М.Энхболд нэг дүүрэгт хамраараа тасдуулсан ч нөгөөгөөс нь хүчээр гарчээ
Энэ сунгаа нь нам дахь шинэчлэлийг гүнзгийрүүлж, боловсон хүчний нөөцийг гаргаж ирэх учиртай.
УИХ-ын сонгуульд мөнгөтэй зальтай хэдэн хүн дэвшдэг явдлыг таслан зогсооно гэж намын ерөнхий нарийн бичгийн дарга нь мэдэгдсэн. Гэвч анхан шатны байгууллагад явагдсан сунгааны дүнг дүүрэг болон сумын намын хорооны хурлаар оруулж эцэслэн дүгнэхэд үр дүн эсрэгээр гарч буйд гишүүд нь ихээхэн бухимдаж байгаа юм. Намын үүрүүдэд явагдсан сунгаанд хуучнаараа УИХ, Засгийн газрын гишүүд болон намын удирдлагад буй хэдэн хүн нэр дэвшиж өрсөлдсөн ч намын жирийн гишүүд нь тэднийг хүлээн аваагүй. Намын нэр хүндийг навс унагасан, авлига, хээл хахуулийн хэрэгт нэр холбогдсон нөхдүүдийг бүр ч авч хэлэлцэхгүй байгаа аж. Тиймээс ихэнх намын үүрүүдэд С.Баяр, Н.Багабанди зэрэг улстөрчидтэй хамт шинэ залуу боловсон хүчин ихээр гарч ирсэн аж. Гэвч тэдний нэр дүүрэг дээр очоод л шууд жийгдэж нөгөө л авлига, гэмт хэрэгт нэр холбогдож намын нэр хүндийг унагаж буй өнөөгийн удирдлага, УИХ, Засгийн газрын гишүүдийн нэрээр солигдож байгаа гэнэ. Үүнд намын жирийн гишүүд бухимдацгааж байгаа ажээ. Анхан шатны үүрүүдэд нэр нь ч дурдагдаагүй нөхдүүд дээрээ очихлоор л эхний хэдэд багтаж байна. Ер нь энэ удаагийн сунгаа хэмээх зүйл нь цаанаас дэглэсэн жүжиг хэмээх болжээ. Дүүргээс нөгөө хэдэн луйварчид нь гарлаа, хотоор ороод одоогийн УИХ, Засгийн газарт байгаа хэд нь л үлдэх нь ойлгомжтой гэцгээж байна. Ирэх сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах энэхүү сунгаа нь эхлээд намын анхан шатны байгууллагад явагдана. Тэндээс тодорсон нөхдүүдийг дүүргийн намын хорооны хурлаар авч хэлэлцээд эхний 16-г хотын намын хороо руу явуулах ёстой. Тэндээс дахин шүүж хагасыг нь үлдээгээд Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ. Мэдээж доороо бүх зүйл ном ёсоороо явах ч дунд болон дээд шатандаа эсрэгээр эргээд байгаа юм гэж жирийн гишүүд нь ярилцаж байна. Мөн намын үүрээс санал авах нь байтугай нэр нь дурдагдаагүй нөхөд дүүргээс тодорсоор байх юм. Энэ ер нь явсаар одоо УИХ, Засгийн газарт байгаа хэд дээрээ л тогтох байх даа. Уг нь санаа нь зөв ч даанч хэрэгжихгүй юм даа гэх болжээ.
Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн 16 нэр дэвшигч тодорсон. Тэднийг С.Баяр магнайлж, Сү.Батболд удаалж буй. Энэ хоёр хүн анхан шатны үүрүүдэд хүчтэй өрсөлдсөн. Харин анхан шатны үүрүүдэд нэр нь ч дурдагдаагүй Ц.Мөнх-Оргил хот руу явах 16-д багтсаныг гишүүд нь гайхаж буй аж. Ер нь иймэрхүү Мөнх-Оргилтонгуудын нэр тодрох байх даа гэж МАХН-ын жирийн гишүүд халаглаж байна. Гэхдээ энэ дүүрэг асуудалд арай ардчилалтай хандсан гэж эх сурвалж өгүүлж байсан. тухайлбал, дүүргийн шигшээ 16-д МАХН-ын дарга М.Энхболдыг сонгоогүй байх юм.
Баянгол дүүргийн хувьд нэр дэвшигч 16-г Засаг дарга Цогтбаатар ахалж, намын дарга М.Энхболд, нийслэлийн намын хорооны дарга Ё.Отгонбаяр гэх мэтээр удаалжээ. Анхан шатны байгууллагад явагдсан сунгаанд нэр нь ч дурдагдаагүй М.Энхболд, Ё.Отгонбаяр хоёр гэнэт тодорсон нь олныг гайхшруулсан явдал болж. МАХН-ын дарга нэг дүүрэгт хамраараа таслуулсан ч нөгөө дүүргээс нь хүчээр гарч иржээ…
(Yргэлжлэлийг Өдрийн сонингийн 2006.06.14-ны 152-p дугаараас уншина уу)