Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Ш.Сүхбаатар 38 мөрдөн байцаагчтай тусгай тасаг байгууллаа

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан, Хууль зүй дотоод хэргийн сайдаар ахлуулсан Хадгаламж зээлийн хоршоодтой холбогдох хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, шалгаж шийдвэрлэх ажлын хэсгийн хуралдаан өчигдөр болов. Уг ажлын хэсэг дотроо мөрдөн байцаалт хариуцсан, хяналт, шалгалтын, олон нийттэй харилцах болон дүн шинжилгээ, лавлагаа мэдээллийн дэд хэсгүүдтэй байх юм байна. Зөвхөн мөрдөн байцаалт хариуцсан хэсэгт гэхэд 40-50 ажилтны орон тоо бүхий тасаг шинээр ажиллуулахаар Ерөнхий сайд чиглэл егчээ. Энэ талаар Олон нийттэй харилцах хэсгийн ахлагч, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Ш.Сүхбаатараас тодрууллаа.

-Шинээр байгуулагдсан ажлын хэсэг хэдийнээс ажлаа эхэлж байна. Зөвхөн мөрдөн байцаалтад 40-50 мөрдөн байцаагч ажиллуулна гэсэн. Эдгээр мэргэжлиин хүмүүсииг хаанаас олох вэ?


-Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал гарч эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх тасгийг шинээр байгуулахаар болсон. Энд аймаг дүүргийн шилдэг мөрдөн байцаагчдаас бүрдсэн 38 мөрдөн баицаагч болон бусад ажилтнууд гээд нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй хэсэг ажиллах юм. Монголд 860 гаруй хадгаламж зээлийн хоршоо байдгаас одоо 16 хэргийг шалгаж байгаа, дөрөв нь прокурорт шилжсэн. Нийт хохирогч гэхэд 8000 хүн байгаа болохоор ийм хүчээр ажиллахаас өөр аргагүй. Нэг байцаагч нэг хадгаламж зээлийн хоршоог хариуцлаа гэхэд 2-3 мянган хүнтэй уулзаж ярилцаж, мэдүүлэг авах болж байгаа юм.

-Хадгаламж зээлийн хоршоодын хэргийг шалгаад дууссаны дараа энэ тасаг яах вэ, татан буугдах уу?


-Цаашид ихээхэн хүчээр шалгахаар ийм төрлийн хэрэг гарч болохыг үгүйсгэх аргагүй юм л даа. Маш олон хүн хохироогоод байгаа хадгаламж зээлийн хоршоодын асуудлыг яаралтай шалгаж шийдвэрлэх хэрэгтэй. Зээлийг тогтоох, хохирлыг тооцох, хөрөнгийг тогтоох, илрүүлэх, хамгаалах арга хэмжээ авах гээд олон ажлууд байгаа л даа. Дашрамд хэлэхэд маш их хэмжээний хохиролтой, олон хүн хамарсан энэ хэргийг аль болох нээлттэй, ил тод шийдэх болно. Ажлын хэсэг ажлаа 14 хоног тутамд Засгийн газарт мэдээлэл хийнэ. Өдөр болгон мэдээллийг нэгтгэн хэвлэл мэдээллийнхэнд өгч байх болно. Түүнээс гадна энэ хэргийн талаар мэдээлэл авах хүний эрхийн болоод төрийн бус байгууллагуудад манай үйл ажиллагаа нээлттэй гэж хэлмээр байна.

Ардын эрх сонин 120 /399/

А.Туяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button