Л.Гүндалай Эрүүл мэндийн яамыг намын байр болгож байна
Эрүүл мэндийн яамны газрын дарга нар УИХ-ын дарга болон гишүүдэд өргөх бичиг барьжээ. Уг өргөх бичигт, Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдан УИХ-ын гишүүн Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар томилогдон ирснээс хойш даруй дөрвөн сар гаруй өнгөрлөө. Эрүүл мэндийн яамны удирдлага, мэргэжилтнүүд бид төрийн албан хаагчдын үүргийн дагуу шинэ сайдаа угтан авч хамтран ажиллахаа илэрхийлэн өнөөдрийг хүртэл төрийн албыг алдагдуулахгүй гэж болох чинээгээрээ зүтгэн ажиллаж ирлээ.
Гэвч энэ хугацаанд Л.Гүндалай сайдын буруу, бодлогогүй бөгөөд хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Эрүүл мэндийн яамны хэвийн үйл ажиллагаа алдагдаж эрүүл мэндийн салбарын эрх ашиг хөндөгдөхөд хүрээд байна.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, саяхан батлагдсан Эрүүл мэндийн болон эмийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийг шинэчлэх, салбарын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэн Мянганы хөгжлийн зорилтод хүрэх бодлогын чанартай олон зорилт бидний өмнө тулгарч байгаа боловч өнөө маргаашийг аргалсан, аар саархан асуудлаар шоу хэлбэрийн ажлаар цаг хугацааг аргацаахаас хэтрэхгүй байна. Энэ хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн болон урьдчилан сэргийлэх талаар тодорхой бодитой нэг ч асуудал шийдээгүй бөгөөд сайд Л.Гүндалай аливаа асуудалд мэргэжилтнүүдийн мэдлэг, мэдээлэл, арга зүйн зөвлөмж туслалцааг үл хайхран зөвхөн тойрон хүрээлэгчдийн хүрээнд хувийн үзэл бодол, ашиг сонирхлын үүднээс хандаж ирснийг танилцуулъя.
Сайд Л.Гүндалай улсын төсвийн хөрөнгийг төлөвлөсөн арга хэмжээнд бус харин өөрийгөө сурталчилсан популист шинж чанартай компанит шоу арга хэмжээнд зарцуулахыг шаардахаас гадна олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилтыг ч мөн өөрт ашигтайгаар ашиглах гэж санаархаж байна. Энэ нь бидэнтэй хамтран ажилладаг түншлэгч олон улсын байгууллагуудын дунд эргэлзээ төрүүлж эхэлсэн төдийгүй түүний төрийн сайдад баймгүй болчимгүй үйлдлүүдээс болж хандивлагч байгууллагуудын дунд салбарын нэр хүнд унах улмаар цаашдын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
Сайд Л.Гүндалай ЭМЯ-нд бүтцийн өөрчлөлт хийх нэрийдлээр төрийн албан хаагчдыг ажлаас халж гол төлөв өөрийн намын гэх төрд ажиллаж үзээгүй хүмүүсийг дур мэдэн ажилд авч төрийн яамыг намын байр болгож байна. Сайд Гүндалай өөрийн хүрээг өргөжүүлэн бэхжүүлэх зорилгоор харъяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудыг хууль зөрчин халж нутгийн, намын, найз гэх мэт өөрийн тойрон хүрээлэгчдийг томилж байгаа бөгөөд цаашид энэ албан тушаалын наймаагаа хэдий хүртэл үргэлжлүүлэх нь тодорхой бус байна.
Сайд Л.Гүндалайн албан тушаалаа урвуулан салбарын хөрөнгө оруулалтаар барилга угсралтын болон тоног төхөөрөмж худалдан авах тендерийн үйл ажиллагааг өөрт ашигтай болгох зорилгоор тендерийн хорооны ажилд зүй бусаар шахалт үзүүлэх, нэг компанийг шалгаруулах гэж дарамтлах, хараах зүхэх явдал хэрээс хэтэрлээ.
Энэ байдлаар цаашид төрийн сайдын албыг хувийн болон намын эрх ашигт нийцүүлэн ашиглах явдал үргэлжлэх бол манай салбар бүрэн уналтад орох бөгөөд энэ тохиолдолд хүн амын эрүүл мэндийн байдал хүндрэх аюул тулгарна. Эрүүл мэндийн салбарт бодлогын төвшинд гаргасан аливаа алдааг ард түмэн эрүүл мэндээрээ хохирч төлдөг жамтай. Иймд эрүүл мэндийн салбарт олон жил ажиллаж ирсэн, төрд тангаргаа өргөсөн төрийн албан хаагчид бид эрүүл мэндийн салбарын эрх ашгийг бодож та бүхэнд хандаж төрийн сайдын албыг хаших чадваргүй, ёс зүйгүй, хариуцлагагүй гишүүнээ эргүүлэн татаж эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд тодорхой шийдвэр гаргана уу гэж хүсч байна.
Хэдийгээр бид сайд Л.Гүндалайн тухай энд өгүүлж байгаа боловч бидний хүсэл бол эрүүл мэндийн салбарыг аливаа улстөрөөс ангид байлгах явдал юм. Монголын ард түмний эрүүл мэнд улс төрчдийн тэмцлийн талбар байх ёсгүй
Эрүүл мэндийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.АЛТАНТУЯА
Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.ЧИМЭДДАГВА
Эмнэлгийн тусламжийн удирдлагын газрын дарга Ш.ЖАРГАЛСАЙХАН
Мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга О.СЭМЭР
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга асан Т.БОЛОРМАА