Долдугаар сарын 1-нээс эхлэн ХҮҮХЭД БҮР ЦАЛИНТАЙ БОЛЛОО
Гэвч иргэд ямар баримт бичиг бүрдүүлэх, хаана хандах, хэзээнээс эхэлж авахаа тэр бүр мэдэхгүй байгаа бөгөөд манай сонины Таны өмнөөс гүйе буланд энэ талаар асуулт ирүүлсээр байгаа. Тиймээс иргэддээ энэ талаархи тодорхой мэдээллийг хүргэж байна.
2006 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн бол…
Шинээр төрсөн хүүхдэд нэг удаа мөнгөн тусламж үзүүлэх тухай ярьж байсан нь биеллээ олж, 2006 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн хүүхэд бүр нэг удаа 100 мянган төгрөгийн тусламж авах эрхтэй боллоо. Та энэхүү үйлчилгээнд хамрагдахын тулд дараахь материалыг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд хандаарай. Үүнд
-Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Хүүхэд эсэн мэнд бойжиж байгааг тодорхойлсон сум, баг өрхийн эмчийн тодорхойлолт
-Баг, хорооны Засаг дарга, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон Консулын газрын тодорхойлолт зэргийг бүрдүүлж өгөх шаардлагатай юм байна.
Гадаадад амьдарч байгаа хүүхэд ч…
Сүүлийн үед манайхан сурч, ажиллахаар гадаад улсыг зорих нь ихэссэн. Бүр гэр бүлээрээ үр хүүхдээ хүртэл дагуулан явцгаах болж. Тэгвэл гадаад орны нутаг дэвсгэрт, түр амьдарч байгаа Монгол Улсын харьяат тэдгээр хүүхдүүд ч хүүхдийн мөнгөн тэтгэмж авах эрхтэй аж. Харин Харьяатын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсгийг зөрчин хоёрдмол харьяалалтай болсон иргэний хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахгүй юм байна.
Сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандана
Долдугаар сарын 1-нээс эхлэн бүх хүүхэд 3000 төгрөг авах эрхтэй болсон. Эрхтэй гэдгийн учир нь, УИХ-аас хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг батлан гаргалаа. Хуульд зааснаар бол тухайн гэр бүл дараахь нөхцөлийг хангасан байж дээрх халамж үйлчилгээг хүртэнэ. Үүнд гэр бүлдээ амьдарч байгаа 0-18 хүртэлх насны хүүхэдтэй, мөн сургуулийн насны хүүхэд нь сургуульд хамрагдсан байх ёстой юм байна. Харин сум, хорооны нийгмийн ажилтандаа дараахь материалыг бүрдүүлж өгнө. Үүнд
-Хүүхдийн төрсний гэрчилгээ, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Эцэг, эх харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн буюу түүнтэй адилтгах баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Хүүхэд гэр бүлдээ амьдарч байгаа болон сургуулийн насны хүүхэд сургуульд хамрагдсан байдлыг нотолсон эрх бүхий байгууллага албан тушаалтан (баг, хорооны Засаг дарга болон өрхийн эмч, сургууль)-ы тодорхойлолт
-Гэр бүлийн тухай хуулийн 66.1-д заасны дагуу асран хамгаалагч харгалзан дэмжигчээр тогтоосон бол сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт авсан байхыг тус тус шаардах аж.
Тэтгэмжийг зөвхөн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгох бөгөөд хэрэв тэтгэмж авагч хүсвэл хадгаламжид шилжүүлж болох юм байна.
18 нас хүрсэн, бас…
Хүүхдийн тэтгэмж дараахь тохиолдолд зогсоно. Өөрөөр хэлбэл, дараахь нөхцөлд хүрсэн л бол хүүхэд тань тэтгэмж авахгүй гэсэн үг юм. Үүнд
-Хүүхэд 18 насанд хүрсэн
-Хүүхэд үрчлүүлсэн
-Хүүхэд нас барсан
-Хүүхэд нь шүүхийн шийдвэрээр хорих ял эдлэх болсон
-Хүүхэд ерөнхий боловсролын сургууль завсардсан
-Хүүхэд нь вакцинд хамрагдаагүй бол хүүхдийн тэтгэмж авах эрхийг зогсоох юм байна.
Гэрлэж байсан бол тэтгэмж авахгүй
Шинээр гэр бүл болж байгаа залуу хосод нэг удаа 500 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болсон. Тавих шаардлагын тухайд, 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш гэрлэж гэрлэлтээ бүртгүүлсэн байх ёстой. Мөн өмнө нь өөр хүнтэй гэр бүл болж байгаагүй байх ёстой аж. Хэрэв дээрх нөхцөлийг хангасан бол гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэх бөгөөд ингэсээр тусламж авах эрх нь үүсч байгаа юм. Бүрдүүлэх материалын тухайд
-Гэрлэлтийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Гэрлэгчдийн иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Баг, хорооны Засаг дарга Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газрын тодорхойлолт
-Анх удаа гэрлэж байгааг нотолсон иргэний бүртгэл мэдээллийн албаны лавлагаа зэргийг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтандаа өгнө.
Нийгмийн халамжийн тэтгэврийг хэн авах вэ
Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу дараахь хүмүүс авна. Үүнд Тэтгэвэр авах эрх үүсээгүй тэжээн тэтгэх хүүхэд төрөл садангүй, нэн ядуу амьдралтай ахмад настан, хууль ёсны тэтгэгч нь ахмад настан, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд тэдгээр нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон бол нэн ядуу амьдралтай ахмад настан, бүрэн хараагүй, хэлгүй, дүлий, одой иргэн хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан, бие даан амьдрах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, нэн ядуу амьдралтай өрх толгойлсон 45 нас хүрсэн эх, 50 нас хүрсэн эцэгт нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрх үүснэ.
Бүрдүүлэх бичиг баримтын тухайд,
-Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн иргэний өргөдөл
-Иргэний үнэмлэх хуулбарын хамт
-Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй болохыг гэрчилсэн тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт
-0-16 хүртэлх насны бүх хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн амьжиргааны мэдүүлэг (маягтаар) зэргийг бүрдүүлнэ.
Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэвэрт хамрагдахыг хүссэн иргэн,
-Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн иргэний өргөдөл
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадвар алдсаны хувь хэмжээ,
хугацааг тогтоосон эмнэлгийн дүгнэлт
-Хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.
Жирэмсэн бол таван сартайгаас эхлэн…
Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхэд төрөөс мөнгөн тэтгэмж олгодог. Гэхдээ манайхан ямар шаардлага хангасан байх талаархи мэдээлэл, мэдлэггүйн улмаас ихээхэн чирэгдэл үүсдэг. Тэгвэл энэ талаархи зөвлөгөөг танд хүргэж байна.
Уг тэтгэмжид хамрагдах хүмүүсийн тухайд,
-Ядуу болон нэн ядуу амьдралтай Нийгмийн даатгалын сангаас олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй эх жирэмсний таван сартайгаас эхлэн нийт 12 сарын хугацаанд нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрх үүснэ. Уг тэтгэмжид хамрагдахын тулд дараахь материалыг бүрдүүлж, сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө. Үүнд
-Тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэний өргөдөл
-Иргэний үнэмлэхийн хуулбар
-Жирэмсэн үеийн эмнэлгийн хяналтад орсон тухай сум, дүүргийн өрхийн эмнэлгийн тодорхойлолт
-Нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын (сумын нийгмийн даатгалын) байцаагч байгууллагын тодорхойлолт
-Өрхийн амьжиргааны түвшингийн мэдүүлэг зэрэг байх ёстой.