Агаар шүүгч
Энэ бүхний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид Улсын клиникийн II эмнэлгийн их эмч Ш. Мягмарсүрэнтэй хамтран бэлтгэлээ.
Уушиг гэж юу вэ?
Бид дунд сургуульд байхдаа Альберт–Эйнштейнин харьцангуйн онолоос аливаа бүхэн заавал энергитэй байдаг гэдгийг мэдэж авсан билээ. Тэгвэл энэ энерги буюу монголчилбол эрчим хүч нь байгаль дээрх амьд бодис, амьгүй бодис хоёрын хувьд харилцан ялгаатай байдаг аж. Амьгүй зүйлс өөрийн энергийн бага түвшинд байхыг эрмэлздэг бол амьд бодис өөрийн энергийг хангалттай түвшинд байлгахыг зорьдог. Өөрөөр хэлбэл энергийн түвшинг зохицуулахад түүний эх үүсвэр болсон хоол тэжээлийн зүйлийг исэлдүүлэх шаардлага зайлшгүй тулгардаг юм байна. Энэ нь хүчил төрөгчийн оролцоотой явагдах бөгөөд үүнийг бидний бие мах бод гадаад орчноос уушгаараа дамжуулан авдаг ажээ. Тэгэхээр уушиг гэж ямар чухал эрхтэн болох нь танд ойлгогдож байгаа биз ээ.
Уушиг ямар үүрэгтэй эрхтэн бэ?
Уушигны үндсэн үүрэг нь амьсгалах үйл ажиллагааг явуулж, хийн солилцоонд оролцдог. Амьсгалах гэдэг маань хүчилтөрөгч болон нүүрстөрөгчийн парциаль даралтын зөрүүгээр нөхцөлдсөн солилцоо буюу хүчилтөрөгчийг хэрэглэж, нүүрстөрөгчийг гадагш гаргах үйл ажиллагааны цогц нэгдэл юм. Өөрөөр хэлбэл амьсгалын үр дүнд нүүртөрөгч цуснаас гарч тэр хэмжээний хүчилтөрөгч цусанд орсноор венийн цус хүчилтөрөгчөөр хангагдан артерийн цус болдог байна.
Уушиг дараах туслах үүрэг гүйцэтгэнэ. Үүнд
1. Бодисын солилцооны үйл ажиллагаанд оролцох. Тухайлбал, цусанд байгаа биологийн идэвхит олон бодисуудыг нөөцлөх, идэвхгүйжүүлэх, идэвхжүүлэх, ялгаруулах гэх мэт.
2. Дулаан зохицуулах. Уушиг нь үндсэн хоёр замаар дулааныг зохицуулдаг. Физикийн дулаан зохицуулалт нь бага температуртай агаар уушгинд ороход цусны бага эргэлтийн хялгасан судсаар гүйх цусны урсгал удааширч зохицуулагддаг. Химийн дулаан зохицуулалт нь өөхний хэт исэлдэлт явагдаж их хэмжээний энерги ялгаруулалтаар зохицуулагддаг.
3. Дотоод шүүрлийн үйл ажиллагаанд оролцохдоо биологийн идэвхт бодисуудыг цус уруу шууд ялгаруулна.
4. Гадаад шүүрлийн үйл ажиллагаанд оролцохдоо бодисын солилцооны үр дүнд биед үүссэн илүүдэл бодисуудыг хий болон уур байдлаар уушгаар гадагшлуулдаг.
5. Шимэгдүүлэх Гуурсан хоолойн салст бүрхүүл нь шингэн ба уурыг шингээх чадвартай байдаг. Үүнд тулгуурлан эмийн бодисыг утлагаар хэрэглэдэг.
6. Цэвэрлэх –Агаарыг шүүж цэвэрлэдэг.
7. Хамгаалах – гадны элдэв нянгаас хамгаалдаг.
8. Шүүрэл ялгаруулах Гуурсан хоолой хоногт 300-400 мл шүүрэл ялгаруулдаг.
Уушигны бүтцийн талаар хэдэн үг
Уушиг бол цээжний хөндийн ихэнх зайг эзлэн оршдог хос эрхтэн юм. Баруун уушиг 3 хэлтэн, 10 сегмент, зүүн нь 2 хэлтэн, 10 сегментээс тогтдог. Хэлтэнгүүд хоорондоо холбогч эдээр тусгаарлагдан ховил үүсгэсэн байдаг. Цааш сегментэд хуваагдана. Орой нь уруугаа харсан пирамид хэлбэртэй сегментүүд нь хоорондоо холбогч эдэн хальсаар зааглагддаг байна.
Их амьсгаадах нь уушигтай яагаад холбоотой гэж?
Монголчууд бидний хувьд амьсгаадах гэж ярихаар юун түрүүн зүрхтэй холбон ойлгох нь бий. Эсвэл тарган хүн их амьсгааддаг гэх ойлголт ч бас байдаг. Тэгвэл бидний хувьд хамгийн олонтой тохиолдох эмгэг амьсгал бол амьсгаадалт юм байна гэж хэлж болох нь. Амьсгаадах үед амьсгалын давтамж, далайц өөрчлөгдөхийн зэрэгцээ амьсгал бачимдах шинж илэрнэ. Өөрөөр хэлбэл амьсгаадалт бол цусанд хүчилтөрөгч буурч, нүүрстөрөгч ихэссэнтэй холбоотойгоор амьсгалын төв цочирсоноос үүсдэг амьсгалын тогтолцооны физиологийн урвал юм. Амьсгал түргэссэнтэй холбоотой уушигны багтаамж, ашигт үйл ажиллагаа буурдаг. Амьсгаадалтыг инспиратор ба экспиратор гэж 2 ангилдаг бөгөөд инспиратор амьсгаадалтын үед амьсгалын замд нарийсалт үүссэнтэй холбоотой амьсгал авалт саадтай, удаан болдог бол экспиратор амьсгаадалтын үед уушигны уян хатан байдал алдагдан амьсгалах талбай багассантай холбоотой амьсгал гаргалт нь саадтай удаан болдог. Дээрх хоёр хэлбэр нь хавсарсан байдлаар тохиолдож ч болох юм байна.
Найтаах гэж юу вэ?
Энэ нь нэг ёсны рефлекс бөгөөд найтаах рефлексийн бүс нь хамрын хөндийн салст бүрхэвчинд байдгаараа ханиахаас ялгагддаг. Найтаах рефлекс нь хамрын салст бүрхэвчийн рецепторууд цочирсноос импульс гурвалсан мэдрэлийн салаагаар уртавтар тархин дахь амьсгалын төвийг цочроож нугасны өмнөх салаагаар хөдөлгөх мэдрэлжил хийж амьсгалын булчингууд агшин, уушигны доторхи даралт ихэсч, найтаалт үүсдэг.
Цэр яагаад гардаг вэ?
Энэ нь амсгалын замаас ялгардаг салс юм. Гуурсан хоолойн цэр салстанд ялангуяа ногоон цэрэнд бактер, лейкоцит макрофагаас гаралтай их хэмжээний уураг задлах ферментүүд байдаг. Уураг задлах фермент нь том молекулт уургийн нэгдлийг задалж, цэрний урсах чанарыг сайжруулах ба микробын эсрэг үйлчилдэг.
Угаарт цохиулах гэж юу вэ?
Аливаа шаталын дүнд нүүрстөрөгч ялгардаг. Хүчилтөрөгч хангалтгүй бол нүүрстөрөгч буюу угаарын хийг ялгаруулдаг. Харин бид өөрийн амьсгалаар хүчилтөрөгчийг авч нүүрстөрөгчийг ялгаруулдаг байна. Бидний амьсгалах агаарт нүүрстөрөгчийн хэмжээ ихсэх тусам бидний цусанд энэ хий хуримтлагддаг. Ингэснээр цусан дахь хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн харилцаа өөрчлөгдөнө. Энгийн үгээр хэлбэл нүүрстөрөгч ихдсэнээс хүчилтөрөгчийн хийг багтаах зайгүй болдог байна. Энэ тохиолдолд амьсгалын дутмагшилд ордог бөгөөд бид үүнийг угаартах гэсэн үгээр нэрлэж, мэддэг билээ.
Тооны хэлээр
10.000 хүн тутамд 23 эмч ноогддог
• Манай улсын хувьд 10 мянган хүн тутамд 23 эмч ногддог гэсэн тооцоо байна. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн улс оронтой харьцуулахад 53-р байранд орж байгаа бөгөөд Ирланд улстай адил түвшинд явж байгаа ажээ.
• Эрүүл мэндийн салбарт улсаас жилд зарцуулж байгаа зардлын хувьд нэг хүнд 17.55 доллар оногддог байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад 650 хүүхэд нэмэгджээ
• Энэ онд Монгол улсад шинээр мэндэлсэн хүүхдийн тоо өнгөрсөн оныхоос 1.5 хувь буюу 650-иар нэмэгдэж, 45.2 мянгад хүрсэн байна. Гэхдээ улсын дунджаар амьд төрсөн 1000 хүүхэд тутмаас 1 хүртэлх насандаа 21 хүүхэд эндэж байгаагаас Баянхонгор, Увс, Өмнөговь, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говь – Алтай, Өвөрхангай, Булган, Архангай, Баян – Өлгий зэрэг аймагт дунджаас дээгүүр байгаа үзүүлэлт гарчээ.
• Тэгвэл халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрсөн оныхоос нэг мянгаар нэмэгдсэн байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр энэ онд нийт 8 суманд эмнэлгийн зориулалтаар барилга бариулж, ашиглалтанд өгсөн байна.