Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил ирэх сарын нэгэнд дуусна
Энэ жилийн баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 3,16 дугаар секцийг дээвэрлэхээр шийдвэрлэсэн. Баяр наадмыг зохион байгуулах комиссынхныг очиход нэг дээврийг нь барьж дуусгаад байсан аж. Түүнчлэн төв асар, түүний хоёр талд байрлах секцүүдийн дээврийн засварын ажил дуусах шатандаа ороод байгаа гэнэ. Мөн засварын хэсэг үзэгчдийн сандлыг будаж дуусгасан бөгөөд одоо Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон сурталчилгааны самбарыг цэгцлэн шинэчлэх ажил үлдээд байгаа ажээ. Улсын их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга нар ирэх сарын нэгний өдөр ашиглалтад хүлээн авах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил хэвийн явагдаж байна гэж дүгнэжээ. Тэд өнөөдөр Хүй долоон худаг дахь морь барианы газрын тохижилтын үйл ажиллагаатай танилцах юм байна. Хүй долоон худагт нэмж худаг гаргах, орчин үеийн бие засах газар байгуулах, морь барианы газарт үзэгчдийн сандал байрлуулах зэрэг ажлыг хийж байгаа аж.
2006.06.20 Монголын мэдээ