Ерөнхийлөгчийн бөөрөнхий хориг асуулт үүсгэж, МАХН-ыг Ц. Түмэнгэрэлээр төлөөлүүлж эхэллээ
Ерөнхийлөгч хачирхалтай хоригтоо нэмэлт тайлбар хийх үүргийг зөвлөхүүддээ үлдээгээд Шанхайг зорив. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцож, үг хэлсэн Ерөнхийлөгчийн маань Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай тогтоолд ямар утгатай хориг тавьсан нь тодорхой бус. Хүүхдийн мөнгийг нэмэх гээд байна уу, аль эсвэл хүүхдийн мөнгийг өдрийн хоол хэлбэрээр олгохыг зорив уу. Энэ тухай учрыг лавласан сэтгүүлчид Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс хариулт авах эрлээр өнгөрсөн долоо хоног эхлэв. Yүний дүнд Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг нэмэх хэрэгтэй гэж бодож байгаа юм байна гэдгийг азаар мэдэж авав. Ийнхүү зөвлөхүүд Ерөнхийлөгчөө орлож байх зуур Н.Энхбаяр Хятад, Казахстан, Киргизстан, Орос, Тажикстан, Узбекстан улсуудын хамтарч байгуулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд үг хэллээ. Пасстан, Иран, Энэтхэг гэсэн улстай ажиглагчийн эрх үүргийг хамтдаа эдэлсэн Ерөнхийлөгч энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай ямар шивнээ хийх бол гэж манайхан ажиглаж суугаа. Учир нь энэ үеэр Таван толгойн нүүрсний ордыг оросууд эзэмших сонирхолтой байгаа талаар Ерөнхийлөгчөөрөө дамжуулж магадгүй гэдэг мэдээ интернетээр цацагдсан юм. Иймд энэ уулзалт монголчуудад шинэ мэдээ дуулгахыг үгүйсгэх аргагүй.
Харин дараагийн үйл явдал нь УИХ-ын чуулганы танхимд боллоо. УИХ-ын гишүүд Татварын багц хуульд хийх багц шинэчлэлийн хүрээнд Хүн амын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг соёрхон батлав. Хэн их ажил хийснийх нь халаасыг төр илүү ихээр дээрэмдэж авдаг байсан тогтолцоог халсан нь яах аргагүй чухал үйл явдал. Цаашид хүн бүрийн цалингаас ижил тэгш 10 хувийн татвар хураана. Харамсалтай нь энэхүү баярт мэдээ удаан үргэжилсэнгүй. Цалингаасаа 20, 30 биш 10 хувийн татвар хураалгаж байхаар болсон иргэдийн сэтгэлийг аймшигт аллагын тухай мэдээ харлуулав.
УИХ-ын пүрэв гаригийн чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн журам батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үед тус хорооны дарга Д.Бадраагийн суудал хоосон байлаа. Эрх үүргээрээ Монголбанктай энэ зэрэгцэхүйц байгууллагын анхны шанг татаж, хадгаламж зээлийн хоршооны эздийн зүрхэнд шар ус хуруулаад байсан Монголын шилдэг залуусын нэг нь тэр агшинд амьсгал хурааж байсан нь энэ аж. Өнгөрсөн оны сүүлчээр ажлаа авч, Боловсон хүчний асуудал дээр их анхаарна. Зүгээр нэг хүнийг энэ байгууллагад ажиллуулахгүй. Би том шалгуур тавьж багаа бүрдүүлнэ хэмээн анхныхаа ярилцлагад зориг төгөлдөр ярьж байсан тэр залуу өнөөдөр бидний дунд алга. Монголын төр үүрэг хүлээлгэж чадсан шигээ, өмгөөлөн хамгаалж, амь насанд нь баталгаа гаргаж чаддаггүй гэдгээ энэ удаа харууллаа. Харамсалтайгаар амь насаа алдсан түүний ард мөнгөний эрхшээлд захирагдсан бас нэг залуу мөрдөнгийн өрөөнд сууж байгаа. Ийм үед тэр ганцаараа хэргийг хүлээгээд гарах уу, аль эсвэл жинхэнэ үнэн тодрох болов уу гэсэн хоёр асуулт гарах аж. Улмаар МАХН-ын шилдэг, залуу боловсон хүчний нэг болох Ц.Түмэнгэрэлээр ах намыг төлөөлөн бодох олны туйлшрал дэвэрч эхэллээ. МАХН бол алуурчин, МАХН шилдэг залуугийн амиар золиос хийлээ гээд л…Улс төр ингэж хөвөрдөг аж.
Ийм нэгэн эмгэнэлийн дэргэд Л.Гүндалайгийн дагуулж явсан 60 настай өвөө амь насаа алдлаа гэсэн мэдээ хэвлэлийн талбайг бөглөлөө. Бороо гоулд-ын зүг хөдөлсөн 120 гаруй эсэргүүцэгчдийн дунд 60 настай өвөөд зай байгаагүй гэдэг. Учир нь Л.Гүндалай сайд Сүхбаатарын талбайгаас ахмад настнуудыг буулгаж, гэртээ харихыг зөвлөсөн. Харин мөнөөх өвөө хотын төвөөс зайдуу явахад нь хөлсний машинаар хөөж очиж суусан байна. Өөрийнхөө зөв гэж бодсон итгэл үнэмшлийнхээ төлөө тэрээр амь насаа алдлаа. Yүнийг хоёр тал Чиний буруу, та нарын буруу хэмээн эсэргүүцэж, хэн нэгнийгээ хэрэгт унагахын төлөө улайрч байна. Бороо гоулд-бороохойгоор нүдүүлсэн Бороо гоулд-ын удирдлага түүний амь насыг төлөх үү.
Дээрх эмгэнэлүүдээс үүдэн Засгийн газар бүхэл өдрийн турш хуралдав. Гэвч хуралдаанаас ямар дүгнэлт гарч, Засгийн газар юу хийх гээд байгаа нь тодорхой бус байна. Бүтэн өдрийн хуралдааны эцэст хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд Хадгаламж зээлийн хоршоо болон уул уурхайн салбарын тухай мэдээлэлд болгоомжтой, хянуур хандаж бай гэдэг үүрэг өгев. Ингэж мэдэгдэхдээ Засгийн газрын гишүүд шил шилээ дарсан эмгэнэлт үйл явдал хэвлэлийнхнээс биш харин өерсдөөс нь болж гарч буйг хүлээн зөвшөерсөнгүй. Өмнөх өдөр нь болсон Засгийн газрын хуралдааны нууц задарч, Засгийн газрын гишүүн нь танхимынхаа бодлогоос зөрж гөжүүдэлснийг хүлээн зөвшөөрөхөөс айсан байж болох юм. Ямар ч байсан Монголын төр сул дорой, бас итгэж болох баг команд бүрдээгүй байна гэдгийг олон түмэн олж харлаа.
Монголын нэг долоо хоногийн тэмдэглэл ингэж өнгөрч байхад дэлхийн зах зээлд алт зэсний үнэ тооцоолж байснаас хурдан уналаа. Алтны үнэ 50 гаруй ам.доллараар буурч, зэсийн үнэ 1500 орчмоор унав. Гэнэтийн ашгийн татвараар популист амлалтаа биелүүлэхийг хүссэн гишүүд их удалгүй мөнгөгүйдэж мэдэх нь. Өдөр бүр нэг тэрбум ам.долларын ашиг олох тооцоотой Монголын төсөв ачааллаа дийлэх болов уу. Энэ мэтээрээ дэлхийн зах зээлд алт, зэсийн үнэ буураад байвал Монголын ирээдүй бүүдгэр болж магадгүй л юм. Монголын өдөр хоногийн өнгэ төрх нэг иймэрхүү.
Ардын эрх сонин 118 /396/
Г.Отгонжаргал