Евро-4″-т нийцсэн машинтай бол татвар төлөхгүй
Европын холбоо ачаа, суудлын автомашинд тавих шаардлагаа эрс нэмэгдүүлж машин үйлдвэрлэдэг бусад оронд шинэ стандарт тусгаж буй нь агаар мандал, байгаль орчныг хамгаалах зорилготой аж.
Евро-4″, Евро-5″ гэж юу вэ
Монголчууд сүүлийн хэдэн жилд гадаадын голдуу, ялангуяа Солонгосын хуучин машиныг ихээр оруулж ирэн агаараа дээд зэргээр хордуулж байгааг бид мэднэ. Солонгост аль хэдийнэ үеэ өнгөрөөсөн, хийхээ больсон Мийкрүүд, Эксель маркийн машин манайд л хүмүүсийн хөл залгуулж байна. Монголд бас орос ах нарын машин ч өргөн гүйлгээтэй, ихэд үнэлэгддэг. Манай тал хээрийн замд их тохиромжтой байдаг. Үүнтэй уялдуулан нэгэн баримт дурьдахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн Оросын OPT-1 зурагтын сувгаар Саятан нэвтрүүлэг дамжуулахад түүнд оролцогч Ольга гэдэг хүүхэн Санкт-Петербургт Олон улсын ачаа тээврийн менежер хийдэг, Монголд Оросын машин их эрэлт хэрэгцээтэй гэж танилцуулахад хөтлөгч М.Галкин Монголчууд манай машинаар юугаа хийдэг байна аа. Тэдэнд морь л байвал бол оо юм биш үү, төмөр машиныг монголчууд идэж чадахгүй биз дээ гэх зэргээр биднийг доромжлон тохуурхсан юм ярьж суухыг сонсоод Оросын машин Европын стандартад хэр тохирдгийг сонирхов.
2006 оны дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн Оросын автын үйлдвэрүүд Евро-2″ гэсэн шаардлагад нийцэхгүй суудлын тэрэг (үүний дотор Монголд их хэрэгцээтэй УАЗ-469″ орсон эсэх нь тодорхойгүй) үйлдвэрлэхээ зогсоохоор болжээ. Гэхдээ Европын стандартад шилжсэнээр агаар орчныг цэвэр байлгахад төдийлөн нөлөөлөхгүй. Харин үнэ ханшид их өөрчлөлт гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Евро-2″ гэдэг нь юуны өмнө экологийн нарийн шаардлагыг багтаасан тул үүнд нийцэхгүй машин тэрэг үйлдвэрлэхийг хориглох нь агаарыг хайр найргүй бохирдуулдаг тээврийн хэрэгслийг ашиглаж болохгүй гэсэн үг биш юм байна.
Учир нь ОХУ-д техникийн үзлэгт орсон гэдэг тадоныг худалдаж авах нь тоос соруулагч юм уу, шарагч шүүгээ авах шиг ердийн амархан учраас Евро-2″ стандартыг хэрэгжүүлснээр Орост агаар цэвэр тунгалаг болно гэж найдахгүй байгаа аж. Харин Евро-2″-ыг хэрэглэвэл агаар бохирдсон хэвээрээ, машины үнэ ч их нэмэгдэх юм байна. Ялангуяа Оросын үйлдвэрийн машинууд их үнэтэй болж, ингэснээр Монголын машины зах зээл дээр ч нөлөөлөх нь мэдээж. Машины хөдөлгүүрийг эрс сайжруулбал худалдан авагч, хэрэглэгч нар нэмж 15-18 мянган рубль төлөх гаргах хэрэг гарна. Гадаадын маркийн машины үнэ ч хадна. Яагаад гэвэл, Оросын, гадаадын машин адилхан үнэтэй байсан түүх байгаагүй. ОХУ Евро-2″-ыг хэрэглэхдээ Дэлхийн худалдааны байгууллагад элсэхээс илүү их бэлтгэжээ. Сүүлийн долоон жилд экологийн шинэ стандартад шилжих талаар хэвлэлд өргөн мэдээлсэн наяад оноос машины хор хөнөөлийг багасгах анхны талоныг олгож, Тольяттогийн үйлдвэрийн суудлын тэрэг л энэхүү талоны сорилгыг давж, экологийн стандартад тэнцсэн бөгөөд Москвич, Волга машины эзэд ийм талон авах гэж аргаа бардаг байв.
Өнөөдөр Европын орнуудад Евро-2″-ыг аль хэдийнэ больж Евро-4″, АНУ-ын экологийн стандартад шилжээд байна. Ингээд зогсохгүй удахгүй Евро-6″ гэдэгт шилжихээр бэлтгэж байна. Ийм стандарт хэрэглэснээр Европ, АНУ-ын том хотуудад, ялангуяа нийслэл хотод Москвагийнх шиг (Улаанбаатарынх шиг гэж болно) бензин, утаа тос үнэртэж, хорт хийгээр амьсгалахаа больсон, гадаадын агаар үнэхээр өөр сайхан үнэртэй болжээ. Гэтэл Улаанбаатарын дарга нар машин тэрэгний ялгаруулдаг өмхий үнэрийг огт ярихгүй, гэр хорооллын утаа ийм тийм зуух, түлш гэж ярьсаар ямар ч амжилтад хүрэхгүй байна. Монголд ирсэн гадаадынхан Улаанбаатарын агаарын бохирдлыг нүдээрээ, бүр нарийвчилбал уушгиараа дорхноо мэдэрч хорт утааны баг хэрэглэх нь холгүй байдаг. Монголд энд бидний өгүүлж буй Евро-2″, Евро-3″ гэдгийг хэрэглэх байтугай мэддэг хүн цөөхөн, замын цагдаагийн газрын мэргэжилтнүүд бараг мэддэггүй гэхэд болно.
Европын туршлагаас үзвэл тэнд машины экологийн стандарт аль болохуйц бага байх тусам уг машинд ногдох татвар улам их болдог. Хэрэв суудлын тэрэг Евро-3″ стандартад тохирч байвал хэдэн жилээр татварын хөнгөлөлт эдлэх эрх авдаг. Хэрэв Евро-4″-т таарсан машинтай бол хэдэн жил ерөөсөө татвар төлдөггүй журамтай. Энэ бол экологийн төлөө хийж буй хүчтэй тэмцэл. Ингэснээрээ агаарын бохирдлыг эрс багасгаж чаддаг байна.
2006.06.7 Монголын мэдээ