Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах цаг болжээ
Сургуулийн өмнөх болон бага боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийн нээлтэнд БСШУ-ны сайд Ө.Энхтүвшин, Их Британий хүүхдийг ивээх сангийн хөтөлбөрийн захирал Ч.Тунгалаг оролцох бөгөөд төслийн баримт бичигт гарын үсэг зурах ажээ.
Европын холбооны болон Их Британий хүүхдийг ивээх сан Монгол талаас БСШУЯ-ны хамтарсан санхүүжилтээр дээрхи төсөл нь энэ оны 4 сарын 1-ээс 2009 оны 4-н сарын 1 хүртэл хэрэгжих юм байна. Сургуулийн өмнөх болон бага боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах нь хоорондоо уялдаа бүхий 12 дэд төслөөс бүрдэх бөгөөд 3 дэд төсөл нь үндэсний түвшинд, үлдсэн 9 дэд төсөл нь орон нутгийн түвшинд хэрэгжих ажээ. Дэд төслүүдийн үндсэн зорилго нь Сургуулийн өмнөх болон бага боловсролын төлөвлөлт, удирдлагын чадавхийг бэхжүүлэх, арга зүйг сайжруулах, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын хүртээмжийг сайжруулах бөгөөд Баянхонгор, Завхан,Ховд, Хөвсгөл,Сэлэнгэ, Дорнод,Сүхбаатар аймаг, нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүргийн боловсролыг сайжруулах, Цэцэрлэгийн барилга шинээр барих, тоног төхөөрөмжөөр хангах замуудыг тусгаж өгсөн төсөл ажээ.
Өнөөдрийн байдлаар Их британий хүүхдийг ивээх сан нь АНУ-ын Сайнт Луис дахь вашингтоны их сургуультай хамтран Хүүхдийн сургуульд хамрагдалт ба бодлогын үр нөлөө судалгааг энэ оны 6-8 сард явуулж байгаа юм байна. Мөн Баян-Өлгий аймагт болон нийслэлд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэдэд зориулан Нөхөн сэргээх төв байгуулахаар ажиллаж байгаа ажээ.
Сургуулийн өмнөх болон бага боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийн нийт төсөв 1.3 сая евро буюу 2.1 тэрбум төгрөг юм байна.
Т.Оргил /olloo mn/