Гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүссэнээрээ тайлбарлав

Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Намхайжанцан, нийгмийн бодлогын зөвлөх Д.Лхагва нар хориг тавьсан шалтгааныг тайлбарласан ч Байнгын хорооны гишүүд ойлгохыг хүссэнгүй бололтой, өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаад хоригийг унагаж орхив.

Уг нь Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг нэмэх, тэгэхдээ бэлэн бус хэлбэрээр үдийн цай өгөх замаар нэмэх нь зүйтэй гэж үзэж хориг тавьсан юм. Ингэж үдийн цай олгох хэлбэрээр нэмэгдүүлснээр хүүхдийн мөнгийг 7500 төгрөг болгох бололцоотой гэж тооцоолжээ. Энэ тооцоог хийхдээ хичээлийн жилээр буюу 180 хоногоор хийсэн юм байна. 1-11 дүгээр ангийн хүүхдэд үдийн цай олгоход жилд 29 тэрбум төгрөг шаардлагатай. Харин Сангийн яамныхан хэрвээ ингэж үдийн цай олгож эхэлбэл үе шаттайгаар буюу эхний ээлжинд 1-4 дүгээр ангийнханд олгох хэрэгтэй гэсэн саналтай байгаа ажээ. Ингэвэл жилд 7,5 тэрбум төгрөг шаардагдах юм байна. Ингэж хүүхдүүд сар бүр бэлэн 3000 төгрөг, бэлэн бусаар 4500 төгрөг авах бломжтой болсон ч гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Харин ч бүр бэлнээр олгох гурван мянган төгрөгийг багасгах саналыг ч мэр сэр дурдав. Тухайлбал, Ц.Нямдорж гишүүн, Ерөнхийлөгчийн хориг УИХ-ын тогтоолтой хамаагүй асуудал байна. Ерөнхийлөгчийн хориг дотор хүүхдийн гурван мянгаас 2500 төгрөгийг нь бэлнээр, 500-г нь үдийн цай хэлбэрээр өгнө гэсэн юм байвал тогтоолтой холбож болох юм гээд хоригийг хүлээж авах боломжгүй гэлээ. Ц.Сүхбаатар гишүүн ч мөн түүнтэй адил саналтай байв. Гэхдээ хөрөнгийн эх үүсвэр байхгүй байхад Ерөнхийлөгч тулгасан мэт ийм хориг оруулж ирлээ гэж шүүмжлэв. Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал төсвийн тодотгол задарна шүү хэмээн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдэд тэрээр мөн сануулсан юм. Харин Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Намхайжанцан гадаад эх үүсвэрээс мөнгө олох боломжтой хэмээв.
З.Энхболд, Ц.Жаргал нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. З.Энхболд гишүүн, Ерөнхийлөгчийн хоригийг би нэг янзаар Ц.Сүхбаатар гишүүн нэг янзаар ойлгоод байх шиг байна. Би гурван мянган төгрөг нэмэх гэж Ерөнхийлөгч хориг тавьсан гэж ойлгосон чинь Ц.Сүхбаатар гишүүн гурван мянга дотроо хоолны мөнгийг шингээе гэсэн гэж тайлбарлалаа. Аль нь зөв бэ гэж мөн асуулаа. Д.Лхагва зөвлөх Ерөнхийлөгч гурван мянгыг нэмэх, тэгэхдээ бэлэн бус хэлбэрээр олгох саналтай байгааг гишүүдэд дахин тайлбарлалаа. Ингээд санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний тав нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж, зургаа нь татгалзав. Ингэснээр Байнгын хорооны хуралдаанаас хоригийг хүлээж авах эсэх дээр ямар нэгэн шийдэл гарсангүй. Учир нь Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хороо болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66,6 хувь нь дэмжиж, эсвэл эсрэг санал өгснөөр хүчинтэй болдог.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button