Бидний цөсийг хөөргөөд өг
Монголын хип хоп ертөнцөд хүч түрэн орж ирсэн Татар хамтлаг маргааш уран бүтээлийнхээ хоёр дахь тоглолтыг хийнэ. Бусдын хайрыг хүндэл хэмээн анхныхаа тоглолтыг нижгэр хийж байсан тэд одоо Борооонд ганцаараа нэр-тэйгээр UB Раlасе-ын Open air-ыг доргиох нь. Тоглолтын өмнө тус хамтлагийнхантай уулзаж ярилцлаа.
-Бороонд ганцаараа тоглолтын сураг нэлээд эртнээс сонсогдож эхэллээ. Сурталчилгаагаа ч сайн хийж байх шиг байна?
-Бид энэ тоглолтдоо урьд урьдынхаас илүү их анхаарал тавьж байгаа. Хамтлагийн бие даасан хоёр тоглолт гэдгээсээ гадна биднийг өнөөдриин дайтай болоход хамгийн их туслалцаа үзүүлсэн Сонор рекордсын 10 жилийн ой болж байгаа учир тэдэндээ юу чаддагаа шавхан бэлэг барихыг зорьж байна. Өнгөрсөн хугацаанд Сонор үргэлж Татар-ын төлөө ажилладаг байсан.
-Хамтарч ажиллах саналыг Сонор рекордс гаргасан уу, эсвэл Татар сайн менежменттэй болохын тулд тэдэнд хандаж байв уу?
-Бид Америкийн гудамжны хип хопчдын нэгэн адилаар гудамжинд дуулж, бүжиглэдэг байлаа. Францын хип хоп урсгалыг сонсдог, дагаж дуулдаг байсан. Удаа ч үгүй нэг хамтлаг байгуулаад авлаа. Анхныхаа хэдэн дууг бичуүлээд Хүүхэд гэдэг CD гаргахаар бэлэн болгочихоод цомгийнхоо эрхийг зарах санаатай хэд хэдэн газар санал тавьж үзсэн л дээ. Энэ үед харин азаар Сонор бидний CD-г үзээд хамтарч ажиллах санал тавьсан. Мэдээж бид зөвшөөрсөн. Ингэж л Татар гэж шинэ хамтлаг төрж байлаа. Тэд бидний уран бүтээлд маш зөв менежмент хийсэн.
-Тэр үед шинэ хамтлаг гэхэд клипнээсээ эхлээд арай л өөр гарч ирж байсан шүү. Магадгүй хип хопыг ойлгодоггүй хүмүүс ч танай дууг үнэлж байсан санагддаг?
-Уран бүтээлийг бөөндсөнөөрөө сайн дуучин, сайн хамтлаг байж таарахгүй л дээ. Гол нь чанартай байх ёстой. Дууны ая, үг, бичлэг, клип ер нь бүгд л сайн байж, чанартай уран бүтээл төрнө. Нэг хүнд ая нь таалагддаг байхад нөгөө хэсэгт үг нь илүү хүрсэн байх юм уу. Эсвэл зарим нь зөвхөн клипний зохиомжийг үзэхийг хүсдэг байж болно. Нэг бүтээл нэг хэсэг хүмүүст тал бүрээсээ таалагдаж байвал тэр нь нийлээд цогц бүтээл. Ая нь ч сайн, үг нь ч сайн, клип нь ч сайн. Нэг ёсондоо Татар уран бүтээлдээ тоо биш чанарыг эрхэмлэдэг гэж хэлж болно.
-Хип хопчдод тохирсон ая зохиох мэргэжилтэй хүн байхгүй гэж хэлэх хүн байдаг л даа?
-Монголын хип хоп хамтлагуудын олонх нь гадаадын дуунуудын ая, хөгжмийгашиглаж байна. Гэхдээ бид өөрсдөө ая зохиох ёстой гэдгийг хатуу баримтлах болсон. Бид өөрсдөө ая зохиодог.
-Ингэхэд Татар-ынхан ямар боловсролтой вэ?
-Заяа хөгжмийн мэргэжлээр суралцдаг. Мөөгий Санхүү, эдийн засгийн дээд сургуульд орох гэж байгаа. Жагаа МУИС-д хэрэглээний статистик мэргэжлээр сурдаг байсан юм. Энэ жил манайхан бүгдээрээ сургуульдаа үргэлжлүүлж сурна. Сонор-той хамтарч ажиллах алтан боломжийг алдаж болохгүй гэж бодоод бид гурав сургуулиасаа чөлөө авсан юм.
-Хип хопчдод санхүүч, эсвэл статистикч байх хэрэгтэй гэж үү?
-Хүн мэдлэгийг амьдралд суралцаад, харин мэргэжлийг сургуульд сураад олж авдаг гэж боддог. Тэгэхээр хэрэгтэй байлгүй яахав.
-Урлагийн аль ч төрөлд хамтлаг, дуучдын дунд зэрэглэл тогтсон байдаг л даа. Мэдээж, зэрэглэл дээгүүрт тооцогддог дуучид тасалбараа өндөр үнээр борлуулж, уран бүтээлээ их мөнгөөр үнэлж эхэлдэг. Хип хопчдын дунд ийм зэрэглэл байгаа л байх?
-Өндөр үнээр дуулдаг, том тоглолтод л очдог хамтлаг, дуучид байна л даа. Гэхдээ сайн уран бүтээлч гэлээ гээд ард түмнийхээ дунд орж дуулахгүй, бүхнийг мөнгөөр хэмжээд, өөрийгөө мөнгөөр бүрээд эхлэх юм бол бас нэг талаараа утгагүй л дээ. Бид Татарын ямар ч тоглолт 10 мянган төгрөгөөс буух ёсгүй гээд урдуураа хөшиг татчихаж болох л байх. Гэхдээ тэгэхгүй. Тэртэй тэргүй хийж чадаж л байвал хүмүүс тасалбарын үнэ гурван мянгаас 30 мянга болж өссөн ч тэднийг сонсохыг хүсдэг. Зэрэглэл гэдгийг бас л чанартай уран бүтээл, бүтээлчидтэй холбож хэлэх байх. Бид өнөөдөр өөрийн гэсэн байр суурьтай, өөрсдийн хүрээний сонсогчидтой болсон гэж хэлж чадах болов уу гэж бодож байна. Дараагийн удаад бид Монголын хип хопыг гадаадад гаргаж ирэхийг хүсч байна. Японд хамтлагийн маань хоёр цомог борлуулалт сайтай байгаа. Энэ бидний одоо байгаа зорилгын эхний алхам. Японы Music security-ийнхэн манай хэд хэдэн хамтлагаас Татар-ыг сонгон, хамтарч ажиллаж байгааг багаар үнэлэх аргагүй амжилт гэж бодож байна.
-Наадмын дараа олон улсын фестивалд оролцох сураг байсан. Ер нь л та нар гадагшаа гарч дуулах сонирхолтой болжээ дээ?
-Харин бодсон бодлыг маань аз түшээд гадаадад уран бүтээл хийх, орон зай хайх боломж бүрдээд л байна шүү дээ. /инээв/ Саяын таны хэлдэг фестивал наймдугаар сард өмнөд Солонгост болно л доо. Азийн нэр хүндтэй хамтлагууд өрсөлддөг том фестивалд урилгаар оролцох болсондоо бид гурав сэтгэл хангалуун байгаа. Сайн бэлтгэлтэй оролцоно оо.
Ардын эрх сонин 116 /394/
Б.Бямбасүрэн