Прокурорынхон дахиад баримт дэлгэнэ
Хүмүүсийн сэтгэл зүйд үүсээд байгаа энэ байдал хэр бодитой эсэхийг эцэслэн тогтоохоор хууль, хяналтынхан чиглэл чиглэлээрээ ажилдаа гарчээ.
Тэгээд ч Улсын Ерөнхий прокурор М.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт хуулийн байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалтдаа Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчихөд хүргэж буй нөхцөл, шалтгааныг тодруулах, үүнийг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авахыг онцолж тусгайлан ажлын хэсэг гарган ажиллуулахаар болсон. Тэр ч үүднээсээ Дээд шүүх, ЦЕГ, ШШГЕГ, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан тус тусынхаа харьяа байгууллагынхаа үйл ажиллагааг шалгаж эхэлжээ. Жишээ нь, хүний эрх ихээр зөрчигддөг гэх Ганц худаг дахь Урьдчилан хорих төвд Нийслэлийн прокурорын газрын Хорих ял эдлүүлэлтэд хяналт тавих хэлтсийнхэн нарийвчилсан шалгалтыг хийж байна. Тэд тус төвийн нүх сүв бүхнээр орж, хоригдол нэг бүртэй уулзан санал бодлыг нь сонсч, биед нь шарх сорви байгаа эсэхийг нягталж байгаа аж. Энэ үеэр нэлээд ноцтой зөрчил илрүүлсэн гэх бөгөөд прокурорынхон энэ асуудлыг дээд удирдах газартаа удахгүй танилцуулах юм байна.