Нөхөрлөлийн хөгжил анхны наадам

НҮБ-аас зохиосон энэ наадам нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд болсон томоохон ажлын нэг бөгөөд орон нутаг, иргэдийн амьдрал ахуйд тулгамдаж байгаа асуудал, бэрхшээл сорилтуудыг шийдвэрлэх хийгээд даван туулахын тулд өрнөж байгаа шинэлэг санаа, санаачилгыг дэмжих зорилготой байв.

Уг наадамд монгол орны өнцөг булан бүрээс шалгаран ирсэн 40 гаруй бүлэг, нөхөрлөл, 300 гаруй төлөөлөгч уригдан оролцож, өөрсдийн хийсэн олон зуун бүтээлийг олон түмэнд дэлгэн үзүүлж харилцан туршлага солилцсон юм.

Наадмын үеэр мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан нөхөрлөл, бүлгийн хэлэлцүүлэг, урлагийн тоглолт, бүтээл, арга технологийг танилцуулах зэрэг олон нийтийг хамарсан олон төрлийн ажил зохиолоо. Энд болсон чөлөөт ярилцлага хэлэлцүүлэг нь үндэсний болон орон нутгийн хэмжээнд бодлогын чанартай асуудалд иргэдийн дуу хоолой, үзэл бодлыг илэрхийлэх индэр болж чадлаа.

Оролцогчид үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөх, бүс нутгийн болон хөдөөгийн хөгжлийн төлөө илүү ихийг хийх боломж олж авсан байх, бас хийсэн бүтээснээ борлуулах, зах зээлээ ч олж чадсан гэж наадам зохион байгуулагчид ярьж байна.
Энэ наадмын нэг амин сүнс нь нийгмийн суурь үйлчилгээ, байгалийн баялаг, нөөцийн менежмент, тогтвортой амьжиргаа орлогоо нэмэгдүүлэх эх үүсвэрүүд гэх зэрэг сэдвээр бүх салбарыг хамарсан бүтээлийн үзэсгэлэн байв. Баянхонгорын Уран хаш нөхөрлөлийн хийн зуух, Говь-Алтайн Цагаан тэмээ малчны бүлгийн тэмээний ноосон эдлэл, Дархан-Уулын Гялгар уут бүлгийн хаягдал ашиглаж хийсэн бүтээгдэхүүн, Нийслэлийн Баянгол дүүргийн Нарны зуух нөхөрлөлийн нарны эрчим хүч ашиглан хийсэн зуух зэрэг үзэгч түмний анхааралд өртсөн амьдрал ахуйд шууд ашиглаж болох асар олон шинэлэг зүйлийг энэ үзэсгэлэнгээс харж, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэг орон нутагт хөгжил авчирч буйг эндээс мэдэж авав.
Яармагын дэнжид байгуулсан хотхонд болсон энэ наадамд Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд, УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдах хүмүүс зочноор оролцов. Мөн Монгол Улсад айлчилсан Нидерландын вант улсын ирээдүйн хаан, ханхүү Виллем Александр гүнж Максима нар хүндэт зочноор оролцож Монголын хөдөөгийнхний аж амьдрал, санаачилж хийсэн бүтээлтэй танилцсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button