Туурайн төвөргөөн Элсэн тасархай, Хөвсгөлд
Тэр үед концертын танхимд, дөрвөн ханын дунд, хөгжимчид ёслолын хувцсаа өмсөөд хөгжим тоглох нь хэдийнэ хэвшмэл болсон байлаа. Яг л тэр үед эдгээр залуус дэлхийн олон орны хөгжимчдийг Монголд урин ирүүлж, Монголынхоо театруудын танхимд, тайзнаа биш, байгалийн сайханд хөгжим тоглох цоо шинэ зүйл эхэлж байсан билээ. Энэ наадам эдүгээ Монголын урлаг, соёлынхон төдийгүй дэлхийн олон орны шинэ хөгжимчдийн хүсэн хүлээдэг наадам болжээ.
Туурайн төвөргөөн олон улсын шинэ хөгжмийн ес, аравдугаар наадам өчигдөр Чойжин ламын музейд нээлтээ хийв. Герман, Швейцарь, АНУ, Австрали, Япон, Бельги, Солонгос зэрэг 14 орны 100 орчим уран бүтээлчид хүрэлцэн иржээ. Тэд Улаанбаатар, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудад 17-ныг хүртэл концертоо тоглохын зэрэгцээ Монголын урлаг, соёл, ардын язгуур урлагтай танилцаж, хөөмий, бөөгийн чуулганыг сонирхох юм. Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээ шинээр зохион байгуулах болсон тухайгаа зохион байгуулагчид мэдэгдсэн. Ард түмнийхээ зан заншил, ёс жаягийг гадаадынханд сурталчлах үүднээс Монголын нэг өдөр хөтөлбөрийг нэмж оруулжээ. Төлөөлөгчид нэг өдрийг малчин айлд өнжиж, хонь саах, сүү хөөрүүлэх, аргал түүх, тараг бүрэх, бяслаг шахах зэрэг зан үйлтэй танилцаж, өөрөө хүсвэл заалгаад хийж болох юм билээ. Манайхны нэг гэрт олуулаа амьдардгийг гадаадынхан их гайхдаг. Тийм ч учраас тэд ийм шинэ хөтөлбөр оруулж, Монголын амьдралын энэ хэв маягаар нэг өдөр байгаад үзэг гэж бодсон хэрэг. Энэ мэтчилэн наадмын үеэр өөр олон ч сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг нь оролцогчдод сюрприз болдог юм.