Гэр бүлийн араар тавилтын гол шалтгаанууд
Амьдрал үргэлжилж, хөгжиж, урагшилж байгаа ч гэсэн хууран мэхлэх явдал бидний амьдралыг үргэлж дагалдаж таагүй олон зүйл авчирч байдаг.
Гэрлэсэн хүмүүст тохиолддог олон асуудлуудын хамгийн эмзэг нь үнэнч биш байх явдал юм. Гэр бүлийн үнэнч байдлын анхны илрэл нь өөрийн хүүхдүүд нь цус нэгтэй гэдэгт итгэлтэй байх эрчүүдийн шаардлагаас үүсчээ. Бүх цаг үед гэрлэлтийн дээд хууль нь үнэнч байдал байжээ. Цаг үе өөрчлөгдөж байдаг ч үнэнч байх, араар тавих гэдэг ойлголтууд нь өдгөөг хүртэл хуучраагүй байна.
Хайр нь орчин үеийн гэр бүлийн чухал үндэс юм. Тийм учраас араар тавих нь гэр бүлэл салалтанд хүргэдэг. Нэг нэгэндээ үнэнч байна гэдэг нь гэр бүл болж байгаа хүмүүс бие биенийхээ өмнө хүлээж байгаа үүрэг юм. Араар тавилт нь зөрчил, хэрүүл, гэрлэлтэндээ сэтгэл гонсойх зэргээс үүдэлтэй бөгөөд өөртөө асар их сэтгэл зүйн шалтгааныг агуулж байдаг.
Гэвч энэ бүхэн яаж бий болдог, анхны хайр сэтгэл яагаад унтарч бүр сүүлдээ үзэн ядалт болдог вэ? Гэр бүл судлалын практикаас харахад араар тавилт байнга тохиолддог байна. Араар тавилтын шалтгаан нь дараах зүйлүүдээс үүддэг аж
Шинэ дурлал.
Энэ шалтгаан нь анхнаасаа бие биедээ хайртай байгаагүй гэр бүлд тохиолддог байна. Эдгээр нь ашиг сонирхлын болон айдас, ганцаардал, уламжлал дээр тулгуурласан гэр бүлүүд байдаг.
Өшөө авалт
Зарим гэр бүлийн араар тавилт нь үнэнч биш байсан нөхрөөсөө (эхнэрээсээ) өшөөгөө авч өөрийн гомдсон сэтгэлээ тэжээх хүсэл дээр тулгуурлагддаг.
Їл тоомсорлогдсон дурлал
Нэг нь нөгөөгөө тоохгүй, үл тоомсорлосон гэр бүлд өөр хүнтэй явах тохиолдол байдаг. Эхнэр юм уу нөхөр нь ханийхаа хөндий хүйтэн байдлаас залхаж дутагдсан хайр халамжийг өөр хүнээс хайж эхэлдэг.
Дурлалын шинэ адал явдал хайх
Энэ тохиолдол олон жил хамт амьдарсан, хайр сэтгэл нь унтарсан хосуудад тохиолдох нь элбэг байдаг. Энэ хувилбар нь тансаг амьдрал, сексийн эрх чөлөөг сурталчилдаг барууны кинонуудын нөлөөн дор тохиолдох нь элбэг байдаг байна.
Дутуугаа нөхөх
Энэ тохиолдолд удаан хугацааны хагацал эсвэл гэр бүлийн хүний удаан хугацааны өвчлөлтөөс үүдсэн буюу бусад ямар нэгэн хязгаарлалтаас үүссэн сексийн дутагдлаа нөхөх гэж гэр бүлээс гадуур явдаг байна.
Гэнэтийн тохиолдол
Иймэрхүү гэнэтийн учрал нь тогтмол үргэлжилдэггүй бөгөөд тодорхой нөхцөл байдлаас өдөөгдсөн байдаг (согтолт, боломжийн нөхцөл, цаад хүний шаргуу дал гэх мэт).
Араар тавилт нь гэр бүл салалтанд нөлөөлж, сэтгэл зүрхийг эмтлэхээс гадна хувь хүнийг сүйрэлд хүргэх гүн хардалтанд хүргэдэг байна. Араар тавилт нь хүнд итгэдэг, үнэнч хүнийг илүү их шархлуулдаг аж. Зарим хүмүүсийн хувьд гэр бүлийнх нь хүний үнэн сэтгэлийн гэмшил, тайлбар их чухал байдаг. Гэхдээ бүх үнэнээ хэлэхэд гэр бүлийн хүн чинь ямар байдлаар хүлээж авах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Араар тавилтыг хүн болгон уучилж чадахгүй. Гэхдээ үнэн сэтгэлийн гэмшлийг сонссон хүн хэрвээ чамд хайртай бол уучилдаг. Ийм байдалд орж үзсэн ихэнх гэр бүлүүд улам нэгдэж тэдний хоорондын харьцаа ямар их үнэтэй вэ гэдгийг мэдэрч дахиж нэг удаагийн тохиолдлын харьцаанаас гэр бүлийн нандин зүйлсээ алдахыг хүсдэггүй байна.