Гэр хорооллын барилгажилт хадгаламж зээлийн хоршооны гишүүд хоршоогоо дампуураагүй гэлээ
Гэр хорооллын барилгажилт хадгаламж зээлийн хоршооны хадгаламж эзэмшигчдийн төлөөлөл болох Хяналтын зөвлөлийн гишүүд өчигдөр Монгол ньюс-д мэдээлэл хийв. Хоршоо нь 2100 гишүүнтэй бөгөөд эрх ашгаа хамгаалахаар Хяналтын зөвлөлийг байгуулжээ. Тэд хоршоогоо дампуурсан гэж үзэхгүй байгаа төдийгүй цаашид үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжтой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ тухай нь тус хоршооны гишүүн Г.Нансалмаагаас дараах асуултад хариулт авлаа
-Хадгаламж эзэмшигч 2100 хүн тань бүгд хоршооны үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжтой гэж үзэж байгаа хэрэг үү?
-Бүгд ч арай биш л дээ. Тодорхой тооны хүмүүс ирэхгүй байна. Гэхдээ олонхи нь бидний адил бодолтой байгаа.
-Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн шалгалтаар Гэр хорооллын барилгажилт хадгаламж зээлийн хоршоо цаашид ажиллах боломжгүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Yүнтэй холбоотойгоор хоршооны дарга Ц.Түмэнгэрэл нь бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн юм биш үү?
-Тэр үйлдлийг чухам ямар шалтгаантай хийснийг хэлж мэдэхгүй. Yүнийг хууль хяналтын байгууллага тогтооно. Харин бид хоршоо цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэдгийг л хэлэх байна.
-Яаж явуулах гээд байгаа юм бэ. Бараг 1000 хүн хадгаламжаа татсан гэж байсан. Дээр нь эзэн нь жигшүүрт хэрэг хийсэн байхад итгэх хүн байх юм уу. Тэгээд ч хадгаламж зээлийн хоршоодод хүмүүс итгэл алдарч байна?
-Хоршоо олон үйл ажиллагаатай. Гэр хорооллын барилгажилт хадгаламж зээлийн хоршоо зөвхөн нэг салбар нь. үүнээс гадна 35 обьект бий. Тухайлбал, Россия ресторан, Алтаргана хэвлэлийн бирж, Аялал жуулчлалын бааз гээд. Тэднийдотор өдөр тутам хуримтлал үүсгэж буй 7-8 компани байгаа. Тэр бүгдэд бид хяналт тавьсан. Yндсэндээ 30 гаруй төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй. үйл ажиллагааг нь дэмжээд явуулах юм бол сайн сайн бизнесменүүд удирдаж байгаа болохоор хадгалуулсан мөнгөө хүүтэй нь олоод авах боломжтой байгаа юм.
-Түүний оронд үл хөдлөх хөрөнгийг зарлаад хохирлоо барагдуулвал яасан юм бэ. Зовлон багатай юм биш үү?
-Бид үүнийг зөв шийдэл гэж үзэхгүй байна.
-Хоршоо мөнгөтэй юу?
-Тавдугаар сараас нийгэмд хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой таагүй мэдээлэл гарах болсноос хадгаламж эзэмшигчид мөнгөө татсан. Yүнтэй холбоотойгоор мөнгөний хомсдолд орсон. Гэхдээ үүнийг давах боломж бий. Бид тусгай стратеги төлөвлөгөө боловсруулсан.
-Ингэхэд үл хөдлөх хөронгийн гэрчилгээг банкинд барьцаа болгоод тавьчихсан юм биш биз?
-Бид үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраар шалгуулж байгаа. Одоогоор барьцаанд тавьсан гэсэн мэдээг ирүүлээгүй.
-Та нар өмгөөлөгч авсан уу?
Бид өмгөөлөгчийн шаардлага одоогоор байхгүй гэж үзээд аваагүй.
-Хоршооны удирдлагууд чинь яагаад ирээгүй юм бэ? Та нарын санааг дэмжиж байна уу?
Хоршооны удирдлагууд бидний үйл ажиллагааг дэмжин хүссэн мэдээллийг гаргаж өгч байгаа. Боломжоороо тусалж байна.
Гэр хорооллын барилгажилт хадгаламж зээлийн хоршоо нь 2004 онд үүсгэн байгуулагдсан ба өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хадгаламж зээлийн үйл ажиллагаагаа эхэлсэн юм байна. Энэ хугацаанд иргэдээс нийт 19.8 тэрбум төгрөгийн хадгаламж татан төвлөрүүлсэн гэнэ. Yүнээс 9.2 тэрбум төгрөгийн үндсэн хадгаламж, түүний хүү болох 1.1 тэрбум төгрөгийг гэрээний дагуу хадгаламж эзэмшигчиддээ буцаан олгосон. Мөн өнгөрсөн тавдугаар сараас хадгаламж зээлийн хоршоод дуу дуугаа аван дампуурч эхэлеэн үеэс хоршооных нь хадгаламж эзэмшигчид гэрээгээ цуцласнаар 3.6 тэрбум төгрөг эзэндээ очсон юм байна.
Хяналтын гишүүдийн тооцоолж буйгаар одоогийн байдлаар 10.6 тэрбум төгрөгийн хадгаламжийг буцаан олгох ёстой бөгөөд тус хоршоонд ойролцоогоор 8.6 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө байгаа аж.
Ардын эрх сонин 120 /399/
Г.Нэргүй