Miss World Mongolia-2006″ тэмцээний үндэсний ялагч тодорлоо
Yндэсний ялагч болсон мисс Э.Сэлэнгэтэй уулзаж дэлхийн мисст оролцох баярт мөчөөс нь хуваалцсан юм.
-Юуны өмнө Miss world-ийн үндэсний ялагч болсонд баяр хүргэе. Шүүгчдийн дүн гарч дүнг танилцуулах мөчид чамд ямар бодол төрж байв. Тэр үеийн сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Мэдээж хэрэг бусад охидын нэгэн адил сэтгэл догдлоод өөрийнхөө нэрийг ч дуудаж байгааг анзаараагүй. Ямарч байсан 9 номер гэж дуудаж байхыг сонсоод би өөрийгөө түрүүлчихлээ гэдгийг л сайн ойлгосон. Тэрнээс хойш ямар үйл явдал болсныг сайн санахгүй байна. / инээв.сурв/ Сэтгэл хөдлөөд баярласан чинь үйл явдлыг анзаарах сөхөөгүй болчихсон,
-Тэгвэл өнөөдрийн сэтгэл санааны байдал ямар байна. Тэргүүн байрыг дагаад үүрэг хариуцлага өндөрсөж байгаа шүү дээ?
-Мэдээж түрүүлсэн болохоор маш их баяртай байна. Гэхдээ түрүүлсэндээ баяртай байгаа ч улсынхаа нэрийг төлөөлж дэлхийн мисст оролцох өндөр үүрэг хариуцлага ирж байгааг мартаж болохгүй гэдгийг сайн санаж байгаа. Надад ийм том итгэл найдвар хүлээлгэж байгаа намайг дэмждэг хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө өөрийн чаддаг бүхнээрээ хичээх болно.
-Чиний хувьд бусдаас ялгарах давуу тал чинь юу байв?
-Би өөрийгөө дотоод гоо сайхнаа бусдаас илүү сайн илэрхийлсэн гэж бодож байна. өөрийгөө илэрхийлэх чадвар гэдэг тэр хүнийг хэм бэ, юу чаддаг вэ гэдгийг харуулах хамгийн том үзүүлэлт. Мэдээж бусдаараа бол тэмцээнд оролцсон охидтой адилхан байх. Оролцогч бүх охид маань гоё сайхан бие хаа, зүс царайтай, бас авьяастай байсан.
-Тэмцээн болохоос өмнө санал асуулгаар Оюунгэрэлийг түрүүлэх магадлал өндөр байгаа тухай ярьж байсан болохоор ямар нэг будилааны тухай яригдах байх?
-Гэхдээ хүн зурган дээр нэг өөр тайзан дээр бас өөр харагддаг. өөрийгөө илэрхийлэх чадвар гэдэг хамгийн гол байх. Тэгэхээр дан ганц санал асуулгаар онооны зөрүү харж ялагчийг тааварлаж болохгүй.
-Чиний гол өрсөлдөгч хэн байв?
-Миний гол өрсөлдөгч би өөрөө байсан. Өөрийнхөө айдсыг ялан дийлнэ гэдэг том амжилт учраас би өөрөө өөрийгөө ялан дийлж чадсан нь өнөөдрийн энэ амжилтанд хүрсэн болов уу гэж бодож байна. Тийм болохоор тэмцээнд оролцоно гэдэг миний хувьд айж сандраад ямар нэг зүйлд санаа зовох асуудал байсангүй. сэтгэл санаа болон бусад бүх талаараа бэлтгэл сайн хангагдсан байсан.
-Miss world Mongolia-д орох саналыг хэн нэгэн тавьсан уу. өөрөө шийдвэр гаргав уу?
-Би анхнаасаа амьдралд байр суурь эзлэхдээ сайн хүн байхыг маш их хүсэж явдаг. Хүмүүсийн сайн сайхны төлөө өөрийн чадах бүхнээ харамгүй зориулж ядарч зовсон хүмүүст амьдрах итгэл хайрлаж бага ч гэсэн бусдын төлөө эерэг энерги зарцуулж амьдардаг хүн байхыг хүсдэг. Тэр бодол мөрөөдлийг маань биелүүлэх боломжийг нээж өгөх тэмцээнийг Miss world Mongolia юм болов уу гэж бодоод оролцож өөрийн зорилгодоо хүрэхээр шийдэн зориглосон. Тэрнээс хэн нзгэн санал болтож би ороогүй.
-Miss world-ын хамгийн том шалгуур болох англи хэлний мэдлэгийн хувьд өөрийгөө хангалттай гэж бодож байна уу. Хэл гэдэг бол хамгийн том шалгуур?
-Мэдээж дан ганц сайхан байгаад миссийн шаардлага хангана гэж юу байхав. Ямар ч хүн оюунлаг байх хэрэгтэй. Миний хувьд багаасаа хэлний боловсролд суралцсан. Ер нь хүн бүр багаасаа боловсролтой болох хэрэгтэй байдаг. Түүн дотор англи хэл заавал багтаж байх шаардлагатай гэж боддог. Манай гэрийнхэн ч багаас маань боловсролын тал дээр хатуу шаардлага тавьж гадаад хэл тэр дундаа англи хэлээр чи чөлөөтэй ярьж эх хэл шигээ эзэмшсэн байх ёстой гэж сургасаар ирсэн.
-Тэмцээний шүүлтийн тал дээр шүүмжлэлтэй хандах хүмүүс байгаа юм шиг ээ?
-Яг юун дээр шүүмжлэлтэй хандаж байгааг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ бусад зохиогдож байгаа миссийн тэмцээнийг бодвол арай өөр аргаар шүүдэг болохоор харин ч олон шат дамжлагаар гарч ирсэн дүн болохоор шүүмжлээд байх зүйлгүй гэж бодож байна. Бүтэн сарын турш хөтөлбөр гаргаж хувь хүнээс ямар л авьяас чадвар гарч байна тэр бүхнийг харж шүүсэн учраас дан ганц финалын дүн шалтгаалахгүй болохоор шүүлтийг бодитой болсон гэж бодож байна.
-Тэмцээнд оролцоход хамгийн үнэтэй зөвлөгч хэн байв?
-Миний өөрийн бодол хэн хүнийхээс илүү үнэ цэнтэй юм шиг санагддаг. Намайг надаас илүү сайн мэдэж илэрхийлж чадахгүй учраас би яавал өөрийгөө үзэгч шүүгчдэд илүү их таниулж илэрхийлэх нь ганцхан надаас шалтгаалах учраас өөр хэн нэгний зааснаар юм уу хэн нэгний арга барилаар өөрийгөө илэрхийлж хэрэггүй гэж бодсон. Тийм болохоор би өөрөө өөртөө багш байсан. Тэрнээс биш надад тусалж дэмжсэн хүмүүс зөндөө байгаа. Гэр бүл, найз нөхөд гээд.
-Хүн өөртөө багш байна гэдэг тийм ч амар зүйл биш. Имгэхэд чи их багаасаа бие дааж эхэлсэн бололтой?
-Уг нь би айлын бага. Айлын бага гэхээр ихэнх хүмүүс эрх танхил байдаг мэтээр боддог. Тийм ч байдаг. Харин миний хувьд бол нэг их эрх танхи байгаагүй. Хүмүүжлээс их шалтгаалдаг байх гэж боддог. Манай ээж том багагүй эртнээс бие даах ёстой гэж хэлж сургадаг байсан. Бага байхад маань ямар ч зүйлийг бага багаар зааж өгөн үүнээс хойш энэ бүхнийг бие дааж хийнэ шүү гэж сургадаг байсан. Тэр бүхэн надад их тус болдог.
-Чи их өндөр юм аа. Танай аав ээжийн чинь удам нуруулаг хүмүүс үү?
-Манай аавын талд өндөр хүмүүс байдаг. Аавынхаа талыг дуурайгаад өндөр болсон байх. Загвар өмсөгч болсон маань ч гэсэн өндөр нуруутай холбоотой.
-Анх хэдэн настайдаа загвар өмсөж эхлэв?
-Анх 10 настайдаа топ модель Байгалийн курст явж эхэлсэн, Харамсалтай нь зав чөлөөнөөс шалтгаалаад тууштай явж чадалгүй хэдэн жил завсардчихсан. Харин дөрвөн жилийн өмнөөс Монгол модель агентлагт загвар өмсөх болсон.
-Сүүлийн үед миссийн тэмцээн загварын шоу болж байгаа талаар байнга шүүмжилж байна. Чиний хувьд загвар өмсөх мисс хоёр ялгаатай юу?
-Нэг их ялгаатай зүйл байхгүй байх. Яагаад мисс хүн загвар өмсөж болохгүй гэж. Мисс байлаа гээд загвар өмсөж болохгүй гэсэн дүрэм хаана байна. Загвар өмсөгч хүн мисс болж болохгүй гэж хэн хэлж байгаа юм. Ухаантай авьяас чадвартай байвал загвар өмсөөд явж болдоггүй мисс гэж байхгүй биз дээ. Харин ч тайзан дээр олны өмнө алхаа гишгээ гээд загвар өмсөгч хүн мисс болоход энгийн хүнээс давуу талаар илүү байж ч болох юм.
-Чамайг Desoft студийн захиралтай дотно холбоотой болохоор үндэсний ялагч болсом гэх яриа гараад байгаа. Энэ тал дээр чиний өгөх хариулт?
-Энэ бол ямар ч уралдаан тамцээнүүдийн дараа гарч байдаг янз бүрийн сайн муу яриануудын нэг гэж ойлгож байна. Дээрээс нь батлагдаж нотлогдоогүй хардлага сэрдэлтийн чанартай мэдээлэлд ард иргэд маань итгэхээ болиод удаж байгаа гэдгийг яриа гаргасан хүмүүс мздээгүй юм байх даа. Шүүлтийн хувьд ямар байсныг оролцсон бүх охид мэдзж байгаа болохоор ямар нэг хувийн чанартай ганц хүний шүүж дүгнэх зүйл биш гадгийг мэдэх хүмүүс нь хэлээд өгөх байх. Хамгийн гол нь манай монголчуудын нэг ийм зан байдаг. Ямар ч тэмцээн уралдаан болсны дараа заавал түрүүлсэн хүний мууг үзэх гэж янз бүрийн замаар сэтгэл зүйн дайралт хийдэг. Миний бодлоор хүнийг ид хийж бүтээх урам эоргиор дүүрэн үед нь элдэв худал үгээр гутааж байхын оронд магтаж шагнаж тодрохгүй юм аа гэхэд урмыг хугалах үг битгий хэлж байгаач гэж хэлмээр байна.
Хүмүүс сонин 06.17
Б.Энхмаа