Америкийн судлаачид Монголыг хүн наймаалдаг орон гэжээ
Макао болон өмнөд Солонгос руу биеийг нь үнэлүүлэх зорилгоор бүсгүйчүүдийг худалддаг байна гэж уг судалгааны тайланд дурдсаныг АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн албанаас мэдээлэв. Турк, Израиль улсад ч бүсгүйчүүдийг наймаалжээ. Мөн Унгар, Польш, зүүн Европын бусад орон, Франц, Герман руу монгол эмэгтэйчүүдийг наймаалсан тухай мэдээ байгааг судлаачид үгүйсгэсэнгүй.
Хүн наймаалах гэмт хэрэг бодитой оршиж байгааг Монголын Засгийн газар хүлээн зөвшөөрч таслан зогсоох талаар нэлээд чармайлт тавьдаг. 2005 оны арваннэгдүгээр сард Хүн худалдах, хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр баталсныг Төрийн департамент эерэг үзүүлэлтэд тооцсон байна.
Хүн наймаалагчдад ял шийтгэл ногдуулахдаа хуулийн байгууллагынхан үйлдсэн хэргийг нь нотлох баримт, мэдээллийг хангалттай цуглуулах тал дээр учир дутагдалтай ажиллаж байгааг судлаачид шүүмжлээд, Монголын Засгийн газар хүн наймаалах гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах, гэмт этгээдүүдийг шүүн таслах үйл ажиллагааг хялбар болгох зорилгоор Эрүүгийн хуулийн хүн наймаалах гэмт хэрэгтэй холбоотой заалтуудыг эргэн харж байгааг дурдсан байна. Монгол оронд авилга газар авч, цаашид өсөх хандлагатай байна. Хэдийгээр орон нутгийн зарим албан тушаалтан хүн наймаалах бизнесээс ашиг олж байгаа тухай мэдээ байдаг ч уг гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтныг шалгах, шүүхээр шийтгэл ногдуулах талаар ямар нэгэн мэдээ байхгүй байна гэж судалгааны тайланд өгүүлжээ.