Сэтгэл+Инээмсэглэл=Yйлчилгээ

Нэгээс тавдугаар давхар хүртэлх айлууд дундаа нэг усны тоолууртай. Тоолуурт бичигдсэн мөнгийг манай таван айл эн тэнцүү хувааж төлдөг билээ. Усаа хэмнэж, бага зарцуулах тусам манайд ашиггүй. Ингэхийн хэрээр айлын хэрэглэсэн усны мөнгөнөөс л төлөлцөх хэрэг гарна шүү дээ. Тийм болохоор тоолууртай боллоо гээд усаа хэмнэх сэтгэлгээ манай таван айлын хэнийх нь ч толгойд орж ирэлгүй хэдэн жил боллоо.
Эдийн засагчдын онолоор бол хүний хэрэгцээ хязгааргүй. Харин нөөц хязгаартай. Аймшигтай томъёо байгаа биз.
Нэг монгол хүн шүдээ угаах гэж есөн литр ус гоожуулдаг бол япон хүн нэг шилэн аяга ус зарцуулдаг. Монголчуудыг ийм болгох гэж эдийн засгийн хөшүүрэг хэрэглэн төлбөрийн тоолуур ажиллуулаад ч нэмэргүй нь ээ.

Бид яагаад ийм болчихсон юм бол. Юунд ч сэтгэлгүй, чухамдаа амьгүй ханддаг энэ зан чанар л монгол маягийн үйлчилгээний хүнээсээ хөндий дүр төрхийг үндэс мэт тэжээн тэтгэдэг.
Санаа тавих, сэтгэл гаргах гэдэг салгахын аргагүй эд эс үйлчилгээний өнгө төрх болдог ч…
Сайн үйлчилгээ гэдэг сайхан сэтгэлийг л хэлдэг гэдэг. Сайхан сэтгэгдэл төрүүлэх замаар баяр, баяр баясгалан өгөх нь үйлчил­гээний философи. Гэтэл бид бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, баяр баясгалан авчрах аливаа зүйлийг сэтгэлээрээ биш албадлага, зохион байгуулалтаар хийгээд сурчихсанаас болоод өнөөдөр бусдад сэтгэл гаргахаасаа ичдэг болчихсон аж. Энэ байдал л үйлчилгээг амьгүй, инээмсэглэлгүй болгож орхисон мэт.
Хот орчноо цэвэрлэх, ургахгүй ч гэсэн мод бут суулгах, өвс ногоо тарих, хадлан будаа хураах, өвөлжөө, хаваржаа барих, ус худаг гаргах, малчдад лаа, шүдэнз, нэмнээ илгээх гээд бүхий л сайн санаа, тусламжийг бид өмнөх нийгмийн үеэс л эхлээд төрийн хүчтэй ухуулгын дор албадлага, зохион байгуулалттай хийгээд заншчихжээ.

Сайн дурын гэх үйлсийг ийнхүү албадлагын, нийтийн болгоод ойлгочихсон учраас бусдад өгөөмөр хандах гэдэг сайн чанар нь аажмаар устаж, мөнөөх албад­лага, зохион байгуулалтаа үгүйлдэг тийм л хүмүүс бараг үе дамжин бий болсон байна.
Хэр баргийн ресторан, кафед хэлүүлэхээс нааш зөөгчид нь ширээ арчаад өгөхгүй, гадуур хувцсыг тань тосч аваад өлгөхгүй. Тооцоо хийх гээд сандарч байхдаа унагасан зүйлийг тань сандал дороос олоод өгөхгүй. Санамсаргүй хувцсан дээрээ хоол дусаачихлаа гэхэд давс дөхүүлж мэдэхгүй…
Уг нь бусдад сэтгэл гаргах, санаа тавих гэдэг салгаж ойлгохийн аргагүй эд эсүүдээс л үйлчилгээний салбарын өнгө төрх, мөн чанар бүрддэг шүү дээ.
Төлсөн мөнгөнийхөө хариуд хоол идэж, худалдаа хийж, таксигаар зорчдог. Харин үйлчилгээг худалдан авч дөнгөдөггүй
Эхлээд өөрийгөө бодож, довоо шарлуулаад дараа нь бусад руу хар гэсэн зүй тогтол зах зээлийн зарчимтай зэрэгцээд монголчуудад хатуу үйлчилж эхэлсэн нь үйлчил­гээний салбарыг өмнөх нийгмийн суулгасан дээрх сэтгэлгээнээс ч илүү дордуулж орхисон биз.

Хүний төлөө гэхээсээ илүү өөрийн ашиг хонжоог урьтал болгосон үйлчилгээ энд ид цэцэглэж буй бол борлуулалтын хэмжээт чухалчлах биш үйлчлүүлэгчээ өөрийн
бизнесийн нэг хэсэг болгох увидас баруунд нийтлэг хандлага болоод байх жишээтэй.
Такси тойруухан замаар давхиад, таныг ТYЦ-ийн өмнө таван хором саатахад ч хүлээлгийн тоолуур ажиллуулаад л. Суудлын бүрээс хиртэй, цонх тоостой, тамхины утаатай, түгжээ нь гацаатай байх зэргийг тэд юман чинээ тоохгүй. Хүнд үйлчилж байна гэх ойлголтгүй учраас таны тав тухыг огтхон ч бодохгүй. Харин тоолуур дээр жирэлзэж буй тоонууд л чухал.
Дэлгүүрийн худалдагчид тухайн хувцас худалдан авагчид үнэхээр таарч, зохиж буй эсэх нь чухал биш. 41 размерийн гутлыг 40 өмсдөг хүнд өмсгөл жижигтэй, яг таарна гээд зүтгуулчих санаатай. Томоохон супермаркетууд ч хальсан уутаа үнэлээд зарчихна.

Бүхнийг зоосны нүхээр хэмжсэн, зөвхөн хариу харсан аминч үзэл үйлчилгээний салбарыг ч тойроогүй хэрэг. Yйлчилгээнээс нь сэтгэл мэдрэх, урамших, баярлах шалтгаан олно гэдэг үүлтэй тэнгэр цэлмэхийг хүлээхээс хавьгүй найдваргүй хэрэг билээ.

Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ, Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэж ярьдаг нүүдэлчдийн хариу харьсан зан чанар нь зах зээлийн прагматик сэтгэлгээтэй холилдон сүлэлдсэний үр нөлөөгөөр ердөө солилцоо л хийдэг, харин үйлчилгээ үзүүлдэггүй үйлчилгээний салбарыг бид хөгжүүлж иржээ. Та төлсөн мөнгөнийхээ хариуд хоол идэж, таксигаар зорчиж, бараа бүтээгдэхүун худалдан авдаг хэрэг. Эдгээртэй хамт үйлчилгээ гэдгийг худалдан авч дөнгөдөггүй билээ.
Yйлчлүүлэгчдээ сэтгэл ханамж төрүүлдэггүй үйлчилгээний салбарыг өөрчилж, шинэчлэх оролдлогыг бид сониноороо эхлүүлсэн. Энэ салбар яагаад ийм байгаагийн уг шалтгааныг тал талаас нь хайх гээд үзье. Та ч бас саналаа нэмэрлээрэй.

Ардын эрх сонин 120 /399/

З.Оргил

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button