МИАТ-ийн ШТС-g гал гарчээ
Иргэний нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгээний автобаазын шатахуун түгээх станцад өнгөрсөн сарын 19-ний өдрийн 9.45 цагт гал гарчээ. Энэ үед хэд хэдэн машин шатахуун авахаар цувж зогссон байж. Гэнэт A 93 бензиний түгээгүүрээс гал авалцангуут тэд бүгдээрээ машинаа холдуулж, зугатаасан гэнэ. Харин тус баазын нярав Д.Дэмбэрэл алсын удирдлагаар шатахуун өгч байсан бөгөөд гал асахыг харангуутаа цахилгааны хоёр шийтээ салгасан байна. Тэгээд харуулын ажилтан С.Ганбаттай гал гарч байгаа газарт очиж галын хор, элс зэргийг ашиглан шуурхай унтраажээ. Энэ бүх үйл явдал ердөө хоёрхон минутад болоод өнгөрсөн гэнэ.
Тус шатахуун түгээх станцын дөрвөн агуулахад тус бүр 4-5, 8-9 тонн шатахуун байжээ. Хэрвээ бензин өгч байсан нярав, харуулын ажилтан нар галыг шуурхай унтраагаагүй байсан бол нийтдээ 20 орчим тонн нефтийн бүтээгдэхүүн шатаж, тэнд байсан бүх тээврийн хэрэгсэл дэлбэрч улмаар Буянт-Ухаа галын аюулд өртөж, өнөөдөр Монгол Улс онгоцны буудалгүй байх байжээ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор ирэх зочид, улс орны гадаад дотоод ажил гээд Монгол Улсын бүхий л ажил зогсоно гэсэн үг.
Иргэний нисэхийн ерөнхий газрын галын улсын байцаагч галтын шалтгааныг цахилгаанытай холбон тайлбарлажээ.
Тус шатахуун түгээх станцын газар доогуур байрласан кабель утсанд богино холболт үүссэнээс гал гарсан бололтой. Шатахуун түгээх станцын түгээгүүрүүдийг 2000 онд суурилуулсан юм байна. Гал гарснаас хойш түгээгүүрүүдийн бүх цахилгааны утсыг сольжээ. Д.Дэмбэрэл, харуул С.Ганбат нар нь өмнө нь гал унтраах сургалтад хамрагдаж байсан нь шуурхай ажиллаж, галыг унтраахад дөхөм болсон гэж тэд ярьж байна. Тэднийг Иргэний нисэхийн ерөнхий газар тус бүр 200 мянган төгрөгөөр шагнаад болсон үйл явдлыг нуугаад өнгөрсөн байна. Уг нь энэ асуудлыг нуух биш харин ч нээлттэй хэлэлцүүлж дараа дараагийн удаа болж мэдэх аюулаас сэрэмжлүүлэх нь зүйтэй юм.
Ардын эрх сонин 110/388/
Б. Бямбаа