгол Улсыг байгуулж чадсан монголчууд одоо ч гэсэн энэ хэвээрээ эв нэгдэлтэй хүчтэй байгаагаа харуулах томоохон завшаан болж байна. Энэхүү арга хэмжээг таван телевиз зэрэг шууд цацаж нэвтрүүлгийг телевизийн суваг бүрийн авьяаслаг хөтлөгчид хөтөлнө.
Мөн төрийн гурван өндөрлөг, УИХ-ын 75 гишүүн энэ тоглолтыг үзэж хандивын сангийн хуримтлалаар Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хөтөлбөрт орсон арга хэмжээг санхүүжүүлэх юм. Тоглолтын тасалбарын үнэ таван мянган төгрөг аж.