Их Монгол Улс бүрэлдэхэд мянгад түмний оруулсан хувь нэмэр
Эдгээр овог аймгуудаас өдгөөг хүртэл өөрийн угсаатны нэрээ дээдэлсээр оршин ирсэн нь цөөхөн. Ховд аймгийн Мянгад суманд газарчин, бошго, товсон, Бүргэд зэрэг олон овгийн нийлбэр бүхий мянгад угсаатан Их Монголын тулгар төр тогтсон түүхт 800 жилийн ойг тэмдэглэхэд ихэд ач холбогдол өгч байгаа нь түүхэн тодорхой уламжлал онцлогтой холбоотой ажээ.
Энэ угсаатаны тухай БНМАУ-ын угсаатны зүй ба Болор эрхи сурвалж бичигт Мянгад нь Монголын тулгар төр байгуулахад хүчин зүтгэж явсан аймгийн нэг, хожим бага хаадын үед Алтайгаас Хянганы нуруу хүртэл тархсан бөгөөд манай улсад Хөвсгөл, Говь-Алтай, Ховд аймгийн зарим суманд мянгадаар овоглосон, бүлэг хүмүүс нутагладаг хэмээгээд гол суурьшил нь Ховд аймгийн Мянгад сум гэж тодорхойлжээ.
Их Монгол Улсын тулгар төрийг байгуулахад Их Монгол хэмээх аймаг оролцсон тухай мэдээлэл байдаг. Он цагийн удаашралын явцад зарим овог аймгийн нэр өөрчлөгдсөн ч Ойрд, Урианхай, буриад зэрэг 20-иод ястны нэр өөрчлөгдөлгүй өдийг хүрлээ.
Эдгээрээс гадна мянгадууд нэрээ өөрчлөлгүйгээр нэрлэгдэн явсаар найман зууныг туулсан нь ховор тохиолдол бөгөөд түүхэн гавьяа гэж мянгадууд бахархан үздэг байна. Мянгад ястан зөвхөн Монгол төдийгүй Афганистаны Гиндигушын уулс, Энэтхэг, Өвөрмонгол, ОХУ-ын Тува, Енесей мөрний сав дагуу нутагладаг байна. Мөн Монголын нууц товчоо-нд Уруд, Мангуд хэмээх хоёр дайнч аймгийн тухай тэмдэглэн үлдээсэн байдаг.
Мангудын удирдагч Хуйлдар сэцэн Чингис хаан Хэрэйдийн Ван хаантай хийсэн тулалдаанд гарамгай гавьяа байгуулан амь эрсэдсэн тул уг аймгийг дархалсан хэмээдэг. Түүхчид энэхүү Мангуд аймгийг мянгад хэмээх нэрний анхны хувилбар бөгөөд мянгадуудын өвөг дээдэс гэж үздэг.
Эзэнт их гүрний үед ч өдгөө ч мянгад хэмээн нэрлэгдсээр ирсэн нь Ховдын болон гадаад, дотоодын мянгадуудын түүхэн гавьяа гэж онцолбол зохино гэж Монгол Улсын гавьяат хуульч О.Лхамсүрэн гуай өгүүлсэн юм. Тэрээр Тулгар их төртэйгээ нас сүүдэр зэрэгцэж найман зууныг туулсан цөөн тооны мянгад иргэд монгол түмэн, Монголын төр засаг, тулгар төрийн 800 жилийн ойн ажлыг удирдан зохион байгуулах үндэсний хороонд талархаж, мянгад түмний талаар туулсан түүхэн замналыг нь алдаршуулах талаар зохистой арга хэмжээ авна гэдэгт найдаж байгаагаа уламжилсан юм.
Мянгадууд нь Баруун Алтайн чанадаас Зүүн Тагина соёны нуруу буюу ОХУ-ын Тувагийн нутагт ойн иргэдтэй нутаглан явсан түүхтэй. Одоогийн Тува улсын нийслэлийн ойролцоохь Хэмчиг голын хавьд нэгэн үе нутаглан амьдарч байжээ. Монголын тусгаар тогтнолын төлөөх бослогод оролцож, Хөвсгөл нутагт шилжин Шадарван Чингүнжавын албат торгон цэрэг болж явж. Манжийн эсрэг тэмцсэн Чингүнжав вангийн гол түшмэг цөм нь болж явсан мянгадууд Чингүнжав ванг цаазлуулсны дараа хошуу ноён Доржцэрэнтэй заргалдан тэмцэлдсэний улмаас Шадар вангийн хар туг, түмэн цэргийн харангыг нь нууцлан авч Ховд аймгийн Алтан хөхийн өвөр энгэрт нутаглан суурьшсан байна. Чингүнжав вангийн цэргийн хар тугийг Гомбо сахиус болгон дээдэлж байсан түүхтэй юм. Энэ харанганы тухай баруун Монголын ард түмний дунд олон домог яриа бий. Мянгадын голын дацанд уг харангыг дэлдэхэд Өөлдийн шар сүмд сонсогддог байсан тухай өвгөд хуучилна.
Уг хоёр сүм хоорондоо 70гаруй км-ийн зайтай. 1920-иод оны үед уг харанга цуурахад захчины Сундуй гүний хошуунаас дархан урьж гагнуулж байсан гэдэг. Алтан Хөхийн уул овоо нь эдүгээ төрийн тахилгатай болон алдаршиж тахилга тайлгад нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцсон нь зөвхөн мянгад түмэн төдийгүй баруун хязгаар нутгийн ард түмний баяр бахдлыг төрүүлсэн үйл явдал болсон билээ. Мянгадууд Алтан хөхийн өвөрт суурьшин Ховдын манж амбаны захиргаанд орж захирагдсан боловч Богд хаант Монгол Улс байгуулагдмагц монгол угсаатнаа дэмжин туслахаа зоригтойгоор илэрхийлсэн юм.
Ховд хотыг Манжийн эзэмшлээс чөлөөлөх байлдаанд идэвхтэй оролцсон 20 цэрэг нь баатарлаг тулалдсан тул шашин төрийн нэрт зүтгэлтэн Жалханз нутагт Дамдинбазар Алтан Хөхийн овоог тахиж байжээ. Иймээс мянгад түмнийг мялаан хөхиүлэх асуудлыг их ойн ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хороо ойрын хугацаанд албан ёсоор авч хэлэлцүүштэй асуудал хэмээх саналыг Мянгадын иргэд тавьж байна.
Европ, Ази хоёр тив дамнан ихээхэн хэмжээгээр тархсан мянгадуудаас зохион байгуулалттай хошуу, сум болж бэхжин тогтсон нь Ховдын Мянгад сум байдаг. Тулгар төрийг байгуулахад хүчин зүтгэсэн Мянгадуудын гавьяаг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор алдаршуулах арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй хэмээн Ховд аймгийн Мянгад сумын иргэд үзэж байна.