Од түгээсэн анхдагч
Тэгвэл анхны ийм зочид буудлын сүлжээг Конрад Хилтон хэмээх америк эр байгуупжээ. Чухам тэр л зочид буудалд од нэрийг зүүж өгсөн анхны хүн.
1919 оны зун 31 настай Конрад Хилтон дампуурсан банкныхаа эцсийн үлдэгдэл 5 мянган долларыг өвөртлөн дахин банк шинээр нээх, эсвэл банк бус санхүүгийн байгууллагыг худалдаж авах зорилготой Техас мужийн Сиско хотод иржээ. Нэг шөнийг өнгөрөөхөөр Modley зочид буудалд буусан байна. Шатсан банкир буудлын хүлээлгээний танхимд шаваарлагдан зогсох хүмүүсийг гайхан хараад ямар ч бизнесмен хүний мөрөөдөл нь олон үйлчлүүлэгчтэй байх явдал гэж бодож. Тэгээд тэрбээр уг зочид буудлын эзэнтэй ярьж, худалдаж авахаар шийджээ. Ингээд Хилтон 60 өрөөтэй зочид буудлын эзэн болж, харин 6 жилийн дараа Даллас хотод өөрийн анхны Dallas Hilton буудлаа нээсэн түүхтэй.
ТYРYYЧ ЦОЛТОЙ ХИЛТОН
Конрад Николсон Хилтон (Conrad Nicholson Hilton) 1887 оны 12 дугаар сарын 25-нд буюу Христосын мэндэлсэн өдөр Нью-Мексико мужийн Сан -Антонио хотод төржээ. Түүний аав Август Норвегиас гаралтай, харин ээж Мари нь Германаас. Эцэг Август нь Сан-Антониод өөрийн хувийн дэлгүүртэй байсан тул, найман хүүхдээ тэжээх, 10 гаруй өрөөтэй байшингаа элбэгхэн барьчих орлоготой байв. 1907 оны эдийн засгийн хямрал тэдний гэр бүлд азаар нэг их нөлөөлсөнгүй ч элбэг дэлбэг амьдарч байсангүй. Тиймээс зарим өрөө тасалгаагаа түрээслэх болж. Энэ үүрэгт ажил 20 настай Конрад оногдож байсан бөгөөд тэрбээр орой бүр төмөр замын вокзал дээр очиж хүн олдог ажилтай байлаа. Өглөө болон орой хоол үнэгүй, цэвэр цэмцгэр нэг өрөөг тэдний гэр бүл нэг доллароор хөлсөлдөг байсан бөгөөд бага ч гэсэн амттай нь дээр гэхчээр сэтгэл хангалуун байсан гэдэг. Тэгээд ч удалгүй дэлгүүр нь ашигтай ажиллаж эхэлсэн байна.Конрад коллежоо төгсөөд, Нью -Мексикогийн цэргийн дээд сургуульд элсэн орж, уулын инженер мэргэжил эзэмшсэн боловч нэг ч өдөр мэргэжлээрээ ажиллаагүй юм. Тэрбээр сургуулиа төгсөөд аавдаа бизнест нь тусалдаг байв. Харин дараа жил нь буюу 1921 онд Нью-Мексико мужаас сонгогдсон депутат аавынхаа туслах болсон байна. Тэгэхэд тэрбээр дөнгөж 21 настай байлаа. Эрхэм гишүүний туслах байна гэдэг хэдийн нэр хүндтэй алба ч өдөр, оройгүй ширээний ард суухэас залхаад байсан цаг. Тиймээс тэрбээр 1917 онд дэлхийн нэгдүгээр дайны үед өөрийн саналаар цэрэгт явж, Европт байлдаж байжээ. Конрад одооны дэспэгч, тэр үеийн түрүүч цолтой. Түүнийг гурван жил цэргийн албанд байх хугацаанд аав нь автомашины ослоор нас барсан юм. Иймд залуу Хилтон бие дааж амьдралаа зохиох болжээ.
БУУДЛЫН ЭЗЭН
Конрад зөвхөн хувийн хэвшилд хүчээ сорино гэдэгт анхнаасаа эргэлзээгүй байсан юм. Эцгийнхээ туслахаар ажиллаж байхдаа тэрбээр банкны тухай хуулийн төслийг боловсруулж байсан нь хэрэг болж, банк байгуулахаар нэг удаа шийджээ. Харамсалтай нь жил ч хүрэхгүй хугацаанд банк нь дампуурсан билээ. Харин түүнд үлдсэн 5 мянган доллар нь аз авчирсан гэдэг.
Мобли зочид буудлыг худалдаж авахад түүнд нэг их хямд байсангүй. Тэрбээр 15 мянгыг долларыг найзаасаа, харин банкнаас 20 мянгыг зээлжээ. Уг зочид буудлын гол үйлчлүүлэгчид нь нефтийн үйлдвэрийн ажилчид байсан юм. Тэд зөвхөн найман цагаар л 1-2,5 долларын үнэтэй өрөө хөлсөлдөг байв. Тэр үед зочид буудал нь буудал гэхээсээ дэн буудал болж хувирч байлаа. Тиймээс Конрад буудлаа өргөтгөж, зочдоо уйдахгүйн тулд хүлээлгээний зааландаа жижиг сажиг зүйл болох сонин хэвлэл, шүдний сойз, оо зэргийг худалдаалах болов. Түүний ярьснаар ийм лангуунаас жилдээ 8 мянган долларын ашиг унагаадаг байсан гэдэг. Банкийг бодвол зочид буудал нь эрчимтэй сайн явж байсанд найз, нөхөд болон гэрийнхэн их л гайхдаг байсан байна.
Конрад жилийн дараа Форт Ворт хотод дахин нэгийг, удалгүй бас хоёрыг худалдаж авчээ. Харин 1924 он гэхэд Хилтон 350 өрөөтэй, өөрийн зочид буудал барих хөрөнгөтэй болоод амжжээ.
АНХНЫ ХИЛТОН МЭНДЛЭВ
Ингээд Конрад хөдөө тосгоноосоо нүүж, Техаст өөрийн нэрээр нэрлэсэн зочид буудал барилаа. 325 ортой Dallas Hilton зочид буудлын нээлт нь 1925 оны 8 дугаар сарын 2 -нд болсон юм. Дашрамд дуулгахад энэ буудлын өрөөнүүд нь 1,5-3 долларын үнэтэй байсан нь Мобли-гээс нэг их өндөр биш байсан юм. Энэ үед Хилтон бизнесээ өргөжүүлэх үүднээс жилд нэг буудал байгуулдаг ажилтай болсон гэдэг.
Конрад 38 настайдаа Мэри Бэррон гэдэг бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд эхнэр нь Николас, Баррон, Эрик гэсэн гурван сайхан хүү төрүүлж өгсөн. Гэвч тэдний гэp бүл удаан үргэлжилсэнгүй, 1929 онд гэр бүл нь албан ёсоор цуцлагдсан байна. Энэ үед улс оронд нь эдийн засгийн хямрал ид ихэлж байсан бөгөөд Америкийн зочид буудлын 80 хувь нь дампуурч байжээ. Харин Конрад бизнесээ дампууруулахгүйн тулд эцсээ хүртэл тэмцэн, банкнаас дахин зээл авч, үйл ажиллагаагаа явуулж байв.
Хилтон найман зочид буудлаас гурвыг нь хааж хүртэл үзсэн боловч, тодорхой үр дүнд хүрсэнгүй. Ингээд 1930 онд Мудийн гэр бүлээс зочид буудлаа барьцанд тавьж 300 мянган долларын зээл авсан ч Хилтон Hilton Hotels зочид буудлаа алдсан гэдэг. Энэ нь түүний хувьд бараг л сүйрэл байлаа.
АВРАЛЫН ХЯМРАЛ
Хилтоныг энэ хямрал л аварсан юм. Эдийн засгийн энэ хүнд үед зочид буудлаас ашиг олно гэж байдаггүй хэмээн үздэг байсан учраас худалдаж авах хүн олдоггүй байлаа. Тиймээс нөгөө зочид буудлын эзэн Муди Хилтонд жилийн 18 мянган долларын цалинтай ажил санал болгож, компанийн гүйцэтгэх захирлаар томилов.
Харин Конрад цалингаараа дахин зочид буудал худалдаж авсан байна. 1934 онд тэрбээр 95 мянган доллароор дахин гурван буудал авч, компаниасаа гарч бие даан бизнесээ үргэлжлүүлэхээр шийдэв.
АНУ-ын түүхэнд томоохон тэмдэглэх энэхүү эдийн засгийн хямралыг Хилтон давж гарч чадсан бөгөөд одоо түүний мөрөөдөл нь дэлхийн хэмжээнд компани байгуулах л үлдсэн байлаа Хилтон зочид буудал дотроо шинэ шинэ сервис үйлчилгээг бий болгож, шинэчлэл өөрчлөлтийг эрс хийдэг байв. Тухайлбал, Хилтон руу гэсэн ганц үгээр бичигдсэн зар сурталчилгаа нь такси бүрт байрласан байдаг байв.
Тэрбээр конъяк нь дээр байдаг од-ыг зэрэглэл тогтоох үүднээс зочид буудлыг одтой болгосон хүн. Түүний бас нэг ноу-хау нь урьдчилж захилга авах үйлчилгээг санаачилан гаргасан билээ. Ямар ч зочдын санал хүсэлт зочид буудалд гэнэтийн байх учиргүй гэсэн хатуу зарчимтай ажиллаж байсан нь түүний эл бизнесийн салбарт магнат болоход нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үздэг юм билээ.
Конрад зочид буудлынхаа бүх л зүйлийг нарийн сайн мэддэг байв. Жишээ нь, буудалд хичнээн хүн ирж үйлчлүүлсэн, үүнээс хэд нь эр, эм байсан, хэдэн чийдэн асаж байгаа, хэдэн нь шатсан, нэг өрөөнд хэдэн чийдэн байх ёстой гээд бүгдийг нэг бүрчлэн тодорхой мэддэг байлаа.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Конрадын компаний ашиг орлого нь эрс нэмэгдэж, 1949 онд түүний мөрөөдөл биеллээ олж, Нью-Йорк хотноо хамгийн тансаг Waldorf-Astoria /энэ зочид буудлынхаа барилгын зураг төсвийг байнга цүнхэндээ хийж явдаг байв/ зочид буудлаа барьсан байна. Мөн энэ ондоо багтаж 300 өрөөтэй, Пуэрто-Рикод анхны Garibe Hilton-oo байгуулав. Харин 1954 онд Конрад 111 сая доллароор Statler Hotels зочид буудлын сүлжээг худалдаж авсан байна. Энэ үл хөдлөх хөрөнгө нь АНУ-даа хамгийн том нь байлаа.
ЧӨЛӨӨНД ГАРАХ БАЯР БАЯСГАЛАН
1960-аад оны эхэнд Хилтон дэлхийн хамгийн том сүлжээ болж хувирсан юм. Конрад АНУ-д 40 зочид буудалтай, мөн ийм хэмжээний үл хөдлөх хөрөнгө нь Лондон, Ром, Парис, Каракас гээд дэлхийн томоохон хотуудад байршилтай байсан. 1964 онд Хилтон компаниа групп болган өөрчилсөн юм. Харин 1966 онд 78 настай Конрад компанийхаа удирдлагыг хүү Барронд өгч, өөрөө тэтгэвэрт гарч Манайд ирээрэй нэртэй дурсамж номоо бичжээ.
Өндөр настан тэрбумтан гуай гэртээ зүгээр суудаггүй, байн байн зочид буудалдаа ирж танталт хийнэ, зочид буудлын мэргэжлээр сурч байгаа оюутнуудад хичээл заана, лекц уншина гээд чөлөөт цаг тун маруухантай байдаг байжээ.
Тэрбээр нас барахынхаа өмнө гурав дахь удаагаа гэрлээд амжсан бөгөөд 1979 оны 1 дүгээр сарын 4-нд Даллас хотноо амьсгал хураасан байна. Тэгэхэд тэрбээр 91 настай байжээ.
Конрад Хилтоны сан одоог хүртэл үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жил бүр буяны үйлсэд 1 сая долларын шагнал олгодог. Энэ шагналын эзнээр хэн ч байж болдог ажээ. Харин сангийн ерөнхийлөгчийн албыг Хилтоны ууган хүү удирддаг юм байна.
Бизнес таймс 17, 18 /469, 470/