Авилгачдыг биш, жирийн иргэдийг цээрлүүлэх төсөл болсон гэв
Үүнээс үүдээд 1937 оны хэлмэгдүүлэлт давтагдаж магадгүй байна гэж Иргэний зориг нам, Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийхөн үзэж байна. Тэд энэ тухайгаа өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэв. Эрх баригчид энэ хуулийг жинхэнэ утгаар нь баталж чадахгүй нь, төслийн зарим заалт ёс зүйд нийцэхгүй байна гэж тэд ярилаа. Эрүүл нийгэм Иргэний хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн М.Ичинноров, Авилгатай тэмцэх газрын дарга нь 40 нас хүрсэн, төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан гүйцэтгэх ба мөрдөн байцаах прокурорын ажил хийж байсан ажлын туршлагатай гэж төсөлд тусгажээ. Төслийн энэ шалгуураар бол ямар хүн энэ албан тушаалд очих нь ойлгомжтой. Төрийн тогтолцоо бүхэлдээ авилгалд нэвчсэн ийм цаг үед дээрх заалт нь хараат бус шударга, иргэний зоригтой, мэргэжлийн өндөр ур чадвартай, олон түмний итгэл хүлээсэн хүнийг томилох бололцоогүйг нотолж байна. Иймд бид энэ хуулийг жинхэнэ утгаар нь жирийн иргэнд бус, авилгачдад зориулсан эрх зүйн орчныг бий болгож чадах уу гэсэн агуулгатай тайван жагсаалыг өнөөдөр 11 цагт Эрх чөлөөний талбайд зохион байгуулна. Жагсаад зогсохгүй, УИХ-ын гишүүдэд өдөрт гурван удаа мессеж илгээж иргэний нийгэм, ард түмний саналыг авалгүйгээр энэ хуулийн төслийг хэлэлцэж улмаар баталбал тэдний тойрогт очиж бодит байдлыг тайлбарлана гэлээ. Мөн ИЗН-ын дэд дарга Ц.Ганхуяг, Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас харахад авилгатай тэмцэх хүсэл зорилго гишүүдэд харагдахгүй, харин ч эсрэгээр авилгатай тэмцэгчдийг хааж боох бодлого явуулж байна. Өнөөдрийн ядуурал, нийгмийн бухимдлыг авилгал төрүүлж буй юм гэв.