БНАЛАУ-ын ГХЯ-тай Зөвлөлдөх уулзалт хийв
Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр тал улс орныхоо өнөөгийн улс төр, эдийн засгийн байдал болон гадаад бодлогын талаар мэдээлэл хийж, Монгол, Лаосын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх асуудлаар санал бодлоо солилцлоо. Түүнчлэн бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар зөвлөлдөв.
Зөвлөлдөх уулзалтын үеэр Энгийн паспорт бүхий иргэд харилцан визгүй зорчих тухай болон Соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээрийн төслийг солилцож ойрын хугацаанд байгуулахаар ажиллах нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн хоёр ГХЯ-ны хамтын ажиллагааны тухай 2001 онд байгуулсан хамтын ажиллагааны протоколыг шинэчлэн байгуулахаар тохирч, ДТГ-уудын эзэмшиж буй газар, байрыг харилцан түрээсийн төлбөрөөс чөлөөлөх Хэлэлцээр байгуулахаар ажиллахыг холбогдох байгуулагуудад үүрэг болгов.
Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд Ц.Цолмон уулзалтын үеэр БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд ноён Сумсават Ленгсавадад бараалхав.
Хоёр тал Монгол, Лаосын Гадаад хэргийн яам хооронд ийнхүү анх удаа болж буй зөвлөлдөх уулзалтыг цаашид тогтмолжуулах нь зүйтэй гэж санал нэгтэй үзэв.