Монголчуудын бүтээх Чингисийн тухай кинонд туслах хүн алга гэж үү

Бид Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг киног өөрийнхөө хэмжээнд бүтээсэн нь бий. Гэхдээ дэлхийн дэвжээ хэрэгтэй. Бас ХХI зууны хаалгыг татаж, түүх, ертөнцийг үзэх үзэл нь ихэд өөрчлөгдсөн өдгөө үед дахин Чингисийг бүтээх шаардлага тулгарав. Манай кино найруулагч И.Нямгаваа, Л.Эрдэнэбулган нар Холливудын од С.Сигал болоод Японы талыг хэдэн жил царайчилсны эцэст тус тусын замыг сонгожээ.

Засгийн газраас японуудад 280 сая төгрөг өгч баярхав

И.Нямгаваа японуудтай хамтран бүтээх Чингис-т гавьяат жүжигчин Д.Сосорбарамыг гол дүрд тоглуулна, бусад туслах дүрд ч монгол жүжигчид тоглоно хэмээн мэдэгдэж байсан нь талаар болов. Японууд найруулагч И.Нямгавааг Чи бараг хэрэггүй. Монгол жүжигчид бүр ч хэрэггүй. Харин морь мал, газар нутаг чинь хэрэгтэй гэжээ.

Хүчинд автсан И.Нямгаваа зөвшөөрөхөөс өөр яахав. Японы нэгэн хувийн компани ийн томров. Гэтэл уг компанид манай Засгийн газраас Их Монгол-800-д зориулсан эзэн Чингисийг маань бүтээж байгаа тул маш сайн хэрэг гээд 280 сая төгрөг чулуудсан байна. Юун өгөөмөр зан бэ.

Уг нь энэ киног бүтээхээр И.Нямгаваа Япон улсад сууж байсан Элчин сайд Хүрэлбаатар, Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ханада нартай 2001 онд ярьж тохиролцсон хэрэг. Гэтэл Их Монгол-800 ойн босгон дээр хүрч иртэл хамтрагчдаа сонгочихсон, санаагаа урвуулчихсан байх юм. Хэргийн учир нь, Японы талаас кино бүтээх хангалттай хөрөнгө гаргаж чадаагүйн улмаас Японы кино ертөнцөд нэр хүндтэй ноён Кодокава гэгчид ханджээ. Тэгэхдээ Их Монгол-800-д зориулж буй кино учраас Монгол, Японы жүжигчдийг эн тэнцүү оролцуулан дүрийг хуваарилах, 2001 оноос хойш киноны бэлтгэл ажлыг хангахад хүч хөрөнгөө зориулсан компани, хүмүүсийн бүтээл, идэвхийг үнэлэх гэсэн нөхцөл тавьжээ.
Харин эрхэм Кодокавагийн амнаас үг үл унав. Гэнэт өнгөрсөн хоёрдугаар сард ирж найруулагч И.Нямгаваатай цуг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаад кино хийх гэж байгаагаа сонсгожээ. Мөн жүжигчин Д.Сосорбарамыг тоглуулахгүй гэдгийг дуулган олон монголчуудын голыг гонсойлгов.

Yүгээр зогсохгүй Нобелийн шагналт И.Ясушигийн зохиолоор бүтээх байснаа болиод М.Сечи гэгчийн бүтээлээр хийх болжээ. Монголчуудыг үл ойшоон, 30 сая долларын хөрөнгө оруулж буйгаараа дулдуйдан, Чингисийн нэрээр бизнес хийх гэж байгаа дээрх эрхэмд манай Засгийн газар 280 сая төгрөг өгсөн нь өөрсдийгөө доромжилсон хэрэг болов.

Yүнийг уг киноны нарийн бичгийн дарга Н.Тацуко хатагтай ч өгүүлж сууна. Тэрээр ноён Кодокава уг киног монголчуудын их ойд зориулан бүтээж байгаа кино гэж үзэхгүй, өөрийн бизнес хэмээн зарласан. Монгол жүжигчин ч тоглуулсангүй. Yүнийг мэдсээр байж Монголын төр, засгаас их мөнгийг зүгээр өгч, бас морь мал, зургийн талбай гаргаж байгаад гайхжээ.

Эцэст нь, монголчуудын сэтгэлд нийцсэн, дэлхийд Чингисийг зөвөөр таниулсан кино болоосой гэж залбирахаас өөр яахав дээ хэмээн харамссан байна.

Л.Эрдэнэбулган Их хааны тухай бие даан кино хийх чадал бидэнд бий

Харийн хүн бидний өмнөөс ингэж халаглаж байхад биднийг дорд үзсэн нэг компанийн япон эрд зүгээр мөнгө чулуудчихдаг төр, засгийг юу гэмээр юм бэ дээ.

Yүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Су.Батболд нарын хүмүүс гардан гүйцэтгэсэн сурагтай. Ийм атлаа анхны Чингис хаан дуурийг найруулж, Өэлүн эх дуурийг бүтээж байгаа найруулагч Л.Эрдэнэбулган нарын уран бүтээлчээ нүд үзүүрлэж, нэг ч төгрөг үл хялайлгав. Түүний бүтээх Монголын Чингис бол чухамхүү монголчууддаа л зориулагдах, дэлхийд монгол нэр төрийг жинхэнээр өргөх хэрэг. Гол дүрд нь Жамухын дүрийг амжилттай бүтээсэн төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар тоглох болжээ. Уг киног бүтээхэд нэг тэрбум төгрөг шаардлагатайгаас олон түмний хандив буянаар дөрөвний нэг нь цуглажээ. Овоо доо.

Дээрх хэрэг явдлын талаар найруулагч Л.Эрдэнэбулган Бид алийн болгон харийнхныг царайчлах вэ. Ядуу зүдүү байх, гуйлга гуйхын гутамшгийг энэ хэдэн жилд биеэр мэдэрлээ. Их хааны тухай кино бүтээх чадал бидэнд өөрсдөд маань байхгүй гэж үү гэж бодоод С.Жаргалсайханы зохиолоор Тэмүжин үхэж үл болно кино бүтээхээр зориглолоо. Гадаадынхан хөрөнгө мөнгөөр тусалж байгаа. Өвөрмонголчууд хувцас хунар, техник хэрэгслээ хямд үнээр өгөх болсон. Буриадууд ч мөн адил. Би манай Засгийн газар японуудад 280 сая төгрөг өгөх болсон шийдвэрийг сонсоод үнэхээр цочролд оров. 30 сая доллараар хийж байгаа кинонд бид нэмж өгөх нь юу гэсэн үг вэ. Yнэхээр дургүй хүрч байна. Гаднын бизнест бид тусалж суух, өөрсдийгөө дорд үзэх. Ийм үзлээр амьсгалбал Монгол Улс хөгжинө, эв эе гэж ярих хэрэг алга. Японууд 280 сая төгрөгийг гуйгаагүй л байх. Манайхны хөөрцөглөл. Yүнд зэвүүгийн гижиг хүрч байна хэмээв.

Yнэхээр зэвүүгийн гижиг хүрмээр байгаа биз. Ямартай ч японуудаас сайн Чингис төрүүлээрэй гэж хүсэх үлдэж. Харин Монгол Чингисээ оройтоогүй дээрээ өргөе, босгоё. Монгол хүний сэтгэл цугласан, Монгол төрхтэй Чингис их ойн хань, бараа, мөр болог.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button