МAXH-ын лидерүүдийн дотор далд
Битүү цул эв нэгдэлтэй хэмээн олон нийтэд ойлгогдож ирсэн МАХН сүүлийн үед хөдөлгөенд орж байгаа талаар манай сонин нэг бус удаа бичиж байгаа. Өнгөрсөн жилээс өдөлж эхэлсэн Ардчилал шинэчлэл, уламжлал шударга ёс жигүүрээс хойш Онц их хурлын төлөө хөдөлгөөн, Эрс шинэчлэл зэрэг хөдөлгөөн шил шилээ даран мэндэлж МАХН-ыг шинэчлэхийн телөө байгаагаа мэдэгдсээр байна. Эднийг эцэг МАХН жихүүрхэн адлаагүй ч бас хөөрцөглөн тэвэрч аваагүй.
Ийнхүү гаднаас нь харахад төдийгүй дотроо ч энэ нам ширүүхэн хөдөлгөөнд оржээ. Намын лидерүүдийн дунд эрх мэдэл албан тушаалын төлөөх дайн өрнөж ид эрчээ авч байгаа аж. Нэг талаас УИХ-ын дарга Ц.Нямдоржийг унагах ашиг сонирхолтой бүлэг нөгөө талаас Ерөнхий сайд М.Энхболдыг намнах хэсэг тулалдаж байна. УИХ-ын даргыг албан тушаалаас нь ховхлоход олон хүний эрх ашиг зангилагдаж байгаа гэнэ.
Ц.Нямдоржийн эсрэг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Дамиран, Л.Пүрэвдорж зэрэг Ховдын угшилтай гишүүд, УИХ-ын зарим байнгын хорооны дарга нар нэгдэж, эдэн дээр УИХ-ын дэд дарга асан, одоо үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадорж, УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж нар ч нэмэгдэж байгаа аж. Мөн спикерийн суудлыг мөрөөддөг Д.Лүндээжанцан, Д.Идэвхтэн нар ч бүл нэмсэн сурагтай. Эдний Ц.Нямдоржийг буруутгаж байгаа гол шалтгаан нь түүний ширүүн догшин авир, дарангуйлагч маягийн үйл ажиллагаа юм байх. Тэд Ц.Нямдоржийн байгаа газар дандаа л хэрүүл хараал, энэ нь намын нэр хүндэд халтай, дарангуйлагч маягийн ааш авирыг нь олон жил тэслээ, одоо хангалттай гэж байгаа сурагтай. Бас Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад батлагдсан Эрүүгийн хууль нь Монгол Улсыг шорон улс болголоо гэж үзэж байгаа гэнэ. Мөн Ц.Шаравдорж гишүүн Ц.Нямдоржид хаяглан ил захидал явуулж байгаа ч мэдээлэл байна. Ц.Нямдоржийн эсрэг энэ бүх явдлын гол зангилаа нь Засгийн газрын тэргүүн рүү хөвөрч байгаа тухай зарим эх сурвалж мэдээллээ.
Ноён спикер ч зүгээр суулгүй гол өрсөлдөгчийнхөө эсрэг баримт, мэдээллийг цуглуулж байгаа аж. Тэрээр М.Энхболд гэдэг маанаг залуу манай намд гарч ирснээр намын нэр хүнд байгаагүйгээр уналаа, өнөөг хүртэл манай намд байсан хянах, захирах тогтолцоо алга боллоо, ер нь намын үйл ажиллагаа алдагдаж байна гэсэн мэдээлэл цацаж байгаа гэнэ. Ц.Нямдорж даргыг тойрон огцорсон Засгийн газрын хуучин сайдууд нягтарч, М.Энхболдын Засгийн газрын хойдохийг уншаад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайдтай шинэ Засгийн газар босгох телөвлөгөө боловсорчээ. Энэ эвсэл-д UBS нам, Ардчилсан намын Алтангадас чигийнхэн ч нэгдэж, эрхээ хэрэгжүүлж буй Засгийн газрын дээр хар үүл хуралдаж байна.
Ийнхүү МАХН-ын лидерүүдийн дунд утаагүй дайн дэгдэж, өдөр ирэх тусам хурцдаж байгаа тухай зарим эх сурвалж мэдээлж байна.
Ардын эрх сонин 110/388/
А.Чандмань