Энэ хөтөлбөрийг гаргаснаараа хүний төлөө гэдгээ харууллаа
Хөтөлбөрийн хүрээнд хөдөөгийн бүх аймаг, сумын нутагт нарийн мэргэжлийн эмч нарын баг очиж үзлэг оношлогоо хийх юм. Ингээд зогсохгүй эмчлэх аж. Энэхүү хөтөлбөрийн талаар Монгол, Солонгосын хамтарсан Йонсей найрамдал эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасгийн их эмч, анагаах ухааны магистр Г.БАТСУУРЬТАЙ ярилцлаа.
-Засгийн газраас батлан гаргасан Эрүүл монгол хүн хөтөлбөрийн талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Хөтөлбөр маш чухал ач холбогдолтой учир ярьж эхэлсэн цагаас нь анхаарсан. Тодорхой хэмжээний мэдээлэл авсан байгаа. Хүмүүсийн эрүүл мэндэд төрөөс бодлогоор анхаарч ийм томоохон ажил хийж байгаагүй. Одоогоос гуч гаруй жилийн өмнө л эмч нарын баг хөдөөгүүр үзлэг хийдэг байсан юм билээ. Түүнээс хойш хүн амын эрүүл мэндийн асуудал бараг хаягдаад байсан шүү. Харин энэ хөтөлбөрийг Засгийн газар батлан гаргаснаараа хүний төлөө ажилладаг гэдгээ харууллаа гэж бодож байгаа.
-Хөтөлбөр чухал ач холбогдолтой гэж Та дүгнэлээ. Үүнийгээ тодруулаач?
-Нэрнээсээ эхлээд л ач холбогдол нь тодорхой байгаа биз дээ. Хүн эрүүл амьдрах шиг чухал зүйл хаана байхав. Хүн ам нь эрүүл саруул байж улс орон хөгжинө гэдэг утгаараа ч ач холбогдолтой. Бүх хүнийг хамруулсан үзлэг оношлогоо хийж, газар дээр нь эмчилж эдгэрүүлэх энэ хөтөлбөрийг эмч нар төдийгүй иргэд ч дэмжиж байгаа шүү дээ.
-Монголчуудын дунд өвчлөл их байгаа гэж эмч нар ярьдаг. Үнэхээр өвчлөл их болсон уу?
-Өвчлөл маш их байгаа. Халдварт, халдварт бус өвчлөлийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Өвчний улмаас нас барах явдал буурахгүй, харин ч өсөх хандлагатай. Дээр нь төрөөс хүн амын эрүүл мэндэд бодлогоор анхаарахаа больсон. Өвчлөлд тавих хяналт байхгүй, хүмүүс эрүүл аж төрөх ухамсаргүй гээд олон шалтгааны улмаас өвчин ихэсч байгаа. Гудамжид явж байгаа захын хүнийг оруулж ирээд шинжилгээ хийхэд ямар нэг архаг суурь, эсвэл халдварт өвчинтэй байх жишээтэй. Ерөөсөө өвчлөл улс орны аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэхээр хэмжээнд хүрсэн. Дэлхий нийтийг түгшээсэн ДОХ байна. Өнөөдөр хичнээн хүн ДОХ-ын халдвар тээж явааг нарийн хэлэх боломж алга. Илрэхгүй цонх үедээ яваа хичнээн халдварт өвчний тохиолдол байгааг таахад бэрх. Тэгэхээр Засгийн газраас нүдээ олж ийм хөтөлбөр гаргажээ гэж баярлахаас яахав.
-Үзлэгт хамруулах хүмүүсийг нас заах хэрэгтэй болов уу?
-Эмч хүний хувьд хэлэхэд, нас заах хэрэггүй юм. Учир нь, эрүүл монгол хүн хүүхдээс эхэлнэ. Цаашлаад бүр эрүүл эхээс эхэлнэ. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэж бий болохоос эхлээд л эрүүл бойжиж, төрөөд мөн л эрүүл саруул өсөх нь эрүүл монгол хүний үндэс суурь юм. Тэгээд ч нэгэнт орон нутагт их хүч, хөрөнгө зарцуулж бүх л нарийн мэргэжлийн эмч очих учраас хүүхэд, хөгшидгүй хамруулах нь зөв гэж боддог. Хөдөөгийнхөн ч энэ үзлэг оношилгоонд ухамсартай оролцох байх. Тэдэнд ийм сайхан боломж олдож байхад шүү дээ. Өвдөж хавдахаараа л хот суурин бараадах хэрэгтэй болдог хөдөөгийн ард түмний хувьд нутагтаа байж байгаад нарийн мэргэжлийн бүх эмчийн үзлэгт орж, эмчлүүлнэ гэдэг таатай боломж.
-Хөтөлбөр хэрэгжиж, үзлэг дууссаны дараа монголчууд эрүүлжих бүрэн боломж байгаа юу?
-Бүрэн боломжтой. Үзлэгийн явцад зүгээр л өвчнийг илрүүлээд явахгүй эмчилнэ гэж байгаа. 1960-аад оны үед эмч нарын баг хөдөөгүүр явсны хүчинд монголчууд тэмбүү, салхин цэцэг, өнгөний өвчнөөс салсан. Тэгвэл техник тоног төхөөрөмж хөгжсөн, өндөр мэргэжлийн эмч нарын армитай энэ үед өвчин эмгэгийг устгах бүрэн боломж байгаа.
-Эрүүл мэндийн салбарт ажилладаг хүний хувьд хэлэх санал байгаа биз дээ?
-Үзлэгийн явцад давхар судалгаа хийх хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, монгол хүний өвчлөлийн бүтцийг тогтоох хэрэгтэй. Ингэснээр дараа нь төрөөс хүн амынхаа эрүүл амьдралын төлөө ямар бодлого барих вэ гэдэг нь тодорхой болох юм. Үүний үндсэн дээр өвчнийг хянах тогтолцоог бий болгож, дахин нэмэлт хөтөлбөр гаргаж, үзлэг оношилгоог байнга хийх хэрэгтэй болов уу. Тэрчлэн Эрүүл монгол хүн хөтөлбөрийн хүрээнд хүмүүсийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх, баталгаатай, чанартай хоол хүнсээр хангах зэрэг бүх талаас нь цогц байдлаар анхаараасай гэж хүсч байна. Ингэж чадвал хөтөлбөр бүр ч илүү үр өгөөжтэй байх юм.