Ахаа аргадах шүлэг

Найзтай байлаа муу дүү чинь
Нанчилдахын төдийд анд биш болжээ
Насан турш үерхэнэ хэмээсэн тэр ариун андгай
Намалдгийн цустай холилдон урсаад их мөрөн шиг тэртээ хол оджээ

Амрагтай байлаа тэнэгхэн дүү чинь
Архины мананд төөрсөн явах үедээ
Айлын охиныг төрхөмд нь залж
Аз жаргал, ариун хайраа хоосон чанар болохыг нүдээр үзэв

Дайсан нөхөр болон хувирахыг үзэв
Нөхөр дайсан болон урвахыг харав
Халуун сэтгэл бээрч болдгийг мэдэв
Хөрсөн санаа гэсэхийг бас ажив, харин

Хэдэн галбаар нанчид балгасан ч би таны дүү
Хэвтэрт ортол намайг балбасан ч та миний ах
Бурханаас заяасан тасдах аргагүй гагнаас
Буянт ижий аавдаа ялгах аргагүй үрс

Залуу насандаа алдахгүй бол тэр бурхан ажээ
Гэнэн сэтгэлд хөтлүүлэн эндэх чадалтай төрснөөрөө
Би хүн юм байна хойшид ч алдана бас ононо
Жаргаж амьдарсан ч, зовж ядарсан ч би хүн хэвээр үлдэнэ

Ахынхаа өөдөөс арцалдаж үзээгүй, тийм зориггүй
Амьтны тэрсхэн үрс хичнээн байдаг бол доо
Амны тань уншлага ял мөртлөө
Ах таны дүүгээ гэх сэтгэл зул гэдгийг би мэднэ

Шарил дээр минь намтрыг минь эхэр татан уншиж
Шавилхан дүүгийнхээ богинохон амьдралыг эргэцүүлж
Сэтгэл үймрэн дурсахдаа хундага дарсаар гунигаа ханз татаж
Сэмэрсэн номын минь хавтсыг нулимсаараа бөмбөрдөх ах минь ээ

Нэг эхийн алтан хэвлээс цувран ойчиж
Нэг эцгийн халуун алгаар зунгаг юугаа арилгуулж
Нэг ижийн мөөмөн цэцгийн шүүдрийг шимэн торниж
Нэг аавын алтан сургаалиар хорвоог таниж

Нэг тогооны ангир хусмыг хуваан гэдэс цадаж
Нэг насаараа багадсан цамцыг чинь мөрлөж явсан учраас
Тагнын нуруу шиг түшигтэй
Тандаа би хайртай

Сайхан ах минь
Самрын хоёр идээ шиг ижилхэн билээ хоёулаа
Хэн биднийг ах дүү биш гэх вэ
Хэлээд өгөөч бурхан ч үүнийг өөрчилж чадна гэж үү

Ахгүй асан бол
Алдахын цагт хэн намайг сургах вэ
Дүүгүй байсан бол
Дүрэлзэхийн цагт хэн сэтгэл зөөллөх вэ

Ядрахын цагт хэн далыг чинь хэн атгаж
Яваад өгөхийн цагт хэн дуртгал бичиж
Өнчрөхын цагт нулимсыг чинь арчих мөртөө уруу татан цурхирч
Өнгийн солонго шиг охидод чинь хэн сургааль хэлэх вэ

Хормын дараа юу болохыг чөтгөр ч мэддэггүй билээ
Фронтын шугаманд шархадсан нэгнийгээ чирч гулдарч явах ч юм билүү хэн мэдлээ
Оргилохын цагт нөмөрлөх
Отгонтэнгэр уул минь, би

Там, диваажингийн алинд нь ч очих виз авсан
Таны дүү хэвээр үлдэх нь үнэн хэмээн тунхаглаж байна
Утга санаа нь орлонд хамгийн агуу
Уучлаарай гэдэг үгийг уруул давуулан хэлэх байна

Тандаа би хайртай шүү

Улаанбаатар хот 2005 оны 9 сарын 26

Д.Болдхуяг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button